Ж.Эрхэмбаатар: Хуульч хүн сэтгэлзүйн нарийн МЭДРЭМЖТЭЙ, мэтгэлцэх илтгэх ЧАДВАР эзэмшсэн байх хэрэгтэй


О.Дорж | YOLO.MN
2020-11-09

Бид мэргэжил сонголтын талаарх цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт “Эрхэм энд Бэркли” өмгөөллийн фирмийн гүйцэтгэх захирал Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг урьж оролцууллаа. Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй яваа төгсөх ангийн сурагчид болон хуульч мэргэжлээр суралцах эсэхдээ эргэлзэж буй уншигч та бүхэн сонирхсон асуултынхаа хариултыг энэхүү ярилцлагаас олно гэдэгт итгэлтэй байна. 


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ярилцлагаа хүүхэд насны тань дурсамжаар эхлүүлье. Та бага байхдаа ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг байсан бэ? Багадаа юунд сонирхолтой байсан бэ?

- Багадаа хурдан морь унах, адуу малтай ноцолдох дуртай хүүхэд байсан болохоор уяач, адуучин болно гэж мөрөөддөг байсан. Тухайн үед мэргэжлийн талаар төсөөлөл муу байсан учраас амьдрал ахуйтайгаа ойрхон мэргэжлүүд л төсөөлөгддөг байжээ.

YOLOТэгвэл яагаад энэхүү мэргэжлээр суралцахаар шийдсэн бэ? 

- Намайг энэ мэргэжлээр суралцахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол аавын минь зөвлөгөө байсан. Ахлах ангид сурдаг жилийн нэгэн өглөө аав маань бодол болчихсон сууж байсныг ерөөсөө мартдаггүй юм. Орой нь хичээлээ тараад иртэл намайг анги алгасуулж сургах талаар ярилцсан. 1999 онд манай ах дунд сургуулиа дүүргээд Улаанбаатар хотод суралцахаар явахад аав маань тэнд аль хэдийнэ байр аваад бэлдчихсэн байсан учраас ахыг ганцаараа биш надтай ханиндаа амьдраасай гэж хүссэн байх. Ингээд би 2000 онд дунд сургуулиа төгсөх шаардлагатай болсноор 9 болон 10-р ангийнхаа хичээлийг шахаж үзсэн юм. Суурь боловсролын тухай хуульд ингэж төгсөхийг зөвшөөрдөг юм билээ. Тэгээд л 2000 оны хавар нь дунд сургуулиа төгсөөд намар нь Улаанбаатар хотод оюутан болж очсон. Мөн л аавынхаа зөвлөсний дагуу МУИС-ийн Хуул зүйн сургуульд элсэн орсон. Одоо бодоход аав маань миний онцлогийг сайн мэддэг байсан болохоор надад яг тохирсон мэргэжлийг санал болгосон юм шиг санагддаг. Тухайн үед хуульч мэргэжлээр суралцах нь түгээмэл байсан нь ч мөн нөлөөлсөн байх. 


YOLOТаны бодлоор хуульч мэргэжилтэй болоход ямар ур чадварууд шаардагддаг вэ? Ямар зан чанартай хүмүүст илүү тохирох вэ?

- Мэдлэг, чадвартай байх: Хуульч болохын тулд мэргэжлийн болон бусад олон ур чадварууд шаардагдана. Жишээлбэл үйлчлүүлэгчтэйгээ сэтгэлзүйн нарийн мэдрэмжтэйгээр харилцах, шүүх хуралдаан дээр үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд өмгөөлөх, мэтгэлцэх, илтгэх зэрэг чадварууд зайлшгүй шаардлагатай. Өмгөөлөгчдөд ямар нэгэн эрх мэдэл байхгүй учир цэвэр ур чадвараараа хөдөлмөрлөдөг. Мөрдөн байцаагчид ажлыг гардан хэрэгжүүлдэг. Прокурор тогтоол, шийдвэр гаргадаг. Ингээд шүүхээс гэм бурууг дэнсэлдэг. Харин өмгөөлөгч хүсэлт, гомдол гаргахаас хэтэрдэггүй. Ийм эрх мэдэлгүй нөхцөлд өөрийн мэдлэг ур чадвараар л тухайн ажиллагаанд оролцох шаардлагатай болно. Тийм учраас мэргэжлийн мэдлэг болон ур чадваруудыг сайн эзэмших шаардлагатай шүү.

