Миний санал болгох кино: "Ворошиловын мэргэн буудагч"


Х.Көгершин | YOLO.MN
2022-10-31

Кино үзэх дургүй хүн гэж байхгүй. Кофе уунгаа, хоолоо идэнгээ, ажлын дараа, унтахын өмнө, замд түгжрэхдээ ч киногоо үздэг хорхойтнууд бидний дунд зөндөө бий. Хүн бүрийн сонирхол өөр. Үздэг арга барил, дуртай сэдэв, таашаадаг хэлбэр ондоо. Гэхдээ нэг л асуудалтай ижилхэн тулгардаг нь шинэ киноны сонголт. Амралтын өдрүүдэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй тухлан  үзэх киног танд санал болгож байна. Миний санал болгох кино контентийн энэ удаагийн дугаарт кино шүүмж бичигч А.Мөнгөнийг оролцууллаа. Амралтын өдрүүдэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэй тухлан  үзэх киног танд санал болгож байна. Миний санал болгох кино контентийн энэ удаагийн дугаарт кино нийтлэлч А.Мөнгөнийг оролцууллаа.

Нэр: А.Мөнгөн

Эрхэлж буй ажил: Корпорейт олон нийтийн харилцаа; Кино зохиол, контентын консалтинг

Сошиал хуудсууд: Фейсбүүк пэйж: Mungun

-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн кино?

  • Сэргээш 2 (2003) – Хошин мюзикл, Монгол

Багадаа гэр бүлээрээ кино, хошин шог үзэх их дуртай хүүхэд байсан. “Сэргээш” цуврал Монгол кино, нийгмийн нөхцөл байдал, монголчуудад тулгарч байгаа асуудлыг цаг үедээ гэлтгүй одоо ч үзэхэд тун өвөрмөц шинэлэг, хөгжилтэй өнцгөөс нь бүтээлчээр тусгаж шүүмжилдэг байсан нь сэтгэлд маш их хүрдэг. Тэр дундаа 2-р ангийн агууламж, хийц чанар, жүжиглэлт, дуу хөгжмийг гүйцэх бүтээл манай хошин шогоос дахин хэзээ ч гараагүй санагддаг. Миний хувьд "Сэргээш 2"-ыг Монголын хошин шогийн салбарын “ноён оргил” болсон сонгодог бүтээл гэж үздэг.

  • Jurassic Park (1993) – Шинжлэх ухааны зөгнөлт, Америк

Цэцэрлэгийн жаал би нагац ахындаа кино тоглуулдаг "приставк" гэдэг юм анх олж үзээд, түүн дээр "Юрийн галавын цэцэрлэг"-ийг үзэж байлаа. Үлэг гүрвэл ид сонирхдог байсан үе болоод ч тэр үү байсан бусад киног нь тоолгүй ганцхан энэ бүтээлийг өдөржингөө хэд давтаад үзэж билээ. Кино урлагаар ямар хачин сонин нөхцөл байдал, төсөөлөөгүй зүйлийг бүтээж, айдас, баяр хөөр, сэтгэл догдлолыг бүтээж болдог "ид шид"-ийг тэгэхэд л анх тодоос тод мэдэрсэн болов уу.

  • Princess Mononoke (1997) – Үлгэр домог, Япон

Хүүхэлдэйн хийцлэл (animated medium)-ээр хүүхдэд гэлтгүй насанд хүрэгчдийн ч бодол сэтгэлийн гүнд нэвтэрч болдгийг гэрчилдэг гайхалтай бүтээл. Энэ кино хийц чанарын хувьд 20 гаруй жилийн дараа ч гүйцэгдээгүйн зэрэгцээ, эргэлзээгүй "сайн тал" гэж байхгүй саарал дүрүүд, зөв хариулт байхгүй ээдрээтэй нөхцөл байдлууд нь дунд ангийн сурагч байхдаа үзсэн миний "нүдийг нээсэн" явдал байв.

-Хамгийн сүүлд үзсэн кино?

-2022 онд миний хувьд 240 гаруй кино цуврал үзжээ. Letterboxd гэж кино сонирхогчдод хэрэгтэй нэг сайт бий. Энд үзсэн киногоо хөтлөөд бас адил сонирхолтой хүмүүс юу үзэж, ямар санагдсанаа илэрхийлж байгаа нь таалагддаг. Харин хамгийн сүүлд үзсэн онцлох зарим киногоо дурдвал:

  • Dark Water (2002) – Аймшиг. Миний хувьд: 3.5/5 оноо

Жаахан охинтой өрх толгойлсон эмэгтэй нэгэн эвгүй нийтийн байранд нүүж ирнэ. Өнгөн дээрээ сүнстэй байрны тухай аймшгийн кино мөртлөө, бодоод суухад нийгэмд эмэгтэйчүүдэд тулгардаг сэтгэлзүйн дарамт, өрх толгойлж гэр бүл авч явахын хүнд хэцүү, хүмүүсийн хайхрамжгүй бас ялгаварласан байдал хүүхдийн ирээдүйг сүйтгэж байгаа талаар сонирхолтой бас гунигтай кино байсан.

