Монголын томоохон их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл


Элсэлтийн ерөнхий шалгалт болоход цөөн хоног үлдлээ. Төгсөх ангийн сурагчдын хувьд энэ жил ЭЕШ-даа түлхүү бие даан бэлдэх шаардлага гарсан. Хэдийгээр цар тахлаас болж тийм ч удаан хугацаанд багшийн удирдлага дор, ангийнхантайгаа хамт шалгалтдаа бэлдэж чадаагүй ч та бүхнийг дор бүрнээ хичээн суралцсан гэдэгт итгэлтэй байна.

Бид энэхүү нийтлэлээрээ таны цаг завыг хэмнэн Монголын томоохон их сургуулиудын элсэлтийн тухай мэдээллийг багцлан хүргэж байна. 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт босго оноог:

- Төрийн өмчийн их, дээд сургуульд 480,

- Төрийн бус өмчийн их, дээд сургуульд 410,

- Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 байхаар тогтоожээ.

1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.06.10 - Явагдаж байгаа

Элсэх эрх олгох: Суралцагч хяналтын тоонд багтсан эсэхээ ЭЕШ-ын онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтрэн шалгана. Хэрэв та хяналтын тоонд багтаж чадсан бол 24 цагийн дотор элсэх бүрэлдэхүүн сургуулийнхаа дансанд ерөнхий суурь хөтөлбөрийн нэг багц цагийн төлбөртэй тэнцэх мөнгийг цахимаар төлж, элсэх эрхээ баталгаажуулах юм.

Элсэх эрхээ баталгаажуулсны дараа яах вэ?

Элсэх эрхээ баталгаажуулсан бол бакалаврын өдрийн элсэлтийн системээр нэвтэрч маягт бөглөн, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлээд оюутан болох хүсэлт илгээж оюутны дугаар, нууц үг авна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

2. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.02-2021.08.31

Элсэлтийн хуваарь сонголтын хугацаа: ЭЕШ дууссан өдрөөс бүртгэлийн дугаараараа нэвтрэн орж санал өгсөн хөтөлбөр, мэргэжлээ сонгож болно. Хэрэв та элсэлтийн болзол хангасан бол наймдугаар сарын 15-ны өдрөөс суралцах эрхийн бичгийг цахим шуудангаар илгээх юм.

Шаардлагатай бичиг баримт: 2021.08.25-ны өдрөөс суралцах эрхийг бичиг, ЭЕШ-ын онооны батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг зэргийг өөрийн биеэр авч ирэн элсэх боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

3. МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.05.24-2021.08.23

Эрэмбэлэлт, онооны жагсаалт гарах хугацаа: 2021.08.23-ны 21:00 цагт

Үндэсний босго онооны болзол хангасан болон суралцагч элсүүлэх бүлэгт харгалзах ЭЕШ-ын хичээлүүдээр шалгалт өгсөн байх шаардлагыг хангасан бүртгүүлэгчдийн онооны жагсаалт гарна.

Мэргэжил сонголт болон хөтөлбөр баталгаажуулалт: 2021.08.24-ний 09:00 цагаас 2021.08.27-ны 18:00 цаг хүртэл

Цахим мэргэжил сонголт хийхээс өмнө хөтөлбөр, мэргэжилтэй танилцсан байх хэрэгтэй бөгөөд мэргэжил сонгох эрх нээгдэхэд өгөгдсөн хугацаанд амжиж сонголтоо хийх шаардлагатайг анхаараарай.

Суралцах гэрээ байгуулах: 2021.08.25-наас 2021.09.05 хүртэл

Шинээр элсэгч нь суралцах гэрээ байгуулахын өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, цахим гэрээ болон анкетыг элсэлтийн вэб хуудсанд нэвтэрч бөглөсөн байх ёстой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

4. АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.02-ноос ЭЕШ-ын оноог нийтэд зарласан сүүлийн өдрийн 18:00 цаг хүртэл.

Хөтөлбөр сонголт явагдах хугацаа: ЭЕШ өгсөн хот, аймаг, сум дахь хяналтын тооны оноогоор жагссан элсэгч нь дүн зарласнаас хойших 72 цагийн дотор хүссэн хөтөлбөрөөсөө эхлэн эрэмбэлж, дэс дугаарын дагуу дарааллуулж сонгоно.