Тэсвэр тэвчээртэй байх: Гэмт хэрэгтэн ямар ч хэрэг үйлдсэн бай өмгөөлүүлэх эрхтэй. Бүхэл бүтэн нийгмээрээ үзэн ядаж байгаа хүний өмгөөлөгчөөр ажиллах тохиолдол ч бий. Энэ тохиолдолд нийгмийн сэтгэлзүйд автахаас илүүтэйгээр мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Тиймээс сэтгэлзүйн талаас өөртэйгөө ажиллах шаардлага их гардаг. Үүнээс гадна хүнд хэрэг дээр шантрах тохиолдол гардаг учраас тэвчээр хатуужилтай байж, аливаа асуудалд мэргэжлийн үүднээс л хандах хэрэгтэй.

Ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх: Аливаа эрхзүйн харилцаанд ороход мэргэжлийн өндөр ёс зүйг шаарддаг.

Харилцааны чадвартай байх: Өөрийгөө бусдад ойлгуулж чаддаг, цэгцтэй ярьж чаддаг байвал давуу тал болно. 


YOLOХүүхэд залуус шүүх хуралдаан, хэрэг явдлын маргаан зэрэг хуульч мэргэжлийн онцлогийг харуулсан киног шимтэн үздэг шүү дээ. Энэ нь тэдний мэргэжил сонголтод нөлөөлөх хандлагатай байдаг. Тэгвэл энэ мэргэжил кинонд гардгаас хэр өөр вэ? 

- Хуульч мэргэжил кинон дээр дүрслэгддэгээс тэс ондоо. Кинонд хэрэг бүрд ялалт байгуулсан, хүний эрхийг хамгаалдаг баатар болсон, шүүх хуралдааны үеэр нааш цааш яваад хэргийг шийдсэн, эсвэл хэт романтик үйл явдал түгээмэл дүрслэгддэг. Гэхдээ бодит байдал дээр эдгээр дүр зураглалтай тун ховор тааралдана. Шүүх хуралдаанд нэг талаас гэмт хэрэгтэн, нөгөө талаас хохирогч гэсэн хоорондоо зөрчилтэй талууд оролцдог тул энэ үеэр хэлэх үг бүр чухал байдаг. Нэг ёсондоо энэ мэргэжлийг кинон дээр гардаг шиг хөнгөн хийсвэр байдлаар төсөөлж болохгүй. 

YOLOТаны ажиллаж байсан хэргүүдээс хамгийн их ур чадвар, хичээл зүтгэл шаардсан нь ямар хэрэг байсан бэ? Боломжтой бол энэ талаар бидэнтэй хуваалцаач. 

- Хэрэг бүртэй танилцаад, сайтар судалбал хоорондоо харилцан адилгүй байдаг. Хэрэг болгон судалгаа болон ур чадварыг тодорхой хэмжээнд шаарддаг. Өмгөөлөл гэдэг нь нэг талаараа хууль зүйн зөвлөх үйлчилгээний бизнес ч нөгөө талаараа хүний эрхийг хамгаалж байгаа явдал. Үйлчлүүлэгч бүртэй байгуулсан гэрээ өөр өөр хэмжээний үнийн дүнтэй байлаа ч, заримдаа бүр үнэгүй ажиллаа ч энэ ажлыг бизнесийн нүдээр харж болохгүй. Бид гэрээ хийсэн л бол тухайн үйлчлүүлэгчтэй "өмгөөлүүлэгч ба өмгөөлөгч" гэсэн харилцаанд ордог. Нэгэнт ийм үүрэг хүлээсэн учраас өөрийн бүх нөөц бололцоогоо ажиллах шаардлага гардаг.


YOLOТэгвэл сэтгэлд тань тод үлдсэн хэрэг бий юу?

- Үйлчлүүлэгч маань хоёр ч шатны шүүх хурал дээр буруутай гэж яллагдаад байсан ч хэрэг нь дээд шүүх дээр ирээд цагаатаж байсан тохиолдол сэтгэлд тод үлджээ. 

YOLOМанай улсын хуульчдыг бэлтгэх сургалтын хөтөлбөр аль улсын жишгээр хэрэгжиж байна вэ? Таны бодлоор дэлхийн жишигт нийцэхүйц ур чадварыг эзэмшүүлж чадаж байна уу?

- Хуулийн боловсролын тогтолцоо Ром-Германы болон Англи-Саксоны гэсэн хоёр төрлийн системд хуваагддаг. Англи-Саксоны систем шүүхийн танхимд шударга ёсыг тогтоодог. Шүүхийн шийдвэр нь өөрөө хэм хэмжээний акт болоод шийдвэрийн хэрэгсэл болон хэрэглэгддэг. Харин манай улсын баримталж буй Ром-Германы эрхзүйн тогтолцоо үнэнийг хуулиар тогтоодог. Тэгэхээр шүүх дээр зөвхөн хууль, хэм хэмжээний акт хэрэглэгдэж, мэтгэлцээн дээр үндэслэн үнэн мөнийг тодорхойлдог. Энэ утгаараа Монгол улсад бэлтгэгдсэн хуульч дэлхийн хэмжээнд ажиллах, эсвэл АНУ-д бэлтгэгдсэн хуульч Монголд ирээд ажиллах боломж байдаггүй. Өөрөөр хэлбэл аливаа улсад хуульчаар ажиллахын тулд тухайн орныхоо тусгай зөвшөөрлийг авсан байх хэрэгтэй гэсэн үг. 

