2018 онд уншвал зохих 8 ном


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2018-06-04

Ном унших нь оюуны чадвар,  бодож сэтгэх, шинэ санаа, бичих чадвар гэх мэт олон зүйлсийг нэмэгдүүлдэг шидэт түлхүүр юм. Тийм ч учраас “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл та бүхэнд энэ жил уншвал зохих 8 номыг танилцуулж байна.

1.АЛХИМИЧ

“Алхимич” номны зохиолч Пауло Коэльо өнөө үеийн хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг. Түүний зохиолууд 100 сая хувиар дэлхийн хамгийн олон хэлээр хэвлэгдэн гараад байгаа билээ. Пауло Коэльо 1947 онд Бразилд төрж, зохиолч болтлоо олон төрлийн ажил хийж үзжээ. Харин 1987 онд ном бичих хүсэлдээ хөтлөгдөн “Мөргөлчид” зохиолоо тууривсан аж.

Пауло Коэльогийн дараагийн тууж болох “Алхимич” нь хамгийн ихээр алдаршиж 30 сая хувиар хэвлэгдсэн юм. Нийтдээ 18 зохиол хэвлүүлсэн бөгөөд олон улсын зохиолын томоохон шагнал хүртсэний дотор Дэлхийн эдийн засгийн чуулганы Болор шагнал, Францын Лежион д’Оннёр ч бий. Пауло Коэльо 2002 онд Бразилийн Хэл Бичгийн Академийн гишүүн болжээ.

Номны талаар товч танилцуулвал:
Залуу хүү Сантьягогийн хүсэл мөрөөдлийн тэмцлээр энэхүү зохиол хөглөгдөнө. Испани орны жирийн нэгэн хоньчин залуу хонио хариулж явах зуураа юу эсийг эрэгцүүлж, юу эстэй тохиолдохов. Сантьяго урьд өмнө хэн ч хэзээ ч олж хараагүй, ертөнцөд хосгүй сайхан эрдэнэсийг олж авах мөрөөдлөө даган Испани эх орноо орхин алс холын аян замд гардаг.

Тэрээр Африк тивийн баруун хойд өнцгөөс Египтийг зорьж Сахарын элсэн цөлийг гатлан явахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд нь Орчлонт ертөнц тэр чигээрээ түүнд тусалдгийг ойлгож авна. Ингээд Сантьягогийн ертөнцийг нээх хийгээд өөрийгөө олох том аялал эхэлдэг. “Алхимич” нь хүн өөрийн зүрх сэтгэлээ сонсох, амьдралын зам дээр буй дохио тэмдгийг олж харах, хамгийн чухал нь мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдрах тухай өгүүлж, уншигч бидний сэтгэлийн хэмнэлийг хөглөх увидастай зохиол юм.


2.  “ТООМЖИРГҮЙ АМЬДРАХ БЯЦХАН УРЛАГ”

Эхлээд зохиогчийн тухай цухас танилцуулъя. Өдгөө 34 настай Марк Мэнсон 2007 онд буюу яг санхүүгийн уналт, эдийн засгийн хямралын үеэр төгсөж, наян жилд байгаагүй хамгийн муу ажлын зах зээл дээр гарчээ. Тэгээд нэлээд хэцүүхэн хэдэн сарыг туулсны дараа 2008 оноос онлайн бизнес буюу блог ажиллуулах болсон байна. 2009 онд болзооны блог, зөвлөгөө өгөх курс нь боломжийн орлого өгөх болсон тул гэрээ орхин Латин Америкийг зорьж, хөгжиж буй орнуудын бага өртгийг ашиглан бизнесээ өргөжүүлэхийн сацуу шинэ газар орон, соёлтой танилцахыг хүсжээ. Үр дүнд нь тэр 5 жилийн турш 55 улсаар аялж, олон найз нөхөдтэй болж, мөн өөрийнх нь хэлснээр олон амрагтай учирчээ. Ингэж явсныгаа тэрээр, мөнгийг биш эрх чөлөөг үнэт зүйлээ болгосонтой холбон тайлбарладаг.

