О.Энхнаран: "Үеийн хүүхдүүд ийм мундаг байхад БИ ЯАГААД...?" гэх бодол намайг зоригжуулсан


"Лидер сурагч академи"-ийн тэргүүн 12-р ангийн сурагч О.Энхнарантай уулзаж ярилцсан тухай сурвалжлагыг уншигч хүүхдүүд та бүхэндээ хүргэж байна.

YOLOСайн байна уу? Та уншигч хүүхдүүдэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
- Намайг О.Энхнаран гэдэг. Монголын сурагчдын холбооны дэргэдэх "Лидер сурагч академи"-ийн тэргүүн, 47-р сургуулийн 12-р ангид суралцдаг.

YOLOЛидер сурагч академи анх хэзээ яаж байгуулагдсан бэ?
Хүмүүс хүүхдүүдээс "Чи том болоод юу хийх вэ?" гэж асуудаг бол Монголын сурагчдын холбоо үүнийг эсэргүүцэж "Чи хүүхэд байхдаа нийгэмд ямар хувь нэмэр оруулах вэ?" гэх асуултын үндсэн дээр Лидер сурагч академи нь анх 2008 онд долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

YOLOЛидер сурагч академийн зорилго, давуу тал юу вэ? Тэнд хүүхдүүд элсэн орсноор юу мэдэж, өөртөө олж авах вэ?
- Энэ академи маань хүүхдийн өөрөө удирдах байгууллага. Тийм учраас тэнд хүүхдүүд элсэн орсноороо өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх боломжтой. Зөвхөн илтгэл, мэтгэлцээн гэдэг зүйлээс гадна цаг төлөвлөлт, харилцааны соёл, биеэ зөв авч явах гэх мэт олон зүйлд суралцдаг.

YOLOЛидер сурагч академи ямар ямар бүрэлдэхүүнтэй вэ?
Нийт 16 аймагт салбартай. Энэ жил 21 аймагт салбартай болгох төлөвлөгөөтэй байна. Ерөнхий том байгууллага дотроо удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл гэж байдаг. Удирдах зөвлөлийг 16 аймгийн тэргүүд бүрдүүлдэг.

Би анх 2013 онд Лидер сурагч академид орсон. Би нийгмийн идэвхи сул энгийн л нэг охин байсан. Анх Лидер сурагч академийг зорьж ирээгүй, зүгээр сонирхогч маягаар орж байсан. Тэр үед анх би илтгэх урлагын тэмцээнд орсон. Тэр үед миний үеийн хүүхдүүд алтан медаль, мөнгөн медалийг нь аваад гараад ирж байхад би ганцаараа шилдэг илтгэгч гэсэн өргөмжлөлтэй хоцорсон. Тэр үед би "Миний үеийн хүүхдүүд ийм мундаг байхад би яагаад ингэж амьдрах ёстой юм бол оо?" гэж бодоод хичээж эхэлсэн.


YOLOИхэнхи хүмүүс аливаа зүйлээс маш хурдан шантардаг. Тэгвэл танд шантрах үе байсан уу?
- Мэдээж, тэгэлгүй яахав. Хүн бүрт л шантрах үе байдаг байх. Миний баримталдаг нэг том зарчим бол "Хэн байж байгаад хэн болсноо хэзээ ч битгий мартаарай" гэдэг үг. Хүн болгонд унах үе гарна. Бүдрэх үе гарна. Гэхдээ алсын барааг ширтээд явж байхад доор байгаа чулуу нүдэнд тээгэлдэггүй шиг тэртээ тэнд байгаа зорилгоо хараад байхад доор байгаа асуудлууд юу ч биш санагддаг. Тийм учраас би зорилгоо чиглээд явж байгаа. Миний зорилго дор гишгэгдэж байгаа чулуу болгон надаа маш том бэлэг юм шиг санагддаг. Магадгүй тэр чулуун дээр бүдрэхгүй дардан явчих юм бол ямар ч сонирхолгүй. Тэгэхээр би дороо бүдэрч байгаа чулуу болгондоо баярладаг ч алдаа болгон нэг л байх хангалттай гэж боддог. Нэг алдсан зүйл дээрээ дахиж алдахыг хүсддэггүй. 