Нөгөө талаараа боловсрол эзэмшүүлж буй чадавхыг харвал манай улс дэлхийн түвшинд арай хүрээгүй. Би АНУ, Герман, Нидерланд зэрэг улсад суралцаж байсан. Суралцаж байсан улсуудтайгаа харьцуулбал манайд засаж залруулах зүйлс их бий. 2013 онд Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль батлагдсан. Уг хуульд зааснаар хуульчдыг бэлтгэх боловсролын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх эрхийг Монголын хуульчдын холбоонд олгосон байдаг. Гэхдээ харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй л байна. Тиймээс хувийн сургуулиудад боловсрол гэхээсээ илүү бизнесийн сэдэл давамгайлах тохиолдол улам олон болж байна. Бизнесийн орлогоо бодохоос илүүтэйгээр ирээдүйд хүний эрхийг дэнслэх хуульчдыг бэлтгэх асуудалд сайн анхаарах хэрэгтэй шүү дээ. 


YOLOХуульч мэргэжлээр төгсвөл ямар ажлын байранд ажиллах боломжтой байдаг вэ?

- Одоогоор Монгол улсад тусгай зөвшөөрөл бүхий 5,600 гаруй хуульч байна. Жил бүр Эрхзүйн хөтөлбөрөөр 2,000-3,000 гаруй оюутан шинээр боловсон хүчин болон бэлтгэгдэн гардаг. Тэд хоёр жилийн турш мэргэжлээрээ ажилласны дараа хуульчийн сонгон шалгаруулалтад ороод тэнцвэл хуульч болно.

Дээр дурдсан 5,600 гаруй хуульч дотор 550 гаруй шүүгч, 500 гаруй прокурор, 2,400 өмгөөлөгч, 2,600 орчим хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг хүмүүс багтана. Өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхлэхэд тодорхой тоо заагдаагүй байдаг. Харин шүүгч, нотариат, прокурорын орон тоо хязгаарлагдмал. Сонирхуулан хэлэхэд шүүхийн байгууллагын захиргаанд шүүгчийн туслах, шүүгчийн нарийн бичиг, прокурорын туслах, прокурорын нарийн бичиг зэрэг албан тушаалуудад ажиллаж болохоос гадна цагдаагийн байгууллага руу хөрвөн ажиллах боломжтой байдаг. 

YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас тань хэр өөр байсан бэ? Ажлын анхны өдрийн сэтгэгдлээс хуваалцаач.

- Намайг их сургуулиа төгсдөг жил төгсөгчид хуульчийн сонгон шалгаруулалтад шууд оролцож болдог журамтай байсан учраас шалгалтаа өгөөд мэргэжлээрээ ажиллах боломжтой болсон. Ажлын анхны өдөр өрөөндөө орж ирэхэд нэг ширээ, нэг компьютер угтаж авсан. Тухайн үед ажлын туршлагагүй, шүүх хуралд ч оролцож үзээгүй, 21 настай залуу байлаа. Хуульч мэргэжлийн онцлог нь онолын мэдлэгээс гадна практик туршлагаас суралцаж ажлын ур чадвараа нэмэгдүүлэх. Миний хувьд 5-7 жилийн турш ажиллаж байж л ажилдаа зүгширсэн мэт санагдаж байсан. 


YOLOАжилдаа өдөр хэдэн цагийг зарцуулдаг вэ? Гэртээ харьсан ч гэсэн хэргийн материалтай танилцахаас эхлээд чамгүй ажилтай байдаг байх?

- Миний хувьд ажлаа тарчихаад гэртээ аль болох эрт харихыг хичээдэг. Өглөө 07:00-16:00 хүртэл ажиллана. Ингээд гэртээ очсон л бол ажлаас аль болох хөндийрөхийг хичээдэг дээ. 

YOLOТа бакалаврын зэргээ Монгол улсын их сургуульд, магистрын зэргээ АНУ-ын Беркли их сургуульд хамгаалсан шүү дээ.Эдгээр сургуулиудаас сурсан зүйлээ бидэнд хуваалцаач. 