"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номдоо тэр, өөрийн амьдралд тохиолдсон явдлууд, тэдгээрээс олж авсан сургамжийг зарим сонирхолтой жишээ, судалгаатай холбон бичсэн байна. Номын гол санааг бүлгүүдийнх нь дараах гарчгууд илтгэнэ: "Битгий хичээ", "Аз жаргал бол асуудал", "Та онцгой биш", "Зовлон шаналлын үнэ цэн", "Сонголт үргэлж таных", "Та бүх зүйлийн талаар эндүү бодож байна", "Бүтэлгүйтэл бол урагшлах зам", "Үгүй гэж хэлэхийн ач холбогдол", ".... тэгээд та үхнэ".

Өөрөөр хэлбэл, та бол цорын ганц, давтагдашгүй хүн, эерэг сэтгэлгээ амжилтад хөтөлнө, сэтгэл хөдлөлөө удирд гэх мэт түгээмэл зөвлөгөөг өгөхийн оронд хүн гэдэг сул талтай, сэтгэл хөдлөлтэй, алдаа гаргадаг, буруу итгэл үнэмшилд автдаг, ихэнх хүн ихэнх зүйлийг дундаж хэмжээнд хийдэг гэдгийг зохиогч хэлж байна. Гагцхүү ийм нөхцөлд сайн сайхан, аз жаргалтай амьдаръя гэвэл өөрийн онцлог, сул тал, чадамжийг хүлээн зөвшөөрч, хатуу үнэнтэй нүүр тулгарч, ямар ч хүнд асуудал бэрхшээл зайлшгүй тохиолддог гэдгийг мэддэг байх хэрэгтэй хэмээн өгүүлжээ.


3. БҮСГҮЙН КОД

2003 онд хэвлэгдэн гарсан Барбара Коркоран хэмээх үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч бүсгүйн бичсэн “Use what you have got & other lessons I learned from my mom” нэртэй ном хэдхэн сарын өмнө Монгол хэлнээ орчуулагджээ. Дашрамд сонирхуулахад Барбара нь Америкийн ABC сувгийн “Shark Tank” цувралын гол 5 Shark -ийн нэг юм

Бүсгүйн код номны товч агуулга:
Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Ныо-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг. Манхэттений "Үл хөдлөхийн хатан хаан" хэмээгдэгч хатагтай энэ удаад нийт бүсгүйчүүдэд эрчүүд давамгайлсан ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олохоос эхлүүлээд эмэгтэй хүний онцлог, бяцхан охидын хүмүүжил цаашилбал шинжлэх ухааны олон гайхалтай судалгааны үр дүнг дэлгэн дэвтэрлэжээ.


4. ВЕРОНИКА ҮХЭХЭЭР ШИЙДСЭН НЬ

Та бүхэндээ Пауло Коэльогийн “Вероника үхэхээр шийдсэн нь” номын тухай товчхон хүргэж байна. Энэ романд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ердөө долоо хоног өнгөрүүлэхдээ сэтгэл зүйн асар их шалгууртай тулгаран тэмцэж буй залуухан бүсгүйн тухай гардаг юм.

“1997 оны арваннэгдүгээр сарын 11-нд Вероника амьдралтай тооцоо хийхээр эргэлтгүй шийджээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн сүмд хөлсөлсөн өрөөгөө хичээнгүйлэн цэвэрлэж, шүдээ угаан, орондоо орлоо”.

Зохиол ингэж эхэлдэг. Вероника хэмээх хорин дөрвөн настай үзэсгэлэнтэй эмэгтэй нар мандахыг ахиж харахгүй хэмээн гэнэтхэн шийдээд л атга дүүрэн нойрны эм уучихдаг. Ингээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ухаан орно. Түүнд ажил мэргэжил, найз нөхөд, аав ээж гээд бүх юм байсан боловч нэг л зүйл дутуу санагддаг байлаа. Харин амьдралаас чухам юуг хүсээд буйгаа өөрөө ч мэдэхгүй байв. Түүний ухаан орсон эмнэлэг бол 1911 онд Словени тусгаар тогтнолоо олсноос хойш ажиллаж эхэлсэн “Вилетте” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг. Олон жилийн ял авах хэрэг хийсэн эсвэл мөнгө зээлдэгчдээсээ зугтаж буй хүмүүс энд бүгж болдог байв. Ингэхийн тулд мөнгө төлөхөд л хангалттай. Энэ хананы цаана буй хүмүүсийн дийлэнх хувийг сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд бус өөрийн хүсэлтээр ирсэн, эрүүл саруул орогногчид эзэлж байлаа. Ерөнхийдөө бол “Вилетте” нь хэн ч оргохыг хүсдэггүй “хоргодох байр” байж.