  • Three Thousand Years of Longing (2022) – Драм, зөгнөлт. Миний хувьд: 3.5/5 оноо

Нас тогтсон ганц бие эмэгтэй (Tilda Swinton) гурван хүслийг нь биелүүлэхээр тангараглах Бирдтэй (Idris Elba) учирна. Бирд хэдэн мянган жилийн хугацаанд уулзаж учирч, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд тусалж байсан нь биелүүлж бас өөрөө дурлаж байсан эмэгтэйчүүдийнхээ талаар түүхүүдийг ярьж байгаа зөгнөлт кино юм шиг хэрнээ дурлал хайр, хагацлын талаар сэтгэл хөдөлгөм өгүүлэмжтэй кино байв.

  • Dead for a Dollar (2022) – Western. Миний хувьд: 1/5 оноо

1800-аад оны Америкийн зэрлэг өрнөдөд гэмт хэрэгтнүүдийг ангуучлагч эр хил давж зугтсан хар арьст эрийг мөшгөнө. Зохиол нь потенциалтай, гол дүрд нь Christoph Waltz, William Dafoe гээд "мундагууд" тоглосон хэрнээ үйл явдал нь өөдтэй уялдаа холбоогүй, дүрийн хөгжүүлэлтгүй, зураглал хийц маш ядмаг, яг л муухан Монгол кино үзэж байгаа юм шиг санагдсан.

-Үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?

-Монгол ч, гадаад ч киног үзэхдээ trailer-ийг үзэхээс зайлсхийж, ямар нэгэн төсөөлөл хүлээлтгүй "харанхуй" орохыг илүүд үздэг. Монгол киног театрт гарсан даруйд үзэж сэтгэгдлээ бичдэг. Гадны киноны хувьд найруулагч, зохиолч, жүжигчдээр нь хөөж үзэхээс гадна заримдаа сонирхол татсан ямар нэг сэдвээрээ кино дагнаж үздэг. Жишээ нь нэг хэсэг 1500-д оны Японы аж амьдралын тухай самурайтай кинонууд, Дэлхийн 2-р дайны үеийн Хятад дахь нөхцөл байдал, 2010-аад оны Оросын шинжлэх ухааны зөгнөлт кинонууд г.м. Сүүлийн сар орчим өөрийн сонирхлоор аймшгийн кино зохиол дээр ажиллаж байгаа тул багадаа айдаг байсан Япон кинонуудаа сэргээж үзэхийн сацуу, Америкийн A24 продакшны шинэлэг триллер, аймшгийн кинонуудыг их үзэж байна.

-Та ямар кино вэ. Өөрийгөө киноны гол дүрээр илэрхийлбэл та аль киноны, ямар дүр вэ?

-Ratatouille (2007)-ийн тогоочдод үзэн ядагддаг тогооч харх Remy эсвэл Gattaca (1997)-ийн оргилдоо тулчихсан "төгс хүмүүс"-ийн ертөнцөд хэзээ ч харьяалагдаж зөвшөөрөгдөхгүй "төгс биш хүн" Vincent юм болов уу. Энэ хоёр кинонд тухайн ертөнцийн "хөмөрсөн тогоо", хаалттай ертөнцийн гаднаас ирсэндээ ялгагдах хэрнээ хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлээрээ өөрийн замыг гаргаж гаргаж байгаа тэмцэгч дүрүүд гардаг.

Энэ нь Монгол киноны талаар үзэгчийн сэтгэгдэл мэдрэмжээ хуваалцахад туйлширсан харанхуй дайралт хийн хийрхэгсэд, мөн ойлгож дэмждэг эерэг зөв хандлагатай сайхан сэтгэлт хүмүүстэй холбогддог мэдрэмжүүдтэй төстэй санагдав.

-Таны дуртай кино зохиолч?

  • Alex Garland (28 Days Later; Sunshine; Dredd; Ex Machina; Annihilation; Men)

Шинжлэх ухааны зөгнөлөөр дамжуулж нийгмийн бас хувь хүмүүсийн тулгардаг айдас түгшүүрийг чадварлагаар илэрхийлдэг.

  • Alastair Reynolds (Zima Blue, Beyond the Aquila Rift)

"Love Death and Robots" цувралын хамгийн дуртай хоёр ангийг нь судлахад нэг хүний зохиол гэдгийг нь олж мэдсэн. Дэлгэцнээ хөрвүүлээсэй гэж боддог олон шинжлэх ухааны зөгнөлт богино зохиолыг бичсэн. Шинжлэх ухааны зөгнөл гэхээрээ ид шидийн гэмээр технологидоо биш хүний мөн чанарын мөнхийн асуудал, асуултуудыг дэвшүүлж гаргаж ирдэг нь таалагддаг үндсэн шалтгаан.

  • Hayao Miyazaki (Princess Mononoke, Kiki’s Delivery Service, My Neighbor Totoro, Porco Rosso… олон)

Миний бага нас. Зураг шиг сайхан хийцлэлийг насанд хүрсний хойно ч сэтгэлийн гүнд хүрэх дүр, энх тайван, байгаль орчин, тэнцвэр зэрэг өгүүлэмж санаануудтай нэгтгэдэг хосгүй уран бүтээлч. Амьдралынхаа өөр үед үзэхэд өөрөөр харагдаж ойлгогддог хуучиршгүй мөнхийн бүтээлүүдийн эзэн.

