Alimaa's movie guide:Сонирхлоороо ажиллаж байхад ямар ч саад тулгарсан “ДОНДОГМАА” шиг босоод л ирдэг


Yolo.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноор өөрийн хоолойгоороо хэдийнэ танил болсон Alimaa`s movie guide-ийн хөтлөгч Алимаа эгчийг урьж оролцуулсан билээ. Бид хоёрын хөнгөхөн сэдвээр хөөрөлдсөн хөгжилтэй ярилцлагыг тухлан сууж таалан болгооно уу? 

YOLO: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний мэдэхээр танд 3 нэр байдаг. Alimaa`s movie guide-р бол Алимаа, Эгшиг Ганаа 2-ын хосын влог-р Эгшиг, харин фейсбүүкийн нэрээр Хишигбуян энэ 3 нэрний аль таны эцэг эхээс оноосон жинхэнэ нэр вэ? 
Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Нэрний хувьд ингэсэн юм /инээв/. Хишигбуян гэдэг нь миний паспортын нэр. Эгшиг бол миний багийн нэр. Манай эмээг бас Хишгээ гэдэг байсан юм. Ээж намайг дуудахдаа Хишгээ гээд дуудчихсан чинь эмээгийн найзууд “Ээжийнхээ нэрээр охиноо дуудлаа” гээд Эгшиг гэж дуудахаар болсон. Хишигээ, Эгшигээ гэхээр жоохон төстэй байгаа биз. Одоо бүгд намайг Эгшиг гэж дууддаг. Харин Alimaa`s movie guide-г анх Dulmaa`s movie guide гэж нэрлэе гэж байсан. Тэгэхээр нь би “Дулмаа юу? No no no ядаж Алимаа” гээд л Алимаа гээд нэрлэчихсэн.
YOLO: Нэрнийхээ учрыг тайлсан болохоор Эгшиг эгчийн тухай ярилцъя. Манай сайт зөвхөн өсвөр насныханд зориулсан учраас өсвөр насныхаа тухай манай уншигчдад хуваалцаач?
Өсвөр насандаа би их даруухан охин байлаа. Манай 10 жилийн ангийн багш англи хэлний багш байсан. Багшийгаа хараад заавал багш л болно гэж боддог байлаа. Бодсон бодол маань биеллээ олж 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Олон улсын Улаанбаатар их сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Тэгээд маргааш нь буюу 16-нд одоогийн ажиллаж буй ажилдаа орсон.


YOLO: Англи хэлний багш мэргэжилтэй хирнээ одоогийн ажиллаж буй ажилдаа яаж орсон бэ? Их сонирхолтой юм. Анх ажилдаа орж байсан түүхээсээ  хуваалцаач?
Би Тик Ток дээр нэг бичлэг хийж байсан юм. Тэр бичлэгийг үзээд намайг дуудсан. Очоод уулзтал ажлын нөхцөл нь надад их таалагдсан учир саналыг нь зөвшөөрсөн одоо харин Алимаа болчихсон сууж байна /инээв/. Alimaa`s movie guide-ийн санаа нь Монголд байдаггүй контент байсан учир их таалагдсан юм.
YOLO: Нэг кино ярихад хэр их хугацаа шаарддаг вэ? киногоо үзнэ дараа нь хоолойгоо бичүүлнэ гээд их ажил ордог байх.  
Эхлээд мэдээж киногоо үзнэ. Үзэж байх явцдаа төрсөн сэтгэгдлүүдээ цаасан дээр гялс буулгаад авчихдаг. Жишээ нь: Twilight-г үзэж байхад Белла нурмагар санагдсан учир нурмагар гээд л ярьчихсан. Сэтгэгдлээ дор бүр нь тэмдэглээд авчихвал дараа нь зохиолоо бичихэд амар болдог. Зарим хүмүүс бодохдоо шууд үзчихээд ярьдаг мэт ойлгоод байдаг. Тэрийг чинь хийхэд хөөрхөн удна /инээв/. Хүмүүст хүргэж байгаа контент учраас аль болох сонирхолтой, хүртээмжтэй хийхийг бодно. Цаг зарцуулалтын хувьд бүтэн нэг өдрийг зарцуулдаг. Өглөө киногоо үзнэ өдөртөө зохиолоо бичнэ. Орой ажил тарахаас өмнө хоолойгоо бичүүлээд маргааш нь видео инженертээ өгдөг.