- Магистрт сурахын нэг онцлог бол судалгааны арга барил, нарийвчилсан мэдлэгийг эзэмших явдал. Мэдээж бакалаврын зэргээ хамгаалсан хүмүүс хамрагдаж байгаа учир ахисан түвшний агуулгаар богино хугацаанд их зүйлийг сурах, судлах шаардлагатай болдог. Монголд бакалаврын түвшинд сурах хугацаандаа эрхзүйн ерөнхий мэдлэгтэй болсон бол АНУ-д магистрт сурахад тухайн улсын хууль зүйн тогтолцооноос эхлээд бүх зүйл нь шинэ байсан учраас өөрийгөө дайчлан, шахуу хугацаанд аль болох их мэдлэгийг олж авахыг хичээн, ачааллаа зохицуулах, цаг баримтлах тал дээр сайтар суралцсан.


YOLOОюутан байсан үеэ эргээд санахад хийж амжаагүй ч юм уу, харамсдаг зүйл бий юу? 

- Оюутан байх хугацаандаа өөртөө болон хичээлдээ хангалттай цагийг зарцуулж, эзэмших ёстой мэдлэг чадвараа эзэмшиж чадсан гэж үздэг болохоор харамсах зүйл байдаггүй. 

YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил юм болов уу?

- Орчин үед хуульчдын тодорхой ажлуудыг хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой болсон. 1,000 гаруй хуудастай хууль зүйн дүгнэлтийг нэг минут хүрэхгүй хугацаанд 40 орчим хуудас болгон хураангуйлж чадаж байна. Гэрээ боловсруулах ажлыг хүртэл хиймэл оюун ухаанаар хийдэг болсон. Цаашид эрхзүйн туслалцаа үзүүлдэг, өмгөөллийн зах зээл дээр ажилладаг хуульчдын үүн шиг зарим нэг чиг үүргийн ажлуудыг орлуулах боломжтой. Харин шүүгч бол гэм бурууг дэнсэлдэг өндөр хариуцлагатай ажил. Шүүгчийн мэргэжлийг орлуулах хүртэл хиймэл оюун ухаан хөгжих, мөн үүнийг хууль ёсны болгож зөвшөөрүүлэхэд бол чамгүй олон жил шаардагдах байх. 


YOLOМонгол улсад энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр их байдаг вэ? Дутагддаг уу? Аль эсвэл илүүддэг үү?

- Эрхзүйч мэргэжлээр төгсөж байгаа боловсон хүчний тоо маш өндөр байна. Энэ тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаа боловч тэдэн дундаас ажлын байрны шалгуурт тэнцэх хүмүүс нь цөөрч байна. Тоог зэмлэх биш чанарыг сайжруулах шаардлагатай. Хэдий энэ салбарт мэргэжилтэн элбэг байгаа ч чадвартай боловсон хүчин хэзээд хэрэгтэй байдаг шүү.

YOLOЭнэ мэргэжлээр суралцаж буй оюутнуудад заавал унших номыг санал болговол?

- Миний зүгээс сэтгэлзүйн шинжлэх ухааны ном, сурах бичгийг ахиухан уншихыг зөвлөж байна. 

YOLOТа юунаас урам зориг авдаг вэ?

- Шүүх хуралдаан дээр шийдээ түгшүүртэйгээр хүлээж байхад нааштай шийдвэр гарах, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж чадаад талархлын үг сонсох зэргээс урам зориг авдаг. Харин гэр бүлийн хүрээнд үр хүүхдүүдээсээ эрч хүч авч цэнэглэгддэг дээ. 


YOLOЯрилцлагын төгсгөлд энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж зөвлөгөө өгөөч.

- Миний суралцаж байх үе одоогийнхоос тэнгэр газар шиг ялгаатай болжээ. Бидний үед сурах бичиг гээд 10 гаруй номтой, тэдгээрийгээ цүнхлээд мөрөө мурийтал үүрдэг, интернэтээс хуулиудаа уншиж болдоггүй, интернэт нь ч гэж 128 kbps-ээс хэтэрдэггүй хурдтай байлаа шүү дээ. Харин өнөөгийн та бүхэнд бүх боломж нээлттэй байна. Сурах бичиг, интернэт гээд хүссэн мэдээллээ авах эх сурвалж нээлттэй байгаа учир суралцах хугацаандаа өөрийгөө бүрэн дүүрэн дайчлаад, эргээд харахад өөртөө харамсах зүйлгүйгээр минут, секунд бүрийг үр дүнтэй өнгөрөөгөөрэй гэж хэлмээр байна. Өрсөлдөөн ч ширүүсэж байна. Үеийнхнээс чинь авахуулаад хиймэл оюун ухаан гээд өрсөлдөөн мундахгүй учир өөрийгөө сайтар хөгжүүлээрэй. 

YOLOБидэнтэй ярилцсанд баярлалаа.

#Мэргэжил #Career #Өмгөөлөгч #Мэргэжил сонголт