Вероникаг сэрэхэд эмч нар түүнд долоохон хоногийн нас үлдсэн гэдгийг хэлнэ. Энэ мэдээ амиа хорлох гээд бүтэлгүйтсэн эмэгтэйд сайхан сонсогдсон нь мэдээж. Эхэндээ тэр цаг хугацаа хурдан өнгөрөөд өгөөсэй, түргэхэн үхэх юмсан гэсэндээ бараг л цаг, минутыг тоолж байв. Гэтэл энэ эмнэлэгт байхдаа найзуудтай болоод зогсохгүй хайр дурлалтай учирдаг. Гэсэн ч түүнд хэдхэн хоногийн нас үлдсэн байхад амьд явах хүсэл хичнээн байгаад ч нэмэргүй байлаа. Зедка, Мари гэх хоёр найзтайгаа ярилцаж ойлголцох тусам амьдралын зарим нэг зүйлсийг ойлгож, эрх чөлөө амьд явахын хүслэнд автана. Гэхдээ тэр амьдрахын төлөө тэмцдэггүй. Гадаа хашаанд нарлаж, унтаж өдрийн ихэнхийг бараад шөнө нь дурлалт залуу Эдуарддаа төгөлдөр хуур тоглож өгөн цаг нөхцөөж үхлээ хүлээнэ. Гэвч түүний дотор хүн сэрж, ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгджээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр өөрийгөө үзэн ядахаа больж хайрлаж эхэлсэн байлаа.

Гэтэл “Вилетте”-гийн ерөнхий эмч Игорь, Вероникаг долоо хоногийн настай болсон хэмээн худал хэлсэн байжээ. Эмчийн хийж буй судалгаанд түүний хариу үйлдэл ямар нэг байдлаар ашигтай байсан хэрэг. Залуу бүсгүйн бие нь эрүүл бөгөөд сэтгэл мэдрэлийн ямар ч гаж буруу өөрчлөлтгүй байлаа. Харин ч амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн болжээ.

Мөн зохиолд гарч байгаа Зедка, Мари, Эдуард гурвын түүх ч нэн сонирхолтой. Энд ирэхээсээ өмнө бүгд л өөр өөрийн гэсэн амьдралтай, амьдрах, сэтгэн бодох, тэмүүлэх чадвартай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байсан. Гэхдээ тэд эцэст нь өөрийгөө олонхиос өөрөөр сэтгэж, өөр зүйлд тэмүүлж байгаагаа мэдэрч түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийхийг оролдоход ойр дотнынхон нь ойлголгүй “Вилетте”-д нуужээ. Коэльогийн өөрийнх нь амьдралаар сэдэвлэсэн энэхүү алдартай романаас уншигч та өөрийнхөөрөө байх эрх чөлөөг хүсэмжилж, угтан ирж буй өдөр бүр бүхнийг шинээр эхлэх боломж гэдгийг ойлгож ухаарах учиртай.

Энэ номын хэлэлцүүлэг энэ оны 6-р сарын 23нд “Тархи цэнэглэгч клуб”-д болох ажээ.


5.АННА КАРЕНИНА

Зохиолчийн товч намтараас:
Оросын нэрт зохиолч Лев Николаевич Толстой Тула мужийн Ясная Поляна хэмээх эдлэнд төржээ. 1862 онд София Андреевна Берстэй гэрлэсэн тэрээр 13 хүүхэдтэй байв. Тэдний тав нь хүүхэд ахуйдаа энджээ. Хамгийн алдартай хоёр бүтээл болох "Дайн ба энх", "Анна Каренина" роман нь бүх цаг үеийн хамгийн шилдэг романуудын тоонд ороод зогсохгүй реалист утга зохиолын оргил гэгддэг. Түүний  хүчирхийллийн бус замаар тэмцэх үзэл санаа нь Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарын XX зууны улстөрийн нөлөө бүхий тэмцэгчдэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрээр Христийн шүтлэгтэй ба хүч хэрэглэхийн эсрэг байдаг байсан. Түүний "Бурхны хаанчлал таны дотор бий" гэсэн бүтээлийн хүмүүст үзүүлсэн нөлөөг Махатма Ганди болон Мартин Лютер Кингтэй зүйрлэж болно. Тэр Астапово галт тэрэгний буудал дээр 1910 онд 82 настайдаа нас баржээ.

