5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

“ВАРКРАФТ" киног үзэхээсээ өмнө ҮҮНИЙГ УНШ!


Сондор | YOLO.MN
2016-06-07

За тэгэхээр Варкрафтын тухай сонсоогүй, мэдэхгүй хүн өнөө үед тун цөөхөн гэж хэлэхэд буруудахгүй байх. Харин та бүхэн Варкрафт гэдэг зүйл чинь ДОТА биш гэдгийг мэдэх үү? Өөрийн гэсэн агуу гэж болохуйц том зохиол, олон мундаг баатрууд, үзэсгэлэнт сайхан газар нутаг, цус хөөргөм, хоолой зангируулам зохиолуудтай гэдгийг та бүхний зарим нь мэдэхгүй байх.

1998 он хавьцаа Starcraft тоглоом дээр Aeon of Strife хэмээх газрыг гуравдагч хүн /Blizzard-д үл хамаарагдах/ зохион гаргаснаар одооны MOBA жанрын эхлэлийг тавьсан юм. Үүний дараа 2002 онд "Warcraft 3: Reign of Chaos" хэмээх тоглоом нээлтээ хийснээр олон хүмүүс тухайн үеийн Battle.net дээр Aeon of Strife-тай төстэй газруудыг зохион тоглож байв. Энэ үеэр Eul нэрээр тоглодог нэгэн геймер анхны ДОТА-гийн хувилбарыг гаргаснаар өнөөгийн түвшинд хүртлээ хөгжиж чадсан юм.

Үүнээс харахад ДОТА нь Starcraft, Warcraft гэх мэтийн өөр бусад тоглоом дээр суурилсан нэмэлт газар бөгөөд Blizzard-тай ямар ч холбоогүй, гуравдагч хүмүүсийн хийсэн бүтээлүүд болохоор Warcraft-ийн зохиолтой огт хамаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байх.

За тэгээд кино руугаа орохоосоо өмнө бас та бүхэнд хэд хэдэн зүйлийг тайлбарлаж өгсөн нь зүйтэй байх.
- Одооны гарч буй кино нь Warcraft-ийн зохиолын эхлэл, үндэс нь биш. Учиргүй, юм бүхний эхлэлд Титанууд хэмээх аварга биетэй, бурхан мэт чадалтай агуу биетүүд амьдардаг байжээ гээд киногоо эхэлбэл бас тиймхэн л байх cheeky /Энэ талаар кинонууд дээрээ гарах байх smiley/
- Warcraft-ийн ертөнцийн өөр өөр гаригууд дээр өөр өөр амьд биетүүд оршин тогтнодог. /Энд тэнд харь гаригийн нөхдүүд байдаг гэж ойлгож болно/
- Энд зохиолыг нь аль болох товч бөгөөд тодорхой, хазайлгахгүйгээр бичихийг оролдоно.

*Энэ хэсэг кинон дээр гарахгүй байх
- Юм бүхэн дөнгөж эхэлж байх үед, ихэнхи гаригийн амьд биет, бурхад залуу байх үед Титанууд гэж байжээ. Тэрээр од гаригуудаар аялж, нүдэнд нь таалагдсан, ирээдүйд ихийг бүтээж чадахуйц гэж дүгнэсэн гаригуудад хэв өгч, өндөр уулсыг тэнгэрт хүртэл нь өргөж, гүн далайнуудыг нь амьд биетээр дүүргэж, өөрсдийн хүүхдүүд мэт хайрлах амьд биетүүдийг бүтээн, өөрсдийн гариг ертөнцийг муу муухайгаас хамгаалж, энх тайвныг сахиж, сайн сайхан амьдарцгаах үүрэг даалгавар өгч, дараагийн гаригаа зорин аялцгаадаг байжээ. Энэ гайхамшигт титануудын нэгийг нь Саргерас гэж нэрлэдэг байж, тэрбээр өөрсдийн төрөлхтний агуу удирдагч, дайчин байсан бөгөөд тэдгээрийн зорилгын урьд садаа болох хорон санаат дайснуудтай тулалдан ялдаг, алдартай нэгэн байв.

Гэвч эдгээр агуу Титануудын мөнх нас нь тэдний бэлэг хэдий ч, мөн хараал нь байв. Тоо томшгүй урт хугацаанд мятаршгүй зоригоор дайснуудаа дарж явсан Саргерас нэг өдөр өөртөө итгэл алдарч эхэлжээ. Тэрээр "Бидний хийж байгаа зүйл үнэхээр л зөв юм бол, үнэхээр л бид сайн сайхны төлөө яваа юм бол, яагаад бидний явсан газар бүр эсэргүүцэл тулгардаг юм бэ? Яагаад бид явсан газар бүрээ дайн дажин өрнүүлдэг юм бэ?" хэмээн өөрсдийн зорилгодоо итгэл алдарч эхэлжээ. Түүний ах, эгч, дүүс түүнд яагаад ч хайж байсан хариултыг нь өгч чадсангүй. Тэгэн тэгэн явсаар нэгэн өдөр өнөөх агуу дайчны маань сэтгэл хувирч, өөрийн ах, эгч, дүүсийн хийж буй зүйлийг буруу хэмээн дүгнэж, өдийг хүртэл хийсэн зүйлсээ сүйтгэн эвдлэхээр шийджээ.