Баталгаажуулалт: Хяналтын тоонд багтсан элсэгч нь 48 цагийн дотор сургалтын төлбөрийг төлж, суралцагчийн анкет бөглөн “АШУҮИС-д оюутан суралцуулах гэрээ”-г байгуулснаар суралцах эрхээ баталгаажуулна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

5. МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.05.17-2021.08.08

Ур чадварын шалгалт өгөх хугацааг хараахан товлоогүй байгаа бөгөөд ирэх наймдугаар сард тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. Мөн ажлын өдрүүдээр СУИС-ийн элсэлтийн байранд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

6. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.05.02-2021.07.10

Мэргэжил сонголт: Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн тохиолдолд элсэгчийн хувийн мэдээлэл, бүртгүүлэгчийн ЭЕШ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд идэвхтэй харагдана. Бүртгүүлэгч шалгалт өгсөн хичээл бүрээрээ мэргэжил сонгох боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

7. ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: ЭЕШ явагдах сүүлийн өдөр хүртэл

ЭЕШ-ын оноо бүрэн гарч дууссаны дараа элсэгч нь бүртгүүлсэн хаягаараа нэвтэрч, сонгосон хөтөлбөртөө тэнцсэн эсэхээ шалгана. Үүний дараа элсэлтийн комисст элсэх хүсэлтээ явуулах бөгөөд комисс бүх мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаснаар таны цахим шууданд баталгаажуулах мэдэгдэл ирэх юм.

Шаардлагатай бичиг баримт: Иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ-ын батламж зэргийг бүрдүүлэн өгсөн болон элсэгчийн болзол хангасан тохиолдолд гэрээ байгуулж суралцах эрхийн бичиг олгоно.

8. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.14-Явагдаж байгаа

ЭЕШ хойшилсонтой холбоотойгоор бүртгэл хаах хугацааг хараахан товлоогүй.

Элсэх эрх олгох хугацаа: ЭЕШ дууссанаас дараагийн өдрөөс эхлэн заасан хугацаанд, цагийн хуваарийн дагуу элсэгч нь суралцах чиглэл болон хэлбэрээ сонгоно. Үүний тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа болгон 3 кредитийн мөнгийг тушаасан байх ёстой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

9. МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.04.06-2021.08.22

Элсэх эрх олгох хугацаа: ЭЕШ дүн зарлах хугацаанаас шалтгаалан элсэлтийн комисс хугацааг зарлана.

Хяналтын тоонд багтсан бол эрүүл мэндийг үзлэг, ур чадвар, сэтгэл зүйн сорил зэрэг нэмэлт шалгалтуудыг өгөх бөгөөд цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамруулсны дараа элсүүлэн суралцуулах тухай шийдвэрийг элсэлтийн комисс гаргана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

10. ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.06.10-2021.08.01 /Элсэлтийн комиссын шийдвэрээр бүртгэл хаагдах хугацаа өөрчлөгдөж болно/

Элсэх эрх олгох хугацаа: Элсэхийг хүсэгч нь босго оноог хангасан бол хяналтын тоонд багтаан шууд элсүүлж, суралцах эрхийн бичгийг олгоно.

Шаардлагатай бичиг баримт: Суралцуулах эрх олгосноос 24 цагийн дотор бүрэн дунд боловсролын гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж бичгийг хичээлийн I байрны элсэлтийн бүртгэлийн хэсэгт авчирч бүртгүүлэн, суралцах эрхийн бичгийг авч баталгаажуулна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

11. ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.24-Явагдаж байгаа

Та цахим бүртгэлээ Toki аппликэйшнийг ашиглан бүртгүүлэх боломжтой. Цар тахалтай холбоотойгоор элсүүлэх эрх олгох хугацааг хараахан товлоогүй байна.

Шаардлагатай бичиг баримт: ЭЕШ-ын батламж, иргэний үнэмлэхний хуулбар, 4 хувь цээж зураг, сурагчийн хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэрэг материалыг бүрдүүлсэн байна.

#Боловсрол #Их сургууль