Оросын суут зохиолч Лев Николаевич Толстой бол 19 зууны дэлхийн утга зохиолын гоц үзэгдэл байлаа. Түүний зохиол бүтээлийн өв 100 шахам ботиор хэмжигддэг бөгөөд манайд “Дайн ба Энх” , “Анна Каренина” , “Сэхээрэлт” романууд, олон тооны тууж, өгүүллэг, үлгэр нь орчуулагджээ.

Номын тухайд:
Анна Каренина” зохиол бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Энхүү зохиолд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлдэг. 1873-1877 онд туурвисан энэ роман нь зохиолчын алдрыг дэлхийд өргөсөн “Дайн ба Энх”-н дараа орох хоёр дахь том бүтээл юм. Анна Каренинагийн дүрээр нийгмийн анги давхарга, боловсрол, эмэгтэйчүүдийн эрх зэрэг 19-р зууны сүүлийн хагаст Орос оронд нүүрлэсэн олон асуудлыг зохиолч өөрийн улс төрийн итгэл үнэмшилд тургуурлан хөндөж уншигчдын хэлэлцүүлэгт өргөсөн байдаг. Номын дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрөлдөөнийг нь нарийвчлан харуулах замаар тухайн үеийн Орос оронд баримталж байсан үзэл бодол, нөхцөл байдлын хүлээсүүдийг хүний нийгминй сайн, муу аль аль талаас нь хөндсөн учир гялалзсан амжилттай бүтээл юм. Тийм учраас энэ жил уншвал зохих номын тоонд оруулж байгаа билээ.


6.ЖАРАН ЦАГААН ХОНЬ

Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” номны 2-р дэвтэр болох “Жаран цагаан хонь”.
“Ногоон нүдэн лам” роман гарсан даруйдаа олон хүний унших дуртай ном болсон бөгөөд олон хүн энэ номны 2-р дэвтрийг тэсэн ядан хүлээж байсан билээ. Энэ роман нь бидний үеийн залууст их ухаарал төрүүлж олон зүйлийг дахин бодоход туслах юм. Тийм учраас энэ номыг энэ жил уншвал зохих 10 номын тоонд оруулж байгаа билээ. Мөн энэ номны 1-р ботийг заавал унших хэрэгтэй. Эхний ботийг нь уншиж байж 2-р ботийг нь ойлгоно .Ингээд номны товч агуулгыг уншигч хүүхдүүддээ танилцуулье:

Номын зохиогч Ц.Оюунгэрэл “Бидний өвөг дээдсийн жаргал, зовлонгийн тухай өгүүлэхийг зорилоо. “Ногоон нүдэн лам” романыхаа II дэвтрийг бичихдээ аз жаргалтай, шоронгоос гарсан Баасан лам арай илүү жаргасан, сайхан цагийг бичих магадлалтай гэж бодож байсан. Гэвч бичиж эхэлтэл ганц Баасангийн биш Монголын малчин ардын зовлон гарч ирсэн. Бидний түүхийн сурвалж бичигт байхгүй тийм зовлон, жаргалыг мэдсэн. Баасан ламын үлдсэн бүх амьдралыг бичье гэж бодсон ч чадаагүй. Учир нь тавхан жилийн амьдрал, үйл явдлыг бичихэд 586 хуудас болсон” хэмээсэн юм.

Баасан, Сэндмаа нарын хувь заяа, хайр дурлал хэрхэн үргэлжлэх болоод Монгол Улсын түүхийн нугачаа, нууцлагдмал байсан он цаг, үйл явдлын тухай энэхүү романаас уншиж болох нь.


7.МАСТЕР МАРГАРИТА ХОЁР

Энэхүү роман нь реализм, ид шид, урлаг, шашин, түүхэн болон зөвлөлтийн цаг үеийн нийгмийн чиг хандлага, үнэлэмжийг өөртөө агуулсан шилдэг роман юм. Арван есдүгээр зууны Оросын сонгодог уран зохиолын үр бүтээлийн оргил үе байсан бол хорьдугаар зуунд Зөвлөлт засаг тогтон хэвлэл зохиолын эрх чөлөөг хяхан боогдуулснаар олигтой романууд төрөн гарах нөхцөл хаагдаад байсан ч Михайл Булгаков нууцаар өөрийн “Мастер Маргарита хоёр” зохиолоо бичсэн нь түүнийг нас барснаас 27 жилийн дараа хэвлэгдсэн юм. Тэр даруйд нь англи орчуулга нь баруунд гарч урьд өмнө нь барууны утга зохиолын ертөнцөд бараг мэдэгдээгүй байсан зохиолч алдаршиж эхэлсэн юм.