  • Satoshi Kon (Perfect Blue, Tokyo Godfathers, Millennium Actress, Paprika)

"Насанд хүрэгчдийн" animation-ий мастер. Гэхдээ насанд хүрэгчдийн гэхээрээ хүчирхийлэл, садар самуун төдийхнөөр биш, хүний сэтгэлзүй, атаа жөтөө, дайн бас энх тайван, амьдралын хэцүү эргэлт, мөн чанар, зүүд мөрөөдөл, бүтэлгүй хайр сэтгэл зэрэг хэцүүхэн сэдвүүдийг цөөн бүтээлээрээ үзүүлж чадсан.

-Манай уншигчдад ямар кино санал болгох вэ?

-Тэр нэг киног үз гэхээсээ илүүтэй дандаа үздэг жанр, зөвхөн дуртай уран бүтээлчээ биш өмнө үзэж байгаагүй шинэ зүйлсийг хүмүүс үзэж, "хайрцгаасаа гарч" өөрийгөө сорьж байгаасай гэж боддог. "Артхаус"-ийг л жинхэнэ кино гэж боддог бол "арилжааны" кино турших. Сонсоод л ойлгочихдог хэлтэй бол subtitle зайлшгүй хэрэгтэй гадаад кино үзэх. "Савангийн дууриар яахав дээ" гэж боддог бол Netflix-ийн топ Солонгос цувралуудыг сөхөөд харчихад бас гэмгүй. Миний хувьд ч шинэ хуучин, гадаад дотоод, сайн муу олон кино үзэж, "өөр" содон мэдрэмжээс таашаал авдаг. Шинэ зүйл туршихад заримдаа таалагдахгүй зүйлтэй тулгарч болох ч заримдаа гайхалтай цоо шинэ санаа, мэдрэмжийг олж авах нь сайхан, бас нүд ч нээгдэнэ.

  • Ворошиловын мэргэн буудагч / Ворошиловский стрелок (1999) – Гэмт хэрэг, драм

Орос маягийн "John Wick". Ахмад дайчин өвөөгийн ач/зээ охиныг гудамжны эсрэг талд нь амьдардаг хөвгүүд хүчирхийлэхэд өвөө өшөө авалтын замд гарна. Оросын нийгмийн ороо бусгаа байдлын тусгал, ахуй, нийгэм нь Монголтой төстэй, манайд ч хийчхэж болмоор энгийн, гэхдээ тун сонирхолтой үйл явдалтай кино.

Ил харагдах араатан мангас сүнсгүй хэрнээ үзэж байсан хамгийн "аймшгийн" киноны нэг. Эцэст нь үнэн бүгдийг гүйцдэг. Шат шатандаа хүн бүр ажлаа аргацааж, богино хугацааны ашгийн төлөө нүдэн балай, чихэн дүлий явахад хойно нь ямар өндөр үнэтэй төлөөс нийгэм нийтээрээ үүрдэг болохыг онц сонирхолтой дүрүүд, эмгэнэлтэй үйл явдлаар харуулсан гайхалтай бүтээл.

  • Kiki’s Delivery Service (1989) – Хүүхэлдэйн. Өсвөр нас (coming of age)

Амьдрал стресстэй, дэлхий нийтийн явдал эрээн бараан үед биеэ дааж тусдаа гарч амьдахаар зориг шулуудаж байгаа залуухан шидтэн охины талаарх өгүүлэмж сэтгэлд өег. Киноны өнгө будаг зуны зугаатай сайхан өдрүүд, цээж дүүрэн амтагдах цэнгэг сайхан агаарыг санагдуулам онцгой vibe (мэдрэмж)-тай. Миний юу ч бодолгүй зүгээр л үзээд, сайхан мэдрэмж авахаар нандигнадаг "soul food" (дотрыг бүлээцүүлдэг) бүтээл.

  • City of Life and Death (2009) – Түүх. Драм.

"Rape of Nanking" буюу 2-р дайны үед Японы арми Хятадын нэгэн хотыг эзэлж, ард иргэдийг нь аймшигтайгаар тарчлаасны эргэн тойрон дахь үйл явдлыг харуулах бүтээл. Хятад найруулагчийн кино мөртлөө цайлган сэтгэлт гол дүр нь Япон цэрэг байдаг нь өвөрмөц бөгөөд зоригтой уран бүтээлч шийдвэр. Гэхдээ энэ киноноос надад туссан зүйл нь Монголын нууц товчоог бид уншаад "Монголчууд X, Y, Z хотыг эзэлж, улсыг даржээ" гэх "бахдам бахархалт" үйл явдлын ард ийм л их эмгэнэл, цус бас нулимс дагаж байсан байх даа гэмээр гунигтай ухаарал бас нэгийг бодогдуулсан санаа байв.

-Ярилцсанд баярлалаа.

#Кино урлаг