Сөрөг бодлуудаа удирдаж, өөрийгөө олоход тань туслах аргууд


Бүхий л өсвөрийнхөн сэтгэлзүйн бэрхшээлтэй тулгардаг ч нийгмийн сүлжээ эрчимтэй хөгжиж буй өнөө цаг үед эдгээр асуудлууд улам бүр хурцадсаар байна. Энэ насандаа Инстаграмын лайкын тоо, олон филтерийн сонголт, бусдын санал сэтгэгдлүүдтэй учраа олох шаардлагатай тулгарах нь өсвөр насныхныг өөрийгөө олж чадахгүй төөрөгдөхөд хүргэж байгаа юм.

Тэгвэл энэхүү нийтлэлээр сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн хянаж, өөрсдийгөө хэрхэн бодитойгоор дүгнэж сурах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

1. ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ДОТРООСОО ХАЙЖ ОЛОХ

Хүмүүс олон нийтийн сүлжээний өнгөн хэсэгт өөрийн амьдралын сайн сайхан, үзэсгэлэн төгөлдөр хэсгийг л харуулснаар үзэж буй нэгэн өөрийгөө өө сэвтэйгээр хүлээн авч, бусадтай харьцуулж эхэлдэг. Өөрийгөө ийн дутуугаар үнэлэх мэдрэмж удаан хугацааны турш олон удаа төрснөөр ганцаардал, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэрэг эмгэгүүдийг бий болгох эрсдэлтэй.

Тиймдээ ч арилжааны байгууллагууд олонд танигдсан хүмүүсээр бараа бүтээгдэхүүнээ сурталчлах замаар хүмүүст амжилттайгаар нөлөөлж, худалдан авагчдынхаа тоог өсгөсөөр иржээ. Энэ бол зөвхөн өсвөр насныханд ч гэлтгүй насанд хүрсэн хүмүүст ч тохиолддог бэрхшээл бөгөөд өөртөө итгэх итгэлийг гадаад бус дотоод хүчин зүйлээс хайж бий болгох боломжтой гэдгийг ойлгох нь чухал аж.

2. ЮУ ТААГҮЙ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БУЙГ ТОДОРХОЙЛОХ

Тиймээс сөрөг сэтгэл хөдлөлийг тогтоон барих, урьдчилан сэргийлэхийн тулд хэн, юу чамд таагүй мэдрэмж төрүүлж байгааг тодорхойлох нь чухал. Жишээлбэл, хэсэг бүлэг найзуудтайгаа уулзсаны дараа таагүй мэдрэмж төрдөг үү? Нэг найз чинь чамд эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц тоглоом, наргиа хийх, аль эсвэл өөр нэг найз чинь жингээ хасах ёстой талаар маш ихээр ярих нь чамд өөрийн бие галбирын талаар сөрөг бодлуудыг төрүүлсэн байх вий. Сайн бодоод үзээрэй. 

Хэрэв тухайн сөрөг мэдрэмж төрүүлж буй нэгэн чиний хувьд чухалд тооцогдох нэгэн бол түүнтэй энэ талаар ярилцаарай. Ярилцсан ч тодорхой үр дүнд хүрээгүй бол цагийг бусад найзуудтайгаа, аль эсвэл ганцаараа түлхүү өнгөрөөж болох юм. 

3. ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛОХ

Хэн нэгний дарсан лаяк, эсвэл бичсэн коммент чамайг хэн гэдгийг тодорхойлохгүй. Чиний анхаарлаа хандуулах ёстой зүйл бол ирээдүйд хэн болохыг хүсдэг, үүний төлөө юу хийж чадах вэ гэдэг юм. Өөрийнхөө зан төлөвийг хараахан тодорхойлж чадахгүй байгаа бол дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Хариултыг нь цаасан дээр бичээд харвал дүгнэлт хийхэд илүү амар байх болно. 

- Бусад хүмүүс миний ямар зан чанарыг түлхүү сайшааж, ямрыг нь шүүмжилдэг вэ?

- Бусад хүмүүсийн ямар үйлдэл надад таагүй мэдрэмж төрүүлдэг вэ?

- Өөрөөсөө ямар сайн болон муу чанарыг олж хардаг вэ?

- Хүндэлж, үлгэр дуурайл авдаг хүн минь хэн бэ? Яагаад?

Дээрх асуултын хариултууд үнэ цэнээ тодорхойлоход чинь бага ч болов туслах болно. Өөрийн онцлогийг тодорхойлсон учир муу талаа засаж, сайн талаа улам хөгжүүлэх гэж хичээгээрэй. Аливаа зүйлд санаа зовохоос илүүтэйгээр бодитой үйл хөдлөл хийх нь бидэнд илүү таатай мэдрэмжийг өгдөг. 

4. АНХААРАЛТАЙ БАЙХ

Найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөж байхад, аль эсвэл унтах гээд хэвтэж байхад гэнэтхэн л 2011 оны долдугаар сарын 1-нд болсон ичмээр үйлдэл чинь бодогдож, улмаар түүнийгээ бодсоор олон цагийг хий дэмий өнгөрөөх тохиолдол байсан уу? Зарим сөрөг бодол, дурсамжийг бодохгүй байхыг хичээх нь тийм ч үр дүнтэй байдаггүйтэй олон хүн санал нийлэх байх. 

Энэ тохиолдолд сөрөг бодлуудыг цаасан дээр тэмдэглэснээр хянах боломжтой байдаг гэнэ. Цаасан дээр тэмдэглэснээр тухайн бодлыг өөр өнцгөөс харах боломжтой бөгөөд өөрөөсөө дараах асуултуудыг асуух хэрэгтэй. 

- Эдгээр бодол/дурсамжууд ирээдүйтэй минь холбогдох уу? 

- Яагаад үүнийг бодох болов? 

- Би одоо юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? 

Дээрх асуултын хариултаас чи ирээдүйд юун дээр анхаарлаа төвлөрүүлэх, юуг нь тоолгүй өнгөрөөх боломжтойгоо бодитоор харах болно. 

4. БҮГДИЙГ НЬ ХҮЛЭЭН АВАХ

Заримдаа бид өөрөө өөрсдийнхөө хамгийн том дайсан нь болох үе бий. Жишээлбэл, найздаа өөрийн бэлдсэн ажлыг танилцуулахад найз чинь "маш сайн болсон ч арай л хурдан яриад байна" гэж хэллээ гэж бодъё. Ихэнх хүмүүс энэ тохиолдолд "маш сайн болсон байна" гэдэгт бус "арай л хурдан яриад байна" гэсэн сэтгэгдэлд ихээхэн ач холбогдол өгдөг. 

Үүнээс зайлсхийхийн тулд зөвхөн сөрөг итгэл үнэмшлийг баталгаажуулах зүйлсийг бус, бүхий л санал сэтгэгдлийг хүлээн авахыг хичээгээрэй. 

Эх сурвалж Seventeen

#Сэтгэлзүй #Сөрөг бодол #Итгэл