Булгаковын энэхүү роман нь Зөвлөлтийн үеийн хамгийн шилдэг, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гоц гойд роман болж чадсан юм.

Романд гурван өөр газар болж буй үйл явдлыг харуулна. Үндсэн үйл явдал 1930-аад оны Москвад өрнөнө. Профессор Воланд нэрээр чөтгөр Москвагийн гудамжаар Ариун долоо хоногийн үеэр өөрийн дөрвөн туслахтайгаа хамтран өөрсдийн замд таарсан хүмүүст хар шидийг хэрэглэж явдаг билээ. Нөгөө нэг үйл явдал галзуугийн эмнэлэгт өрнөх бөгөөд энд Мастер, Маргарита хоёрын талаар гарна. Гурав дахь үйл явдал нь Мастерийн бичсэн роман маягаар тавигдаж байгаа Иешуа га-Ноцри (Назаретийн Есүс Христ) болон Понтий Пилатын талаар өгүүлнэ. Москвагийн талаар өгүүлэхдээ Булгаков фантаз, уран шийдлийг ашиглан Сталины үеийн зөвлөлт холбоот улсыг егөөдөж байгаа нь энэ романы нэг онцлог юм. Гэтэл Орос орны байдалтай эсрэгцэн тавигдаж буй библийн гэмээр гурав дахь үйл явдал маш реалист байдлаар бичигдсэн байдаг.

Зохиолын өрнөлийн нэгэн чухал элемент нь Мастерийн шатсан гар бичмэл дээр тулгуурласан байдаг. Булгаков 1930 оны гуравдугаар сард түүний “Кабалын хоёр нүүртнүүд” жүжиг нь тоглогдохоос хориглогдсоныг мэдээд эхний гар бичмэлээ зууханд шатаагаад хаячихсан гэдэг. Булгаков 1931 онд романаа дахин бичиж эхэлжээ. 1935 онд Булгаков Спасын ордны Хаврын фестивальд оролцсон гэдэг. Эндээс тэр өөрийн романдаа үдэшлэгний хэсгийг нэмэх санаа төржээ. Хоёр дахь гар бичмэл 1936 онд бичигдэж дуусжээ. Энэ гар бичмэлд үндсэн үйл явдлууд бүгд орж өгсөн байлаа. 1937 онд гурав дахь хувилбар бэлэн болжээ. Тэр 4 дэх хувилбар дээрээ ажиллаж байгаад 1940 онд нас барсан юм. Энэ хувилбарыг эхнэр нь 1941 он гэхэд гүйцээн бичиж дуусгасан байна.

“Мастер Маргарита хоёр” зохиолын гар бичмэлийг түүний эхнэр Елена Шиловскаяа хэвлэлтэд өгөлгүй нуусаар Хрущевийн засгийн газар гарч ирсэн үед боломж олдон хэвлүүлсэн юм. “Мастер Маргарита хоёр” романаа Булгаков үнэндээ 1928 оноос бичиж эхэлсэн юм. Анх 1966 онд “Мастер Маргарита хоёр” зохиол “Москва” сэтгүүлд цуврал болон хэвлэгдсэн юм. Гэхдээ энэ нь хорио тавьсан хувилбар байсан юм. Учир нь энэ нь романы текстийн 12 хувийг хасаж, өөрчлөлт оруулсан хувилбар байсан юм.

1967 онд Франкфуртийн Посев хэвлэлийн газар гар бичмэлээс ямар нэг хэсгийг хасалгүйгээр бүрэн ном хэлбэрээр романыг хэвлэсэн байна. Харин Орост роман бүрэн эхээрээ “Художественный литература” компанид Анна Саакианцийн бэлдсэн байдлаар 1973 онд анх хэвлэгдсэн юм. Эцсийн бүрэн хувилбарыг 1989 онд Лидия Яновскаяагийн бүх боломжит гар бичмэлүүдээс нэгтгэн бэлдсэн байдлаар хэвлэжээ.
Энэхүү роман нь гарсан даруйдаа олон уншигчдийг татаж улмаар орос хэлэнд хэлц болсон олон хэллэгүүд энэ романаас эхлэлтэй байдаг. Жишээ нь “гар бичмэлүүд хэзээ ч шатдаггүй” (рукописи не горят), “хоёрдугаар зэргийн шинэхэн байдал” гэх мэт.

