ЗАХИДАЛ: "Бүтэн нэг жил бэлдэж байгаа ч толгойд юу ч байхгүй юм шиг санагдаад байх юм"


ССҮТөв | YOLO.MN
2018-04-18

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Бүтэн нэг жил бэлдэж байгаа ч толгойд юу ч байхгүй юм шиг санагдаад байх юм

Бүтэн нэг жил бэлдэж байгаа хэдий ч өөр зүйлд анхаарч толгойд юу ч байхгүй юм шиг санагдана. Би яах хэрэгтэй вэ?

Сайн байна уу? Би энэ жил төгсөх ангийн сурагч. Одоохондоо хичээлээ хийж, шалгалтандаа бэлдэх нь хамгаас чухал гэдгээ сайн мэдэж байгаа ч өөр юманд сатаараад байна. Цаг үргэлж интернэт орохыг хүснэ. Фэйсбүүк орохгүй л бол мэдээлэлээс хоцорчих гээд байх шиг. Сургуулийн цахим бүртгэл, хөнгөлөлттэй сурах тэмцээн уралдаан гээд л. Хичээлдээ холбогдолтой бүх зүйлийг screenshot хийгээд авчихсан ч би тэрийгээ харж амждаггүй. Нэг интернэт орохоороо 3,4 цагаар орчих гээд болохгүй юм. Толгой өвдөж, чих шуугиад нэг л төвлөрч өгөхгүй.

Гэхдээ өглөө эрт 5:00 цагт байнга босч хичээлээ хийхийг эрмэлздэг. Надад одоохондоо энэ талаар зөвлөх хүн алга. Учир нь би гэр, аав ээжээсэ хол, айлд суудаг. Шалгалтаа сайн өгч хүссэн сургуульдаа орохыг хүснэ. Бүтэн нэг жил бэлдэж байгаа хэдий ч өөр зүйлд анхаарч толгойд юу ч байхгүй юм шиг санагдана. Би яах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Үлдсэн хугацааг үр бүтээлтэй ашиглахад дараах зөвлөмжийг санал болгож байна

Хэдий одоо чамд бага цаг үлдсэн байгаа ч үлдсэн хугацааг үр бүтээлтэй ашиглахад дараах зөвлөмжийг санал болгож байна.

Сайн байна уу, Юун түрүүнд бид бүхэнд захиа илгээсэнд баярлалаа.

Чиний асуултаас нэг эерэг, нэг сөрөг зүйлийг ажиглагдаж байна. Эерэг нь чи санаа зовж, хичээх хэрэгтэй гэдэгтээ эвлэрсэн ч яаж, хэрхэн гэдэгтээ хариулж амжаагүй байгаа нь сөрөг зүйл болчихсон байна. Хэдий одоо чамд бага цаг үлдсэн байгаа ч үлдсэн хугацааг үр бүтээлтэй ашиглахад дараах зөвлөмжийг санал болгож байна. Ингэхийн тулд энгийн нэг хоосон цаас, бал байхад л хангалттай. Дараах зааврын дагуу хийгээд яваарай. Аль болох ганцаараа, тайван байхдаа хийвэл дээр шүү. За эхэлье:

1. Гүнзгий амьсгал аваад өөрийгөө бэлдэнэ.

2. Яагаад их сургуульд сурах гэж байгаагаа, Яагаад заавал хүссэн сургуульдаа орох хэрэгтэй, Хүссэн сургууль, мэргэжил чинь чухам юу болохыг бичээрэй. Яагаад гэдэгт чи эргэлзэлгүй, тодорхой хариулж чадвал чи зарим саад бэршхээлд бууж өгөхгүй байж чадна. Нэг ёсондоо чи үнэт зүйлээ олчихлоо гэсэн үг.

3.  3 сарын хугацаатай дүрэм гарга. Өдөрт зөвхөн 30 минутыг интернэтэд өнгөрөөх. Ингэхдээ 30 мин хугацаатай сэрүүлэг тавиад интернетэд орно. Хэрэгтэй мэдээллүүдээ интернет орох бүртээ хамгийн түрүүнд харна. Үүний дараа хувийн хаяган дахь мэдээллүүдээ шалгаад л сэрүүлэг дуугарах үед интернэтээс гарна.Дахин сануулахад нэг өдөрт орох интернетийн дээд хугацаа чинь 30 мин шүү.

4. Хийх даалгаварууд, тест зэргүүдээ 7 хоногоор төлөвлөөд өдөр бүрт нь тодорхой хугацаагаар хийгээд яваарай. Өдөр бүр зэрэг зэрэг олон олон юм хийж хэн ч чаддаггүй юм.

5. Өөрийгөө маш их ачаалалтай, хэцүү байгаа гэж битгий бодоорой. Мөрөөдөл, зорилгоо биелүүлэх аялалд явж байна л гэж бод.

6. Хэрэв хэцүү санагдвал дүрэм 1 буюу "Яагаад" энэ бүхнийг эхлүүлж байгаагаа санаарай. Амжилт хүсье.

Чамд амжилт хүсье. Бидэнтэй дахин холбогдоорой.smiley

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Teenager #Advice