Гэр цэвэрлэх нь сэтгэлзүйн эрүүл мэндэд ЭЕРЭГЭЭР нөлөөлдөг


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-31

Бид гэрээ өдөр бүр цэвэрлэдэг ч ингэх нь сэтгэл санааны байдлыг дээрдүүлдэг гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл дараах нийтлэлийг уншсаны дараа танд шууд босоод гэрээ цэвэрлэмээр санагдана гэдэгт итгэлтэй байна. 

Бид өнгөрсөн жилийг гэртээ байж өнгөрүүлсэн гэж хэлж болно. Энэ хугацаанд шүүгээг маань дүүргэдэг ч барагтаа л бол өмсдөггүй, “хадгалах гэж авсан” хувцаснууд, дүү нарын хуучирсан тоглоом, хугацаа нь дуусах дөхсөн гоо сайхны бүтээгдэхүүн гээд л эргэн тойронд юу хэрэгцээгүй байгааг хангалттай анзаарсан болов уу гэж бодож байна. 

Ийнхүү өнгөрсөн жилийн өдийд хүмүүс гэртээ асар их цэвэрлэгээ хийжээ. Колорадо мужийн хандивын дэлгүүрүүдэд ирдэг хандивын хэмжээ 40 хувиар өссөн гэсэн тоо баримт ч бий. Энэ бол цар тахлын улмаас бий болсон шинэхэн үзэгдэл гэж хэлж болно.

Хачирхалтай нь хүмүүс ийнхүү зоригтой шийдвэр гарган гэртээ байгаа хэрэгцээгүй зүйлсээ хаяж, их цэвэрлэгээ хийснээр сэтгэл зүйн эрүүл мэндэд нь эерэг өөрчлөлтүүд бий болдог аж. Гэхдээ хүн болгон ингэж зоригтой хаяж чаддаггүй. Тухайлбал Родригез (Rodriguez) тэргүүтэй судлаачдын баг АНУ-ын 43,000 гаруй иргэний дунд судалгаа явуулахад тэдгээр хүмүүсийн 20 хувь нь хуучирсан, хэрэглэдэггүй эд зүйлсээ хаяхад хүндрэлтэй байдаг гэж хариулжээ. Энэ нь ойролцоогоор таван хүн тутмын нэг нь хуучирсан эд зүйлсээ хаяж чаддаггүйг харуулж байна. 

Мэдээж хэрэг хуучирсан хэдий ч өмсөхөд тухтай хувцас, түрхдэггүй ч гэсэн мөнгөө үрээд авчихсан гоо сайхны бүтээгдэхүүнээ хогийн саванд шууд хаях хэцүү. Хэдий тийм боловч хүмүүс хэрэгцээгүй эд хогшлоосоо салж, гэрээ цэвэрлэсний дараа асар их сэтгэл ханамж авдаг аж.

Эмх цэгцтэй байдал, аз жаргал хоёр нь шууд хамааралтай бөгөөд ДэПаул Их Сургуулийн профессор Жозеф Феррари (Joseph Ferrari), “Гэр орон нь эмх замбараагүй байх тусам хүний амьдралаас авах сэтгэл ханамж нь буурдаг” гэдгийг онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн, “Эсрэгээрээ аливаа зүйлийг эмх цэгцэд оруулснаар хүн маш их сэтгэл ханамж авдаг. Сэтгэл нь яг л мөрөн дээрх хүнд ачаанаасаа салчихсан мэт хөнгөрдөг” гэжээ.

2010 онд Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд 30 хосын дунд судалгаа явуулжээ. Уг судалгаагаар тэд гэр нь ихэнхдээ эмх замбараагүй байдаг хосуудын стрессийн түвшин өндөр байгааг олж харсан гэдэг. Мөн Принстон Их Сургуулийн эрдэмтэд эмх замбараагүй орчинд анхаарал төвлөрөлт буурдаг гэдгийг ч судалгаагаар тогтоосон байна. 

Гэр цэвэрлэх үед эндорфин даавар ялгардаг

Биднийг гэр цэвэрлэх үед аз жаргалын даавруудын нэг болох эндорфин ялгардаг аж. Эндорфин дааврыг бидний биеэс ялгарч буй “байгалийн өвчин намдаагч” гэж ойлгож болно. Тухайлбал, сэтгэл санаа тавгүйтэж стресст орсон үед эндорфин дааврын тусламжтайгаар таагүй нөхцөл байдлыг даван туулдаг гэсэн үг. Тиймээс гэрээ цэвэрлэсний дараа сэтгэл санаа тайвширч, стрессийн түвшин буурдаг нь эндорфин даавар ялгардагтай холбоотой юм. 

Ингээд та бүхэнд гэр цэвэрлэх талаар бяцхан зөвлөгөөг сонирхуулъя.

1. ЦЭГЦЛЭХ

Хувцасны шүүгээнд хөглөрсөн өмсдөггүй хувцаснууд, хэрэглэдэггүй гоо сайхны бүтээгдэхүүнээ цэгцлэхээс эхлээрэй. Тэдгээр эд зүйлсээ дөрөв ангилахад буруудахгүй. Хог, бусдад хандивлах, хаях, хадгалах гэсэн дөрвөн хэсэгт эд зүйл тус бүрээр нь ангилаарай. 

2. ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БЭЛДЭХ

Та гэрээ цэвэрлэхээсээ өмнө цэвэрлэгээнд ашиглах бүтээгдэхүүнүүдээ бэлдээд тавьчихвал дараа нь хайж цаг алдахгүй. 

3. ТОДОРХОЙ ХУГАЦАА ТАВИХ

Мэргэжилтнүүд, “Гэрээ дунджаар 30 минутын турш цэвэрлэх нь биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг” гэж зөвлөжээ. 

4. ӨРӨӨ ӨРӨӨГӨӨР НЬ ЦЭВЭРЛЭХ

Ихэнх хүмүүс эхлээд бүх өрөөнийхөө тоосыг арчсаныхаа дараа өрөөнүүдийнхээ тоосыг соруулах маягаар цэвэрлэгээний ажлаа өрөө өрөө дамжин хийдэг. Гэвч нэг өрөөгөө бүрэн цэвэрлэж дуусаад дараагийн өрөөгөө цэвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг байна. 

5. “ДЭЭРЭЭС НЬ ДООШОО”

Өрөөнийхөө тоосыг эхэнд нь соруулчхаад тавилгуудынхаа тоосыг арчвал өнөөх цэвэрлэсэн шал маань ямар ч хэрэггүй болчихно. Тиймээс гэрээ цэвэрлэхдээ дээрээс нь доош нь цэвэрлээрэй. 

Эх сурвалж: Allure 

#Зөвлөгөө #Эрүүл мэнд #Сэтгэлзүй