Энэхүү романаа бичихэд Булгаковт Германы аугаа найрагч Вольфганг Гётегийн “Фауст” зохиолын эхний хэсэг ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Мөн Николай Гоголийн зохиолууд нилээн нөлөө үзүүлжээ. Харин Иешуа га-Ноцрийн тухай хэсгийг Фёдор Достоевскийн “Ах дүү Карамзовынхан” зохиол дээрх ёгт үлгэрээс сэдэвлэсэн гэдэг. Харин чөтгөр хүмүүсийн нийгэмд дүрээ хувирган айлчилж буй санааг Булгаков Луйс Велез де Гевара хэмээх зохиолчийн 1641 онд бичсэн “Зэрэмдэг чөтгөр” гэдэг зохиолоос олж авсан байж болох юм гэж үздэг.

“Мастер Маргарита хоёр” роман Москвагийн гудамжинд шүүмжлэгч, яруу найрагч хоёрын хоорондын Есүс Христ, чөтгөр байдаг эсэх дээр маргалдаж байх үед чөтгөр тэдэн дээр айлчилж байгаагаар эхэлдэг.


8.АМЬТНЫ ФЕРМ

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” хэмээх алдартай ишлэлийг та олон дуулж байсан байх. Энэ бол Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх жижигхэн ч часхийсэн айхтар номд гардаг үгс л дээ. Дашрамд сонирхуулахад “Амьтны ферм”-ийг Оруэлл 1945 онд бичсэн байдаг юм. Зөгнөлт ном гэсэн үг. Тэгсэн хэрнээ эв, хамтын уриаг эрхэмлэсэн социалист дэглэмийг нуран унасны дараа шоглон бичсэн мэт санагдах нь гайхалтай.

Англи оронд Жонес гэх хүний эзэмшлийн “Эртний ферм” хэмээх ферм байна. Нэгэн шөнө эзнээ унтсаны дараа Өвгөн хошууч гэгдэх нэр хүндтэй хөгшин бодон бүхий л амьтанд хачирхалтай зүүд зүүдэлсэн талаараа ярьж өгөхөөр цуглуулна. Тэрээр Англи даяар бүх амьтан хүний дарлалаас ангижирч тэгш эрхтэйгээр амьдарч, үржил шимт нугад амар тайван идээшилж болох талаар ярин бослогод уриална. Түүнчлэн түүний зүүдэнд “Английн мал сүрэг” хэмээх дуу орсныг амьтдад сонсгосон нь тэр дорхноо цээжлэгдэнэ. Үнэхээр ч мах, сүү, өндөг гээд хамаг зүйлсээ өгдөг боловч эргээд үргэлж тарчиг амьдардаг амьтдад түүний үгс таалагдах нь мэдээж. Гурав хоногийн дараа Өвгөн хошууч үхлээ. Түүний хэлсэн үгийн дагуу зарим ухаалаг амьтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Удалгүй Цасанбөмбөг, Наполеон тэргүүтэй бодонгуудаар удирдуулан бослого гаргалаа. Жонесийг ажилчдынх нь хамт хөөж явуулав.

Нүдэнд үзэгдэх бүхэн тэднийх болов. Ингээд “хоёр хөлтэй болгон дайсан, дөрвөн хөлтэй, хоёр далавчтай болгон нөхөд, нэг ч амьтан хувцас өмсөхгүй, нэг ч амьтан оронд унтахгүй, нэг ч амьтан архи уухгүй, нэг ч амьтан нөгөөгөө хөнөөхгүй, бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн долоон зарчмыг тунхаглалаа. Аз жаргал удаан үргэлжилсэнгүй боловч амьтад аз жаргалтай амьдарсаар байна гэдэгт итгүүлж байгаагаар зохиол үргэлжилнэ. Хаа сайгүй зэргэлдээх фермийн хүмүүсээс илүү ажиллах уриа лоозун дэвшүүлэх аж. Ерөнхийдөө эзэн нь солигдсон боловч амьдрал улам дордож урьд өмнө нь ил тод байсан бүхэн нууц болсон хэрэг. Удирдагчдын дунд ч хагарал гарна. Бослогын үеэр эрэлхэгээр тулалдсан Цасанбөмбөг нь Наполеонтой юм бүхэн дээр зөрж эхэллээ.

