Хэтэрхий их унтах ч бас бие махбодод СӨРӨГ нөлөөтэй


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-12-30

Нойрны асуудлууд гэхээр бидний ихэнх нь нойргүйдлийн тухай боддог ч нойрыг хэт их авах нь бие махбодод сөрөг нөлөөтэй байдаг. Ийнхүү бид өмнөх нийтлэлүүдээрээ нойргүйдлийн тухай мэдээлэл хүргэж байсан бол энэхүү нийтлэлээрээ хэт их унтсанаар бие гарах сөрөг нөлөөг танилцуулж байна.

Хүн өдөрт хэдэн цаг унтах ёстой вэ? 

   
Нас   
   
Өдөрт   унтвал зохих цаг   
   
Дөнгөж   төрсөн хүүхэд   
   
14 –   17 цаг   
   
Нярай   хүүхэд   
   
12 –   15 цаг   
   
Бага   насны хүүхэд   
   
11 –   14 цаг   
   
Цэцэрлэгийн   насны хүүхэд   
   
10 –   13 цаг   
   
Сургуулийн   насны хүүхэд   
   
9 –   11 цаг   
   
Өсвөр   насны хүүхэд   
   
8 – 10   цаг   
   
Насанд   хүрсэн хүн   
   
7 –   9 цаг   

Ахимаг насны хүн

7 – 8 цаг

Гэвч дэлхийн насанд хүрсэн нийт хүмүүсийн хоёр хувь нь дээр дурдсан хэмжээнээс их хугацаагаар буюу өдөрт 10-12 цаг унтаж байж нойроо ханатал авдаг. Энэ төрлийн хүмүүс болон хэт их унтахыг “hypersomnia” гэж нэрлэдэг. “Hypersomnia”-тай хүмүүс хангалттай нойроо авч чадаагүй өдрөө тасралтгүй нойрмоглодог ба амралтын өдрүүддээ дунджаар 15 цаг унтдаг байна. 

Гэхдээ чи тоотой хэдэн өдөр олон цагаар унтлаа гээд өөрийгөө “hypersomnia”-тай гэж оношилж болохгүй. Нойргүй олон хоносны дараа энгийнээс олон цагаар унтах нь хэвийн үзэгдэл аж. Мөн зарим эрүүл мэндийн шалтгаанууд болох:

- Бамбай булчирхай
- Зүрх
- Сэтгэлийн гутрал зэрэг асуудлаас болж олон цагаар унтах боломжтой.

Харин үргэлж олон цагаар, хэт их унтах буюу “hypersomnia” нь:

- Толгойн өвдөлт
- Таргалалт
- Чихрийн шижин
- Нурууны өвчин
- Зүрхний өвчин 
- Сэтгэл гутрал
- Сэтгэлийн түгшүүр
- Ой санамж муудах зэрэг сөрөг үр дагавруудыг үзүүлдэг. 

Нэгэн хачирхалтай баримтыг дурдахад “hypersomnia”-тай хүмүүсийн авто осолд өртөх магадлал энгийн хүмүүсийнхтэй харьцуулахад өндөр байдаг байна. 

Дээрхээс харвал нойргүйдлээс гадна хэт их унтах нь ч хүний биед тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг байх нь. Тэгвэл зохих цаг хугацаанд, хангалттай нойр авахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

1. Унтах цагийн хуваарь гаргах - Өдөр болгон, амралтын өдөр ч мөн адил тогтмол цагт унтаж, сэр. Эхэндээ энэ нь төвөгтэй байх ч шантралгүй хичээвэл бие тань яваандаа дасах болно. 
2. Унтах тав тухтай орчин бүрдүүлэх - Тав тухтай байдал биднийг илүү нойрмоглуулдаг. Тиймээс унтлагын өрөө чинь аль болох сэрүүхэн, харанхуй, нам гүм байх хэрэгтэй. 
3. Эргэн тойрон дахь төхөөрөмжүүдээ унтраах - Бидний утас, компьютераас үргэлж цэнхэр гэрэл ялгарч, нойрны үйл ажиллагааг зохицуулдаг дааврын ялгаралтыг бууруулдаг учраас унтахаасаа 2-3 цагийн өмнө бүх төхөөрөмжүүдээ унтрааж хэвшээрэй. 
4. Амьдралын хэв маягтаа анхаарах - Өдрийн цагаар өөртөө анхаарал тавьж, өдөр тутмын хэвшил болон хэрэглэж буй зүйлсдээ анхаарах нь шөнө чамайг бат бөх унтахад тусалдаг. Орой унтахаасаа өмнө кафейн болон согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй бөгөөд ургамлын гаралтай цай эсвэл бүлээн сүү уух нь илүү сайн унтахад тусалдаг байна.  Мөн дасгал хөдөлгөөн хийх нь биед тустай ч унтахынхаа өмнө дасгал хийх нь нойрыг чинь эсрэгээрээ улам сэргээдэг шүү. 

Хэрэв чиний хэт их унтах шалтгаан эрүүл мэнд болон амьдралын чинь хэв маягаас шалтгаалж байгаа бол өөртөө тохирсон эмчилгээ хийлгэж, амьдралын хэвшил, өдөр тутмын зуршлуудаа өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. Харин хэт их унтах, үргэлж нойрмоглох байдал чинь зургаан долоо хоногоос илүү үргэлжилбэл мэргэжлийн эмчид заавал хандаарай. 

Эх сурвалж: Healthline.com

#Эрүүл мэнд #Нойр