Тэрээр өөрийн агуу хүч чадлаа ашиглан урьд өмнө нь ялан дийлж, хорьж цагдсан хорон санаат бүхнээ гяндангаас нь суллаж, удирдан залж, өөрсдийн бүтээсэн гаригуудаа нэг нэгээр нь устган эзэлж эхэлжээ. Төд удалгүй тэд нэгэн хүчирхэг гаригт ойртон ирж амьд биетүүдийг нь ажиглан сонирхов. Аргус нэртэй уг гариг дээр Эрэдар хэмээх оюуны болон физикийн хөгжлийн ирмэгт ирсэн агуу хүчирхэг биетүүд амьдарч байв. Ийм агуу хүчтэй биетүүдийг хөнөөсний оронд, өөрийн дор авсан нь илүү ашигтайг ойлгон, Саргерас өөрийн биеэр Эрэдарын гурван удирдагч болох Аркимонд, Кил'Жейден болон Велен нартай уулзаж, агуу их хүч чадал, дайн дажин болон ялалтыг тэдгээрт амлажээ. Аркимонд, Кил'Жейден хоёр даруй зөвшөөрсөн боловч Велен уг саналд эргэлзээтэй байв. Агуу их хүч чадалтай болдог юм байж, бусад од гаригуудыг ялан дийлж эзэлдэг юм байж, эцэст нь хорон муу санаат, аймшигт мангасын боол болж хувирахаа Велен дотроо тунгаан ойлгосон байв.

Велен болон түүний дагагч нарт зугтах газар үгүй, эргэх нөхөр үгүй болсон хүнд үед нь Наару хэмээх ариун шаргал цагаан гэрэл цацруулсан, учир битүүлэг нэгэн биет ирж тэдэнд санал тавьжээ. Веленд тэрээр агуу урт замыг туулж, асар их зовлон үзэх ч, эцэст нь зөв зүйлийн төлөө, сайн сайхны төлөө амьдрах зам байгааг үзүүлж, уул хад мэт том сансрын хөлгүүд авчран, тэднийг Аргус гаригаас зугтахад нь тус болжээ. /Зохиол сонин болж эхэлж байгаа биз, тэхх, "сансрын хөлөг" ч гэх шигcheeky/

Гэвч Велений ах дүүс түүнийг зүгээр нэг явуулсангүй, тэднийг хаа л зугтана, араас нь мөшгөн ирж, хаана л хорогдоно, байгаа газрыг нь олон ирж байв. Велен болон түүний дагагч нар зугтан зугтсаар эцэст нь Драэнор хэмээх нэгэн гаригт ирж, хөлөг нь осолдон, зугтах газаргүй болцгоов. /За, ингээд Драэнор, Оркууд гээд эхэлж байгаа юм./

*Энэ хэсэг кинон дээр гарах байх
Кил'Жейден өөрийн ах дүүсээ хөөхөөс залхаж, нэг мөсөн арга хэмжээ авахаар шийдэж, унасан гаригийн амьд биесийг ажиглаж эхэлжээ. Сайн харвал Оркууд хэмээх бор арьстай, тэнгэр, бөөгийн шүтлэгтэй, нэр төр, ёс заншлыг бусдаас илүүд тавьдаг улс байхыг олж харав. Төрөлхийн бие бялдар сайтай, Оркуудыг өөрсдийн зорилгодоо ашиглаж Драенейчуудыг /Аргусаас зугтсан Эрэдарууд өөрсдөдөө Драеней буюу дүрвэгсэд хэмээх нэр өгсөн юм/ дарж авахаар шийдэв. Кил'Жейден санаа хуралдуулж, удаан төлөвлөсний эцэст Оркуутын бөө, Нер'Зултай /Энэ их чухал нөхөр байгааsmiley/ холбогдов. Тэрээр Нер'Зулын өнгөрсөн эхнэрийн дүрд хувиран тэдний газар нутаг дээр ирсэн Драенейчууд хорон санаа ашиглан Оркуудыг хөнөөх гэж байна хэмээн залилснаар Оркуудыг Драенейчүүдийн эсрэг байлдуулж эхлэв.

Гэвч Нер'Зул Кил'Жейдений булхайг олж мэдэн, мэхлүүлснээ ойлгосон хэдий ч тэрээр хэтэрхий оройтсон байжээ. Түүний үгийг авч сонсох оркууд ховордож, түүний шавь болох Гул'Дан хэдийнээ Кил'Жейдений боол болсон байв. Яг үнэндээ одоо Нер'Зул тэдний хорон санаад хэрэггүй болсон байж л дээ, тэрэнтэй тэрэнгүй Драенейчүүдийг устгах хорон санаа хэрэгжээд эхэлсэн байлаа. Хэдийнээ Гул'Дан хорон санаа ашиглан ихэнхи Оркуудын санаа сэтгэлийг хордуулан, боолоо болгон авсан байж. Эцэс төгсгөлд нь Оркууд Гул'Даны ятгалаг болон өөрсдийнхөө ахархан бодлоос болж Устгагч Маннарот хэмээх чөтгөрийн цусыг ууцгааснаар, хувь заяагаа хаяцгаан, хорон муу санаатнуудын боол болон хувирцгаажээ.

Ийнхүү гамшигт зүйлс нэг нэгээрээ болсноор, Устгагч Маннаротын цусанд согтсон оркууд Драенейчүүдийг хүйс тэмтэрснээр, зөвхөн Велен болон азтай хэдэн Драенечүүд л амьд мултарч чадсан юм. За ингээд л кино эхлэх байх даа.

Азеротын өмнөх зохиол гэж бас “тэнэчихсэн” их юм байгаа. Гэхдээ энэ бүхнийг цаг нь болохоор тайлбарлах болно.


Эх сурвалж: Монголын видео тоглоом сонирхогчдын
нээлттэй хэлэлцүүлгийн бүлгэм

#Кино #Movie #boxoffice #WarCraft #Dota