Зан чанарын MBTI тест:Өөрийгөө олоорой


Г.Нандин | YOLO.MN
2022-04-27

MBTI (Myers-Briggs Personality Type Indicator) нь хүний хувийн зан чанарын хэлбэр, давуу талыг ганцаарчлан тодорхойлох боломжтой зан чанарын тест юм. Тестийг Isabel Myers болон түүний ээж Katherine Briggs нар Carl Jung-ийн зан чанарын хэлбэрийн онол дээр үндэслэн боловсруулж байжээ. Одоогоор MBTI нь дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг сэтгэлзүйн тестүүдийн нэг юм.

Myers, Briggs нар хүмүүст өөрсдийгөө илүү сайн ойлгоход нь тусалж улмаар өөрийн зан чанарын онцлогт тохирсон мэргэжлийг сонгох, илүү эрүүл, аз жаргалтай амьдрахад нь нэмэр болох зорилгоор тестийг боловсруулсан байдаг. Тестийн анхны хэлбэр нь 1940-өөд онд цаас, үзэг хэлбэрээр гарч байсан.

Товч танилцуулга

Асуултуудад хариулсан байдал дээр үндэслэн хүмүүсийг 16 өөр зан чанарт хуваадаг. MBTI-ийн гол зорилго нь оролцогчдод өөрсдийн зан чанарыг илүү сайн ойлгох боломжийг олгохоос гадна дуртай, дургүй зүйлс, давуу тал, сул тал, тохирох мэргэжил, бусад хүмүүстэй хэр нийцтэй байх гэх зэрэг зүйлсээ танин мэдэхэд оршино.

Зан чанарууд нь хоорондоо нэг нэгнээсээ илүү гэсэн юм байхгүй бөгөөд бүгд өөрийн гэсэн онцлох шинж чанартай байна. Уг тест нь харилцааны доголдол, хэвийн бус байдлыг тодорхойлохгүй. Ерөнхийдөө дөрвөн хэмжүүрээс бүрдэнэ.

Дотоод ертөнц: Extraversion (E) – Introversion (I)

Экстраверт, интроверт гэсэн ойлголтыг анх Carl Jung (1923) онд зан чанарын онолдоо хүмүүсийн орчинтойгоо хэрхэн харьцаж, ямар хариу үйлдэл үзүүлж байгаа дээр үндэслэн тодорхойлсон байдаг.

Бид бүгд тодорхой хэмжээнд экстраверт болон интроверт. Гэхдээ ихэнх хүн аль нэг талруу нь илүү ойрхон байдаг. 100 хувь экстраверт, эсвэл 100 хувь интроверт гэж байдаггүйтэй адил 50-50 хувь гэж бас байхгүй.

Экстраверт, интроверт хоёрын хамгийн том ялгаа нь: экстраверт хүн нийгмийн харилцаанаас (гадаад ертөнцөөс) илүү эрч хүч авдаг бол, интроверт хүн ганцаараа байх хугацаанд (дотоод ертөнцөөсөө) илүү эрч хүч авна гэсэн үг. Интроверт хүн нийгмийн харилцаанд орох дуртай байж болох ч тодорхой хугацаанд ганцаараа байж өөрийгөө цэнэглэх шаардлагатай байдаг гэнэ.

Мэдээлэл хүлээн авах: Sensing (S) – Intuition (N)

Энэ хэмжүүр нь хүн орчноосоо мэдээлэл хэрхэн хүлээн авч буйг судална. Өмнөх хэмжүүрийн адил 100 хувь нэг аргаар мэдээлэл хүлээн авна гэж байхгүй ч аль нэг аргыг илүү давамгайлж ашигладаг.

Sensing - Мэдрэхийг илүүд үздэг хүмүүс. Бодит байдалд илүү анхаарал хандуулдаг, Ялангуяа өөрсдийн мэдрэхүйн тусламжтайгаар мэдэрч буй зүйлдээ ач холбогдол их өгч, аливаа мэдээллийг баримт, практик туршлагадаа суурилж хүлээн авдаг.

Intuition - Зөн совиндоо илүү ач холбогдол өгдөг хүмүүс. Давтамж, сэтгэгдэл гэх мэт зүйлд илүү анхаарал хандуулдаг. Боломжит үр дүн, ирээдүйн таамаглал, хийсвэр ертөнцөөрөө мэдээллийг хүлээн авдаг.

Товчхондоо тухайн хүн мэдээллийг шууд байгаагаар нь хүлээн авах, эсвэл тайлбар, утга өгч хүлээн авахын алийг нь илүүд үзэж буйг хэлнэ.

Шийдвэр гаргалт: Thinking (T) – Feeling (F)

Энэ хэмжүүр нь цуглуулсан мэдээлэлд үндэслэн хэрхэн шийдвэр гаргаж буйг авч үзнэ. 

Thinking - Бодохыг илүүд үздэг хүмүүс. Баримт, бодит өгөгдөлд илүү их анхаарал хандуулна. Тэд шийдвэр гаргахдаа тууштай, логикт суурилсан байх хандлагатай байдаг.

Feeling - Мэдрэхийг илүүд үздэг хүмүүс. Дүгнэлт хийхдээ бусад хүмүүс болон сэтгэл хөдлөлийг илүү харгалзан үздэг.

Хандлага: Judging (J) – Perceiving (P)

Сүүлийн хэмжүүр нь гадаад ертөнцтэйгөө хэрхэн харьцаж буйг авч үзнэ.  

Judging - Шүүх хандлагатай хүмүүс. Дэс дараатай, хатуу шийдвэрийг илүүд үздэг. 

Perceiving - Мэдрэх хандлагатай хүмүүс илүү нээлттэй, уян хатан, дасан зохицох чадвартай байдаг.

Эдгээр дөрвөн хэмжүүрээр хувийн зан чанараа үнэлснээр доорх 16 зан чанарын аль нэгт нь багтна.

Зан чанарын тестийг бөглөж, өөрийгөө танин мэдсэнээр аливааг хийхэд, үйлдлүүдээ тунгааж бодоход, хандлагаа сайжруулахад чинь тус болно гэж итгэж байна. 

Ингээд дараагийн нийтлэлээр 16 зан чанарын тухай дэлгэрэнгүй хүргэх болно. Өөрийгөө хэмжүүрүүдээр шалгаж дүгнэсэн бол аль зан чанарт нь хамаарахыг удахгүй олж мэдээрэй.  

Эх сурвалж: verywellmind, myersbriggs

#Сэтгэл зүй #Зөвлөгөө