 


YOLO: Алимаагийн хамгийн анхны бичлэг цацагдахад хүмүүс их сайнаар хүлээж авсан. Бараг үзээгүй хүн ховор биз. Эхний бичлэгээсээ л магтаалд булагдсан таны тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан?
Эхэндээ бол үнэхээр гоё. Хүмүүс дуртай хүлээж авсан болохоор сэтгэлд өег гоё байсан. Их урам, зориг орчихдог юм билээ. Эхэндээ гоё гэдгээ одоо тайлбарлая. Одоо хүмүүс намайг харж байгаа гэж бодохоор жоохон биеэ барих гээд байдаг болсон. Өмнө нь фейсбүүкийн хэдхэн найзтайгаа элий балай постуудаа постлоод л найзуудынхаа дарсан ганц нэгхэн лайкнд урамшаад л. Одоо харин жоохон өөр. Гэхдээ гоё шүү /инээв/
YOLO: 5 жилийн өмнөх та , одоогийн та, 5 жилийн дараах та гээд харьцуулан яривал?
5 жилийн өмнөх би сургуулиа хаячихсан, өөрийгөө хайсан “би” байсан. Сургуулиа хаячихсан гэхээр гайхаж магадгүй. Би Улаанбаатар их сургуульд англи хэлний багш мэргэжлээр суралцахаасаа өмнө Хятад хэлний орчуулагчаар сурч байсан. Эцэг эх маань тухайн үед "Миний охин англи хэлдээ гайгүй юм чинь нэмээд хятад хэл сурчих төгсөөд Оюу толгойд ороод ажиллачих цалин өндөр гэхэд нь би “за тэгье өө” гээд л орчихсон".

Тэр үед хүсэл зорилго л хүнийг мотивацижуулдаг зүйл гэдгийг ойлгосон. Дургүй зүйлээ хийж байгаа хүн эхний саад тулгарахад л шантардаг. Харин сонирхлоороо ажиллаж байгаа хүн ямар ч саад тулгарсан "дондогмаа" шиг босоод л ирдэг. Тэгээд өөрийн сонирхлоо дагаж хятад хэлний орчуулагч мэргэжлээ больж англи хэлний багшаараа сурсан юм. Одоогийн би бол сургуулиа төгсчихсөн ажилтай болчихсон нилээн завгүй гүйгээд байна. Мөн одоогийн “би”-д их дуртай байгаа. 5 жилийн дараах өөрийгөө хэлж мэдэхгүй байна. Ямар Ванга бишдээ /инээв/.

 


YOLO: Одоо ярихийг хүсч байгаа кино болон ирээдүйд ямар контент бүтээх санаа байна нэг ёсны зорилго ч юмуу?
Олон ажлууд төлөвлөж байгаа. Жишээ нь: Alimaa`s movie night хийе гэх төлөвтэй байна. Одоо өвөл болохоор дотор зохион байгуулах байх. Зун бол ойн модон дунд гэрэл тавиад, дэлгэц засаад, гал түлж хөөсөн чихэр шарж идээд, би тайзан дээр киногоо яриад л. Магадгүй хүмүүс сонирхох ч юм билүү. Намайг киногоо ярихдаа ямар царай гаргадгийг, яаж ярьдаг гэдгийг хармаар байгаа хүмүүс байгаа байх.
YOLO: Ярих киногоо сонгохдоо өөрийнхөө хүссэн киног ярьдаг уу? Эсвэл үзэгчдийн хүсэлтээр ярьдаг уу?
Эхэндээ өөрийнхөө хүссэн киног ярьдаг байсан. Харин одоо үзэгчдийн саналыг сонсох болсон. Жишээ нь Харри Поттер киног үзэгчдийнхээ хүсэлтээр ярьж дуусгасан. Цаашдаа ч бас үзэгчдийн хүсэлтээр кинонуудаа сонгон ярина.

 


YOLO: Хийж үзэх зүйлсийн жагсаалт байдаг уу?
Байлгүй яахав. Онгоцноос шүхрээр бууж үзэхийг, туйлын туяа харахыг хүсдэг. Далай доорх буудалд нэг өдөр хонож үзмээр л байна. Бараг нойр хүрэхгүй байх /инээв/.
YOLO: Аялахыг хүсдэг орон?
Миний үзэж байсан ихэнх Солонгос драм дээр Итали улс их романтик дүрслэгдсэн байдаг учир заавал очиж үзмээр санагдаад атаархаад “Аглуу зан” хөдлөөд байдаг шүү. New York-д очиж Christmas-ийн баярыг хармаар байна. Япон соёл их таалагддаг учир Япон улсад очиж нүдээр хармаар байна.

 


YOLO: Өсвөр насандаа өөрөөсөө салгадаггүй байнга авч явдаг зүйл байсан уу?
Өдрийн тэмдэглэл. Бараг өдөр болгон тэмдэглэл хөтөлдөг байсан. Сүүлд тэрийгээ олж унших нээ Тэнгис гээд нэг хөвгүүнтэй үерхдэг байсан үеийн тэмдэглэл бичээстэй байсан. “Тэнгис рүү мессеж бичсэн чинь хариу ирдэггүй. Өө нэгж дуусчихсан байна” гээд л аягуу хөөрхөн. Өсвөр насандаа тэмдэглэл хөтлөх нь их дурсамжийг агуулж байдаг шүү.
YOLO: Өсвөр насны хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Өсвөр нас гэдэг өөрийгөө таних нас гэж би боддог. Энэ үедээ өөрийнхөө үзэл бодол юу болохыг, би гэж хэн болохоо таньчихвал ирээдүйд хийх сонголтууд чинь зөв байх болно. Өсвөр насандаа өөрийгөө сайн сонсож, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө таниарай.
Цаг заваа гарган ярилцсан танд маш их баярлалаа.

 

#Entertainment