Сэтгэл гутралыг даван туулах талаар ХЭН, ЮУ гэж зөвлөв?


Сэтгэл гутралын талаарх цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт сэтгэл гутралыг хэрхэн даван туулах, энэ үед ямар арга хэмжээ авах тухай зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

СЭТГЭЛ СУДЛААЧ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨВ?

МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэл судлаач Н. Должин:

1. Хүмүүс ихэвчлэн сэтгэл санаа таагүй, гутранги үеэ сэтгэл гутрал хэмээн андуурдаг шүү дээ. Тэгвэл сэтгэл гутралыг хэрхэн таних боломжтой вэ?

- Сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байна гэж үзвэл мэргэжлийн эмчид хандаж оношилгоо заавал хийлгэх хэрэгтэй. 2017 оны судалгаагаар дэлхийн хүн амын 2-6 хувь нь сэтгэл гутралтай байсан бол энэ тоо Монгол улсын хувьд 3.5 хувь байсан байна. Энэ тоон үзүүлэлтийн талаар Оксфордын их сургуулийн Дэлхийн өөрчлөлтийн дата судлалын сайтаас дэлгэрэнгүй харах боломжтой.

Сэтгэл гутралын үед анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах, өөртөө итгэх итгэл болон өөрийн үнэлэмж буурах, жижиг алдаан дээр ч өөрийгөө буруутгах, өөрийгөө үнэ цэнгүй гэж мэдрэх, ирээдүйн талаар бүүдгэр хүлээлттэй байх, ирээдүйдээ итгэх итгэлгүй болох, өөрийгөө гэмтээх, өөрийн амийг егүүтгэх бодол төрөх эсвэл үйлдэл хийх, нойргүйдэх, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Нөгөө талаас энэ шинж тэмдгүүд биеийн өөр бусад өвчин болон сэтгэцийн асуудлын шинж тэмдэг байх боломжтой.

Сэтгэл гутралын тест бөглөхийг хүсвэл ЭНД дараарай. 

2. Сэтгэл гутралд орсон бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэйгээс гадна амьдралын хэмнэлдээ анхаарах хэрэгтэй. Долоо хоногт 3-4 өдөр 20 минутын дасгал хийхэд биеийн төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг Нью-Йоркийн их сургуулийн судлаач Вэнди Сузуки судалгаагаараа баталсан байдаг.

Мөн шим тэжээлтэй хоол хүнсийг зохих хэмжээгээр хэрэглэж, сайн унтаж амрах хэрэгтэй. Сэтгэл гутрал улирлын өөрчлөлттэй холбоотойгоор илрэх боломжтой бөгөөд сэтгэл гутралын үеийн эмчилгээний нэг төрөл нь гэрлийн эмчилгээ байдаг. Иймээс ажиллах, сурах орчноо аль болох байгалийн гэрэлтүүлэг сайн тусахаар бүрдүүлэх эсвэл өдрийн цагаар гадаа гарч болно.

3. Хэрэв ойр дотнын хэн нэгэн маань сэтгэл гутралтайгаа тэмцэхээр хичээж байгаа бол би тухайн хүнд ямар туслалцаа үзүүлэх хэрэгтэй вэ? /Жишээ нь: Сэтгэл санааг нь тайтгаруулах үгс гэх мэт/

- Сэтгэл гутралтай хүний эргэн тойрны хүмүүсийн үзүүлж чадах тусламж бол биечлэн уулзаж ярилцах юм. Сэтгэл гутралын үед нийгмийн харилцаанд байнга оролцож байх нь эмчилгээнд сайнаар нөлөөлөх хүчин зүйл болдог. Тиймээс сургууль, ажилдаа тогтмол явдаг байхыг дэмжиж, цагаа хамт өнгөрүүлдэг байх хэрэгтэй.

Сэтгэл гутралтай хүний ярьж байгаа асуудал бусад хүний хувьд сүртэй зүйл биш мэт санагдаж болох боловч түүнийг буруутгахгүй, шүүмжлэхгүй байх нь чухал. Ингэхдээ “чамд ямар мэдрэмж төрж байна”, “ямар байгаагаа надтай хуваалцаж болно шүү” зэргээр түүнийг буруутгаагүй, шүүмжлэхгүй, сэтгэл санааны хувьд дэмжиж чадна гэдгээ ойлгуулж байх хэрэгтэй.

4. Сэтгэл гутралд орсон үед ямар хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэвэл ашиг тустай вэ?

- Шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд чихэр, архи, согтууруулах төрлийн ундаанаас татгалзах хэрэгтэй. Хэдийгээр чихэр тархийг сэргээж байгаа мэт санагдавч эргээд маш богино хугацаанд сэтгэлээр унаж идэвхтэй байдлаа алддаг. Энэ нь сэтгэл гутралын мэдрэмжийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Мөн витамин B, D-г эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.

5. Эцэг эхчүүд сэтгэл гутралд орсон өсвөр насны хүүхдээ шилжилтийн насны онцлог нь илэрч байна хэмээн бодож, анзаарахгүй тохиолдол их байдаг шүү дээ. Энэ тохиолдолд эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ харилцааны идэвх, хоолны дуршил, биеийн жин, өөрийн үнэлэмж, анхаарал төвлөрөл зэргийг анхаарах хэрэгтэй. Хэрэв эдгээр шинж тэмдэг бүгд илэрвэл мэргэжлийн эмчид хандан оношлуулах хэрэгтэй. Хүүхэд тань сэтгэл гутралтай болох нь тогтоогдсон бол цагийг хамт өнгөрүүлэх, харилцан ярилцах зэргээр анхаарал хандуулаарай.

6. Ихэвчлэн аль насныханд түгээмэл тохиолддог вэ? Урьдчилан сэргийлэх аргууд бий юу?

Хэдийгээр нь бүх насны хүмүүс сэтгэл гутралд өртөх боломжтой ч өмнө нь дурдсан судалгаагаар 50-аас дээш насныхан өртөх магадлал өндөртэй байна. Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийж, усыг шаардлагатай хэмжээгээр ууж, стрессээ зохицуулж, эргэн тойрны хүмүүстэйгээ тогтмол харилцаатай байх нь чухал.

#Сэтгэлзүй #Сэтгэл гутрал