Minecraft Youtuber Technoblade 23 насандаа таалал төгслөө


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-07-04

Minecraft Youtuber Technoblade бүтэн жилийн турш хорт хавдартай тэмцсэний эцэст 23 насандаа амьсгал хураасныг өнгөрсөн баасан гарагт түүний гэр бүлийнхэн зарлалаа. 

“So long nerds” хэмээх гарчигтай бичлэгээр түүний аав хүүгийнхээ эцсийн үгийг үзэгчидтэй нь хуваалцсан байна. 

“Бүгдээрээ сайн уу? Technoblade байна. Хэрэв чи үүнийг үзэж байвал, би аль хэдийн бурхны оронд очжээ” хэмээн түүний зурвас эхлэв. 

Энэхүү бичлэгт тэрээр өөрийнхөө жинхэнэ нэрийг (Alex) хэмээн ил болгодог бөгөөд өөрийнхөө фенүүдэд контентийг нь дэмждэг байсанд, бараануудыг нь (merchandise) худалдан авдаг байсанд болон сувгийнхаа гишүүнчлэлтэй хүмүүст талархсанаа илэрхийлжээ.

“Хэрвээ надад дахиад зуун амьдрал байвал би бүгдэд нь Technoblade байх замыг сонгох болно. Учир нь энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай он жилүүд байсан. Та нарт  бичлэгүүд минь таалагдаж, хөгжилтэй байлгаж чадсан гэж найдаж байна. Мөн та бүхнийг урт удаан, аз жаргалтай амьдарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тэрээр арав хүрэхгүй жилийн хугацаанд Youtube-д 12 сая захиалагч (subscriber), Twitter-т 3.7 сая дагагчтай (followers) болсон билээ.

Мөн тэр 2021 оны наймдугаар сард хорт хавдартай болсноо зарласан бөгөөд өөрийнхөө тоглоомны бичлэгийг хийж байхдаа гар нь өвчин мэдэрч эмнэлгийн тусламж хүссэн гэнэ.  Үүнийгээ тэр эхлээд хэт удаан тоглосноос болж ядаргаанд орсон гэж боджээ.

Түүний аавын хэлснээр Technoblade сүүлчийн захиасаа ойролцоогоор үхэхээсээ 8 цагийн өмнө бичсэн ба аав нь нулимсаа тэвчин “Хэн ч, хэзээ ч надаас асуусан би хүүгээ хамгийн гайхалтай хүү гэж хэлнэ. Би Technoblade-ийг санаж байна” гэв.

Бичлэгийн төгсгөлд “Өнгөрсөн жил хүүгийн маань бие дээр маш олон барзгар толбо гарч эхэлж, хорт хавдрын дөрөвдүгээр шаттай тэмцсэн. Гэвч тэр огт гомдоллоогүй. Бараг боломжгүй зүйл гэдгийг нь мэдэж байсан ч даван туулахын тулд ухаалаг байсаар байсан. Хүүгийн минь энэ замыг туулахад гаргасан эр зориг нь түүнтэй хамт байсан бид бүгдэд маш том үлгэр дуурайлал болсон юм. Түүнтэй бүхий л цаг хугацааны турш хамт байсанд баярлалаа. Тэр хийдэг байсан зүйлээ болон үнэнч дэмжигчдээ хайрладаг байсан” гэжээ.

Gamer-үүд болон фенүүд нь цахим орчинд түүнд хүндэтгэл үзүүлэн давалгаалж байна. 
Youtuber Ted Nivison түүнийг дурсан: 

“Тэр зүгээр л байгаагаараа хөгжилтэй хүн байлаа. Дуусашгүй авьяастай. Дэндүү эрт явчихлаа. Амгалан нойрс доо, Technoblade” гэжээ.


Харин Tommyinnit twitter-тээ: 

“Technoblade бол домог. Би түүний маш том шүтэн бишрэгч байхаас гадна сайн найзуудын минь нэг байсан. Би түүнд ямар их талархаж байгаагаа илэрхийлж чадахгүй байна” гэжээ.
 

Эх сурвалж: CNN

 

#Мэдээ