Надад шантрах үе зөндөө гардаг. Гэхдээ би хамгийн сайн нэг ахтай. Тэр ах маань намайг маш их тусалж дэмждэг. Ах маань "Шантрах үе маш их гардаг. Гэхдээ шантрах гэдэг хамгийн том шалгуур гэж ойлгодог. Амьдралд шантрах гэдэг шалгуур байхгүй бол чи амжилтанд хүрэхгүй" гэж захидаг. Тэр ахынхаа хүчинд л би одоо ингээд бага ч гэсэн амжилтыг өөрийн болгосон доо. Би хамт олноо мартахыг хүсдэггүй. Надад маш гайхалтай найзууд байдаг. Мөн би маш олон хүнээс суралцдаг.

YOLOЛидер сурагч академид орсноор та хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Би маш олон талаараа өөрчлөгдсөн. Би анх өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулж ярьж чаддаггүй хүүхэд байсан. Мөн "илтгэх урлагийн тэмцээн" гэдэг үгнээс айдаг байлаа. Анх ахынхаа гараас хөтөлсөн нэг жоохон охин илтгэх урлагийн тэмцээнд очоод чухам яг юу болдогийг нь зориглож үзсэн. Би 4 хоног илтгэлээ бараг нойргүй бэлдсэн. Тэгж бэлдсэнийхээ үр дүнд Нийслэлийн аварга гэдэг шагналыг авсан. Цаашлаад улсын чанартай олон том лекцүүд дээр илтгэл тавьсан. Энэ зүйл минь л аз жаргал өгдөг болов уу гэж боддог.

YOLO: "Лидер сурагч академи миний хоёр дахь гэр бүл" гэж хэлэхийг тань сонсож байсан юм байна. Тэнд өнгөрүүлсэн таны хамгийн гайхалтай дурсамж юу вэ?
Лидер сурагч академи бараг л миний нэг дэх гэр бүл минь. Учир нь намайг яг ээж шиг минь хайрладаг, аав шиг минь хайрладаг, өвөө эмээ шиг минь хүндэлдэг, доор байгаа бүх хүүхдүүд маань дүү нар минь.


Би лидер сурагч академийн "ээж" нь. Бүх хүмүүсийн ээж нар хүүхдээ боловсролтой мэдлэгтэй байлгахыг хүсдэгтэй адил би ч бас тэдэнд бүх зүйлээ зориулахад бэлэн. Үйл ажиллагаа дууссаны дараа хамтдаа ядарсан ч гэсэн хоол идэж, нойтон хувцастай ч гэсэн гэр рүүгээ инээлдээд л хамт алхах тэр бүх энгийн зүйлс л аз жаргал өгдөг дөө.

YOLOТаныг энэ академид ороод завгүй болоход чинь аав ээж тань хориглож байсан уу?
Би аав ээждээ маш их баярлаж явдаг. Аав ээж хоёр маань миний жинхэнэ амьд бурхан. Анх бол эхний хоёр гурван сар хориглож байсан. Эмэгтэй хүүхэд байж гадуур их удаан явж байна. Мэдээж эмэгтэй хүүхэд юм чинь оройтох боломжгүй. Бид өглөө 8 цаг гэж хичээлдээ яваад л өдөр 13 цаг гэж гэртээ ирээд Лидер сурагч академи руугаа яваад орой 01 цаг хүртэл үйл ажиллагааныхаа юмыг бэлдээд суудаг. Тэр болгонд минь ээж аав хоёр минь уурладаггүй. Одоо бол намайг үргэлж дэмждэг. Учир нь ээж аав хоёр минь намайг "Хүнд зорьсон зорилго байлаа гэхэд түүндээ хүрэх гэж хүн шантрах нь зүй ёсных. Хүрэх гэж л хүн тэмүүлэх ёстой. Үгүй бол хүн хий дэмий хичээгээд хэрэггүй" гэж үргэлж хэлдэг.

Тэгэхээр хичнээн ядарсан ч, хичнээн орой очсон ч хичнээн асуудал дагуулаад очсон ч оройны хоолыг минь бэлдээд "Ядрав уу?" гэж хэлдэг хүн манай ээж аав хоёр. Үргэлж бүх талаар минь дэмждэг аав ээждээ хоёртоо би баярладаг. 