Цасанбөмбөг бусад фермүүдийг хүний дарлалаас чөлөөлж Англи даяар амьтдыг босгох болон цахилгаан үүсгэдэг салхин терм барьж амьтдыг тохилог, гэрэлтэй байранд амьдруулахаар зураг төслийг гаргана. Харин Наполеон өөр бодолтой байжээ. Бослогын дараа тус фермд байсан хоёр нохойны дундаас найман гөлөг гарсныг Наполеон сурган хүмүүжүүлэх нэрийн дор хэнтэй ч уулзуулалгүй ганцаар өсгөнө. Цаг хугацаа явсаар нэгэн өдрийн хурал дээр өнөөх хоёр дахиад л санал зөрлөө. Энэ үед Наполеон урьд байгаагүй хачин байдлаар хяхнасан дуу гаргахад араа шүдээ гялалзуулсан аварга том найман нохой давхин орж ирнэ.

Тэд Цасанбөмбөгийг фермээс хазаж, уран хөөж явуулав. Энэ үеэс Наполеоны бүрэн эрхшээлд ферм орлоо. Бүх амьтныг ухуулж, хөдөлгөх авьяасаараа тодорсон Цангинуур хэмээх тоорой түүнийг магтан дуулна. Удалгүй өөрийн гэсэн яруу найрагчтай болов. Цасанбөмбөгийн эхлүүлсэн салхин тээрэм Наполеоны санаа байсан болж таарлаа. Ингээд аугаа бүтээн байгуулалтын ажилд амьтдыг дайчилж маш бага хүнсний ноогдлоор зүтгүүллээ. Гэвч хүнээр биш амьтад өөрсдөө тусгаар тогтносон сайхан фермд байна гэсэн итгэл үнэмшлээр ухуулга хийсээр л. Ажил нурсан, хойшилсон бүх л зүйл хөрш фермд нуугдсан Цасанбөмбөгийн хорлон сүйтгэх ажиллагаа гэнэ. Наполеонд таатай ханддаггүй хэдэн бодон гэм буруугаа наминчилж бусдын нүдэн дээр нохдын аманд тасчуулав. Үүнээс хойш өөр санаа бодолтой бүхэн явуулга хийхийг завдаж Цасанбөмбөгтэй хуйвалдсанаа хүлээж дараа нь тасдуулах боллоо. Бодонгууд сүү, алимнаас эхлээд бүхий л амттанг хэрэгцээндээ авна. Түүгээр барахгүй хүмүүстэй наймаалцаж тахиануудаас хүчээр өндгийг нь авч, анхнаасаа тэдний төлөө хамаг хүчээрээ зүтгэсэн Боксер хэмээх хүчирхэг морийг ч бэртмэгц нь мал нядалгааны газар зарчихдаг.

Наполеон дүрэм зөрчих бүрт Цангинуур долоон зарчимд өөрчлөлт оруулж “Угаасаа л ийм байсан шүү дээ” хэмээн ухуулна. “Амьтад нэгнээ хөнөөхгүй” гэсэн дүрэмд шаардлага гараагүй тохиолдолд гэсэн үг нэмэгдэв. “Бүх амьтан тэгш эрхтэй” нь зарим амьтад илүү тэгш эрхтэй боллоо. “Нэг ч амьтан оронд унтахгүй” нь цагаан хэрэглэл дээр унтахгүй гэж өөрчлөгдөнө. Бүр цаашлаад “Нэг ч амьтан архи хэтрүүлэн уухгүй”, “Хүн бол анд нөхөр” болов. Эцэст нь “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” гэсэн ганцаас бусдыг нь арилгалаа. Төгсгөлд нь бодонгууд хувцас өмсч, хоёр хөл дээрээ явж эхэлнэ. Түүгээр ч барахгүй бодонгууд хуучин Жонес эзэн нь амьдарч байсан байранд хүмүүстэй архидаж, мөрийтэй тоглон түүнээсээ болж маргалдан зодолдох аж. Үүнийг номхон дөлгөөн, айдас хүйдэст хучигдсан амьтад цонхоор нь ажиглах бөгөөд аль нь хүн, аль нь амьтан болохыг ялгаж чадахгүй байгаагаар зохиол өндөрлөдөг.

#2018 #Book