Б.Нуржамила: Эмэгтэй хүүхэд бокс тоглоно гэхээр хүмүүс гайхдаг л юм


Л.Булганчимэг | YOLO.MN
2017-01-20

2017 оны боксын улсын аварга шалгаруулах тэмцээний 48кг-д “Эхлэл бокс” клубийн боксчин Б.Нуржамила хүрэл медаль хүртсэн.

Улсын аваргад анх удаа оролцож байгаа ч түүний хувьд хашир туршлагатай боксчидтой эн тэнцүүхэн тоглож шагналын тавцанд зогссон. 19 настай тэрбээр Батлан хамгаалахын их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан юм.

YOLO: Насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцоод хүрэл медаль авлаа. Гэхдээ шагналын тавцанд зогсохдоо жаахан сэтгэл дундуур байгаа харагдсан?
-Тамирчин хүн ямар ч тэмцээнд хүрэл медалийн төлөө ордоггүй шүү дээ. Улсын аварга болно л гэж ордог. Тиймээс сэтгэл жаахан дундуур байсан минь үнэн.

YOLO: Хагас шигшээд О.Жаргаланд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдсан. Шүүгчдийн шийдвэртэй санал нэг байгаа юу?
-Ер нь бол өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ хоёр шалтгааны улмаас ялагдал хүлээсэн. Эхнийх нь бэлтгэл жаахан дутуу байсан бол хоёрдугаарт жиндээ хүрээгүй. Би залуучуудын ангилалд 48кг-д тулалддаг.

Залуучуудын улсын аваргын алт, мөнгөн медальтай. 2016 онд шилдэг тамирчны шагнал хүртсэн нь надад том урам зориг өгсөн. Улсын аваргад жингээ нэмж чадаагүй учир жаахан бяр дутсан байх. 2016 оны улсын аварга Д.Дэлгэрмөрөнтэй финалдана гэж бодож байлаа. Гэтэл хоёулаа хүрэл авчихлаа. 2020 он хүртэл гурван УАШТ байгаа болохоор санасан зорьсон зүйл бий.

YOLO: 2017 оны улсын аваргаар эмэгтэй боксчин гурван минутаар гурван үе тулалдсан. Энэ өөрчлөлт хэр санагдав?
-Өмнө нь эмэгтэйчүүд хоёр минутаар дөрвөн үе тоглодог байсан. Гэтэл энэ жил эрэгтэй тамирчидтай адил гурван минутаар гурван үе тоглосон. Уг мэдэгдлийг тэмцээнээс долоо хоногийн өмнө бид нарт явуулсан.

Энэ нь тамирчдын амжилтад тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Хоёр минутанд тохируулж бэлтгэл хийсэн хүмүүс нэг минут сунгахаар мэдээж ядарна, сульдана. Нэг минут гэдэг бол урт хугацаа.

YOLO: Таны дасгалжуулагч “Токиогийн олимпод бэлдэж байгаа тамирчин. Бэлтгэл жаахан дутуу байлаа” гэж бас хэлсэн?
-Энэ жилээс олимпийн шинэ цикл эхэлж байгаа. Тамирчин бүр олимпод оролцохын төлөө бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ жил оюутан болоод хичээл ном сургууль, гэр, бэлтгэл гээд жаахан боломж муу байлаа.

Улсын аваргад бэлдээд байрлаад бэлтгэл хийвэл илүү амжилт гаргах боломжтой. Манайд энэ боломж их бага. Зарим нэг клуб байрлаад бэлтгэл хийдэг. Өөрсдийн гэсэн заалтай. Гэтэл бид нар өдөрт нэг удаа бэлтгэл хийгээд улсын аваргад оролцсон.

YOLO: Баян-Өлгий аймгаас бараг анх удаа улсын аваргаас медаль авсан эмэгтэй боксчин нь та байх. Дандаа эрчүүдтэй бэлтгэл хийх хэцүү юу?
-Мэдээж хэцүү. Гэхдээ эрчүүдтэй бэлтгэл хийхээр илүү юм сурна. Бэлтгэлийн хувьд давуу болж чаддаг. Эрэгтэй хүмүүс сэргэлэн, хурдтай, илүү хүчтэй байдаг. Мэдээж эрчүүдтэй бэлтгэл хийгээд хааяа хүчтэй цохиулахаар өвдөнө.Тэр болгонд нь шар хөдлөөд буцаад илүү их бэлтгэл хийдэг.

YOLO: Тэгэхээр шартай байх нь ээ?
-Тамирчин хүнд шар байх хэрэгтэй. Гэхдээ бас зөв ашиглах хэрэгтэй. Хэт шарлахаад урагшаа дайраад байвал нөгөө хүндээ сул талаа мэдэгдүүлэх аюултай.

YOLO: Боксоор хичээллэнэ гэдгээ хэлэхэд гэрийнхэн нь хэр хүлээж авав?
-Багаасаа эршүүд хүүхэд байсан л даа. Хааяа бусдад дээрэлхүүлэх үе гарна. Аав минь анх намайг 13 настайд минь боксын зааланд хүргэж өгсөн. Би бага зэрэг эмзэг хүүхэд байсан. Эхний бэлтгэл дээр шантраад их уйлсан. Тэгээд яваандаа дассан. Ээж минь их дургүйцсэн. Боксоор хичээллээд таван жил өнгөрчихлөө. Гэтэл одоо ч жаахан дурамжхан л байдаг.

Гэхдээ медаль авчихаар тайвширдаг л байх. Манай гэр бүлийнхэн боловсролдоо их анхаардаг, урлагийн авьяастай хүмүүс. Гэнэтхэн л намайг спортын хүн болно гэхэд их гайхсан. Ялангуяа эмэгтэй хүүхэд бокс тоглоно гэхээр шүү дээ /инээв.сур/

YOLO: Анхны бэлтгэл дээр уйлснаас хойш дахиж хэр их шантрав?
-Шантрах үе байдаг л юм. Гэхдээ шантрах бол таван минутынх. Өнөөдөр бэлтгэл дээр эрэгтэй боксчинд цохиулаад л маргааш энэ зааланд ирэхгүй гээд л гараад явах үе бий. Маргааш нь мартаад л “Сайн байна уу багшаа” гээд л инээгээд ороод ирдэг дээ.

YOLO: Олимп, дэлхийн медальтай Монголын эмэгтэй боксчин өнөөдрийг хүртэл төрөөгүй. Бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж энэ түүхийн эзэн болоорой гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе?
-Баярлалаа. Одоохондоо дөрвөн жилийн зорилгоо тодорхойлсон байгаа. Энэ жил чадаагүй ч гэсэн гурван жилийн улсын аварга цолонд заавал хүрнэ. Мэдээж таны хэлснээр Азийн аварга, дэлхийн аварга  цаашлаад Токиогийн рингэнд тулалдахыг хүсч байна.

#box #sport #freetime #teenagers