YOLOТаны хувьд лидер хүн гэж хэн бэ? Бараг хүүхэд бүр л лидер болмоор байна гэж ярих болж. Энэ зөв үү? 
Миний хувьд лидер хүн гэдэг өөрөө өөрийнхөө амьдралдаа аз жаргалтай хүнийг л хэлэх болов уу? гэж боддог. Ихэнх хүн "Тэр яасан хөөрхөн юм бэ? Энэ ийм юм хийчихлээ. Би ийм хувцас авах юмсан..." гэж л ярьдаг. Гэхдээ Энхнаран гэдэг хүн энэ дэлхий дээр ганцхан. Магадгүй Энхнаран гэдэг хүн  жүжигчин болох гэж байгаа бол миний нэр Oscar-д дурсагдах ёстой. Хэрвээ Азаа гэх хүн дуучин болох гэж байгаа бол тэр хүний нэр Grammy awards-д дуурсагдах ёстой гэж боддог. Би ийм л зарчмаар явдаг. Лидер хүн гэхээр л бүх зүйл дээр алдаа гаргадаггүй хүнийг хэлнэ гэж боддог ихэнх хүн боддог ч яг үнэндээ тийм биш.


Алдаа гаргаад түүнээсээ суралцддаг хүнийг, мөн ямар ч хүнээс үлгэр жишээ авч чаддаг, хичнээн таалагдахгүй байсан ч хаанаас нь ч аз жаргал олж авч чаддаг, шантардаггүй хүнийг лидер гэж боддог.

О.Энхнаран

Алдаа гаргаад түүнээсээ суралцддаг хүнийг, мөн ямар ч хүнээс үлгэр жишээ авч чаддаг, хичнээн таалагдахгүй байсан ч хаанаас нь ч аз жаргал олж авч чаддаг, шантардаггүй хүнийг лидер гэж боддог. Гэхдээ би хараахан лидер болоогүй. Лидер болохын төлөө явж байгаа жирийн л нэг охин.

YOLOЛидер хүн байхын давуу тал болон үүрэг юу вэ?
Үүрэг гэвэл маш их хариуцлага. Магадгүй намайг лидер гэж боддог хүн байвал миний амнаас гарч байгаа бүх үг үнэ цэнэтэй, үнэн зөв, шудрага байх ёстой. Тийм учраас маш их хариуцлага гэж боддог. Харин давуу тал гэх юм бол зүгээр л хүн өөрөө өөрийгөө лидер удирдагч байж чадна гэж бодох л юм бол хэн ч чадна. Миний бас нэг баримталдаг зарчим бол би чадна гэвэл чадна, чадахгүй гэх юм бол чадахгүй. Үүнтэй ижил хүн лидер байж чадна гэвэл чадна, чадахгүй гэвэл чадахгүй юм. Хамгийн гол нь чи лидер болох гээд юм хийх юм бол чамд маш их хариуцлага ирнэ. Харин тэр зүйлийг давж гараад бусдад ойлгуулж чадах юм бол тэр хүнийг лидер гэж болно.

YOLOЯрилцлагын төгсгөлд та уншигч хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?
Хүн өөрөө өөрийнхөө амьдралаар амьдрах нь хамгийн зөв. Магадгүй чи өөрөө өөрийнхөө амьдралыг бий болгоод өөрөө өөрийнхөө үнэ цэнийг бий болгож чадах юм бол тэр бол хамгийн сайхан амьдрал. Хүн болгон бие биенийхээ амьдралыг хараад "Энэ жүжигчин ямар гоё амьдардаг юм бэ?" гэж боддог. Гэхдээ хүн энгийн зүйлийг мөрөөдөх юм бол тэндээс энгийн алхмууд гарч ирээд тэндээс энгийн амжилтууд гарч ирэх юм болов уу? гэж боддог. Бас одоо бидний хөдлөх ёстой цаг гэж боддог. Магадгүй 13,14 настай дүү нарын маань хүртэл хөдлөх ёстой цаг тэр үеэс эхэлдэг. Хэн хамгийн түрүүнд хөдөлсөн хүн л ялдаг. Гүйсэн хүн бүдэрдэг болохоос биш алхаж байгаа хүн бүдэрдэггүй. Тиймээс амжилтынхаа төлөө маш хурдан гүйх л ёстой гэж боддог доо.

YOLOЯрилцлага өгсөнд баярлалаа

#ЛидерСурагчАкадеми #Leader #Girl