Б.Тэргэл: Багаар ажиллахад бусдадаа шаардлага тавьж чаддаг байх нь чухал


YOLO.mn | YOLO.MN
2023-12-13

Yolo.mn сайт энэ удаа Томүжин Альтернатив сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Б.Тэргэлтэй мэдээлэл технологи, нийгэмд ээлтэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагынх нь тухай ярилцлаа.  

YOLO:Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

-Сайн байна уу. Намайг Б.Тэргэл гэдэг. Томүжин Альтернатив сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч.  

YOLO:Суралцах хугацаандаа ажиллаж байсан төслүүдийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?

-Би Томүжинд шилжин суралцахаасаа өмнө Орос гуравдугаар сургуульд сурдаг байсан. Сүүлийн арван жилийн турш зөвхөн хичээлээ л хийж нийгмийн болоод багийн ажлуудад төдийлөн идэвхтэй оролцдоггүй хүүхэд байлаа. Харин арваннэгдүгээр ангид орох жилээ хүссэн сургуульдаа тэтгэлгээр сурахад өөрийгөө бүхий л талаас нь бэлдэх мөн төсөл хөтөлбөрт хамрагдаж туршлага хуримтлуулах боломжтой гэж харсан учир Томүжинд суралцах шийдвэр гаргасан. Анх ороод дасахад хэцүү байсан. Эхний улиралд анхныхаа төсөлд оролцоход хүссэн шигээ идэвхтэй, хэрэгцээтэй гишүүн байж чадаагүй. Гэхдээ нэг хийгээд үзчихсэн болохоор дараа дараагийн төслүүдэд оролцоход хамаагүй амар бас ойр байсан. Хоёрдугаар улиралд дижитал төсөл дээр ажиллахдаа эхний төсөл дээрээ алдсан зүйлүүдийг давтахгүйн тулд их хичээж ажиллаж бас чадахаараа идэвхтэй оролцож анх тавьсан үр дүндээ хүрч чадсан. 

YOLO:Ирцийн асуудлыг шийдэх дижитал төслийнхөө талаар илүү дэлгэрэнгүй яривал? 

-Анх сурагчдын ирц, дүн зэрэг мэдээллүүдийг илүү ухаалгаар хялбарчлах “UPro” гэх төслийг санаачилсан. Тухайн мэдээллийг сурагчид утаснаасаа, багш нар өөрийн админ хаягаас удирдах боломжтой системийг бий болгон явцын дунд "BASS"(Bit Alternative School System) гэдэг шинэ нэрээр явсан. Сурагчид QR-аар мөн давхар байршыг нь шалгаж байгаа байдлаар ирцээ бүртгүүлнэ. Одоогоор гадаадын их сургуулиуд руу өргөдлөө илгээхдээ бэлдэж байгаа болохоор түр хугацаанд төслөө зогсоосон байгаа.  

YOLO:Төсөл дээр ажилласнаар сурч мэдсэн сайн туршлагаасаа хуваалцвал? 

-Миний хувьд бусадтай ойлголцож, ярилцахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Анхны төсөл дээр багийнхантайгаа сайн ярилцаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байсан бол дараагийн төслүүд дээр оролцоо маань нэмэгдсэн. Мөн багаар ажиллахад бусдадаа шаардлага тавьж чаддаг байх нь чухал. Нэг хүний хариуцлагагүй байдлаас болж багийн ажил бүхэлдээ унах эрсдэлтэй. Тиймээс хариуцлага гэдгийг бүгд жигд үүрэх хэрэгтэй санагдсан.  

YOLOАль чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна вэ? 

-Миний мөрөөдлийн сургууль MIT. Би компьютерын шинжлэх ухаанаар суралцах бодолтой. Өдөр тутам хийхэд цаг үрдэг зүйлсийг автомат болгон хялбарчлах надад сонирхолтой санагддаг.  

YOLOӨргөдлөө илгээхэд сургуулийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж байна вэ? 

-Хүүхдүүд хугацаа бий гэж тайвшран цагийг нь тулгадаг. Харин сургуулийн зүгээс хүүхдүүдийг өргөдөл илгээх хуваарийнх нь дагуу сануулж, маш сайн шахдаг. Төлөвлөгөөний дагуу тухай бүр юмаа хийх давуу тал болдог.  

YOLOАчаалалтай өдрүүдийг хэрхэн төлөвлөж ард нь гарч байна вэ? 

- Би гүүгл календарь дээр цаг бүрээ нарийн төлөвлөдөг. Өдрийн хоолоо бэлдэж явдаг учир миний нэг өдөр 05:30 минутад эхэлнэ. Хувийн бэлтгэлээ базаан 07:30 минутад сургууль дээрээ очно. Өргөдөл илгээх хугацаа дөхөөд хичээлээсээ чөлөөлөгдсөн учир өдрийн хоолны цагаас бусад үед бүрдүүлэх материал дээрээ ажилласаар байна. Харин орой 21:00 цаг гэхэд гэртээ очиж нойр авдаг даа.  

YOLOӨөрийн сурах арга барилаасаа хуваалцаач? 

-Би ихэвчлэн ганцаараа төвлөрч суудаг. Багаар ажиллах нь тустай хэдий ч зарим тохиолдолд хэт назгай байдлыг үүсгэж, сурах явцыг удаашруулдаг. Тиймээс  уншиж судлан, туршиж байж өөртөө тухайн мэдээллийг бүрэн суулгадаг.  

YOLOХэл сурсан туршлагаасаа хуваалцвал?   

-Би Англи, Орос хэлтэй. Бага ангиас л уншиж, үзэх бүх мэдээллийн эх сурвалжууд маань англи хэл дээр байсан. Өөрийн сонирхдог зүйлээ сурч буй хэлээрээ үзвэл илүү хурдан сурдаг гэж бодож байна.  

YOLOЧөлөөтэй цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? 

-Чөлөөт цагаараа найзуудтайгаа сагс тоглож мөн гитар тоглох дуртай. Их сургуулиудын өргөдлөө бэлдэж байгаа учир өөртөө цаг гаргаж хараахан чадахгүй байна. Хоол идэх үедээ л дуртай бичлэгээ үзэж байна. Одоогоор энэ л миний чөлөөт цаг болж байна даа. /инээв/ 

YOLOТалархаж явдаг дурсамжаасаа хуваалцаач? 

-Би шилжиж ирээд хаусынхаа хүүхдүүдтэй бүрэн нийлж чадахгүй байсан. Харин сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнээр Томүжин гэх гэр бүлийн нэг гишүүн гэдгээ бүрэн мэдэрсэн. Хоёр хоногт авсан тэр мэдрэмж миний хувьд хамгийн нандин тод дурсамж болсон. 

Ярилцсанд баярлалаа. Сурах үйлсэд тань амжилт хүсэе.  

 

#нийтлэл