“The King: Eternal Monarch” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-10-14

Бид өмнөх дугаартаа “You” цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаараараа зэргэлдээ ертөнц дэх амьдралыг сонирхолтойгоор өгүүлэх “The King: Eternal Monarch” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.3/10
Киноны үнэлгээ /AsianWiki/: 86%
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны дөрөвдүгээр сарын 17
Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: “Corea” хаант улсын эзэн хаан Lee Gon өөрийнх нь амийг аварсан бүсгүйг олон жилийн турш хайж буй. Тэрээр бүсгүйг хэчнээн хайсан ч бүсгүй яг л энэ дэлхий дээр амьдардаггүй мэт ул мөргүй байх аж. Гэвч нэгэн өдөр тэрээр бүсгүйг зэргэлдээ ертөнцөд амьдардгийг олж мэдэн, одоогийн Өмнөд Солонгос улсад нэвтэрснээр гол үйл явдал өрнөдөг. 

АЛДАРТАЙ ЗОХИОЛЧ

Энэхүү цувралын зохиолч болон гол дүрүүдийн талаарх мэдээлэл гарснаас хойш олон нийт маш өндөр хүлээлтийг тавиад байсан билээ. Кино зохиолыг “Goblin: The Lonely and Great God” (2016), “Descendants of the Sun” (2016), “The Heirs” (2013) зэрэг бүтээлүүдээрээ алдартай зохиолч Kim Eun Sook бичжээ. 

Гол дүрийн эрэгтэйн дүрд жүжигчин Lee Min Ho тоглосон бол гол дүрийн эмэгтэйд жүжигчин Kim Go Eun тоглосон билээ. 

СОЛОНГОС ҮЗЭГЧДИЙН ШҮҮМЖЛЭЛ

Цувралын эхний анги Өмнөд Солонгосын үзэгчдийн дунд маш өндөр хүлээлт үүсгэж байсан ч цацагдсан даруйдаа “Зохиол нь хэтэрхий ойлгомжгүй” , “Эхний анги дээрээ хамаг үйл явдлаа ил болгочихсон”, “Lee Min Ho-гийн нэгэн хэвийн жүжиглэлтээс залхаж байна” зэрэг шүүмжлэлүүдийг сонссон юм. Улмаар сүүлийн ангиудын үзэлтийн хувь буурч, “SBS” сувгийн хамгийн бага үзэгчтэй цувралуудын жагсаалтад багтсан байдаг. 

Үүгээр ч зогсохгүй компьютер график ашиглан бүтээсэн зарим хэсгүүд багагүй шүүмжлэлд өртөж, үзэгчид “Kim Eun Sook зохиолчийн зохиол мөн гэж үү дээ” гэх сэтгэгдлийг ч үлдээж байлаа. 

NETFLIX-ИЙН ШИЛДЭГ ЦУВРАЛ

Хэдийгээр энэхүү уран бүтээл Өмнөд Солонгос улсдаа нэр хүнд муутай байсан ч видео стрийминг үйлчилгээний "Netflix" платформ дээрх хамгийн их үзэгчтэй цувралуудын тоонд багтжээ. 

Бусад орны үзэгчдийн хувьд “Солонгос хүмүүс нэгэн хэвийн, ойлгомжтой зохиолтой цувралуудаасаа залхах хэрэгтэй”, “Бага зэрэг толгой эргэм ч, үнэхээр сонирхолтой зохиолтой”, “Ойлгохгүй байгаа хүмүүст өөрсдөд нь л асуудал байна. Цувралын зохиол бол үнэхээр санаанд оромгүй шилдэг” гэх зэргээр сайшааж байсан юм. 

МАШ ӨНДӨР ӨРТГӨӨР БҮТСЭН

Энэхүү цуврал Өмнөд Солонгос улсад хамгийн өндөр өртгөөр бүтсэн дэлгэцийн бүтээлүүдийн жагсаалтад багтдаг. Тухайлбал 30 гаруй тэрбум вон буюу монгол мөнгөөр 74 тэрбумаар бүтсэн аж. 

BROMANCE 

К-Драма үзэгчдийн дунд “bromance” гэдэг нэршил их алдартай. Гол дүрийн эмэгтэй, эрэгтэй хоёрын харилцаанаас илүүтэйгээр гол дүрийн хоёр залуугийн харилцаа, ах дүүс шиг нөхөрсөг байдал нь үзэгчдэд илүү таалагдах үед үүнийг “bromance” хэмээн нэрлэх аж. 

Энэхүү цувралын бага байхаасаа л найзалсан Lee Gon болон Jo Young нарын “bromance”-ийг үзэгчид хамгийн шилдэг нь гэж өргөмжлөөд байгаа билээ. 

ҮЕРХЛИЙН ЦУУРХАЛ

Цуврал гарч байх үед жүжигчин Lee Min Ho болон Kim Go Eun нарыг үерхдэг хэмээх цуурхал хэд хэдэн удаа гарч байсан. Учир нь жүжигчин Lee Min Ho Инстаграм хуудаснаа ээжээсээ өөр эмэгтэйн зургийг огт нийтэлж байгаагүй ч жүжигчин Kim Go Eun-тай авахуулсан зургаа хэд хэдэн удаа оруулсан ба хоорондоо их дотно байдаг гэнэ.

Хэдий хоёр талаас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч зарим үзэгчид тэднийг “Зүгээр л цувралынхаа хандалтыг өсгөхийн тулд ийм арга ашиглаж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Nate, Allkpop

#Бидний мэдэхгүй баримтууд #The King: Eternal Monarch