ЗАХИДАЛ: Би хийе, одоо эхэлье гэхээр л цаанаасаа ЭРЧ ХҮЧ сулраад байх юм


ССҮТөв | YOLO.MN
2017-09-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Олон зүйлээс ямар нэг шалтаг гарган зугтаж байсан ба одоо бодоход зүгээр л залхуурч байснаа ойлгож байна

Хэдий энэ жил би ахлах сургуулиа төгсөх ч гэсэн яагаад ч юм цаанаасаа нэг л амар амгалан санагдаад чөлөөт цаг гарахад зүгээр  facebook, youtube үзээд суучихдаг болсон.

Сайн байна уу? Намайг З... гэдэг, 17 настай.
Өнгөрсөн жилээс эхлэн би өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, одоо л хүссэн юмаа сурч чадахгүй бол оройтох нь гэсэн хүслээр олон зүйлийг сурч мэдэх гэж хичээж байна. Үүний дагуу эхний удаад илтгэл мэтгэлцээний дугуйланд суусан бөгөөд багш нар ч намайг маш сайн дэмжиж байсан ч хэтэрхий их тэмцээн уралдаанд оруулахаар шахаж эхлэхэд нь гарчихсан юм (нийт 6 сар явсан). Тэр үед хичээлдээ ч бас анхаарах шаардлагатай байсан тул гарсандаа харамсаагүй. Гэтэл нийгмийн ухааны багш маань намайг тиймэрхүү төрлийн зүйлд сайн байдгийг минь анзаарсан тул мөн л шахаж эхлэхэд цааргалсаар байгаад бас л больчихсон. Энэ мэт олон зүйлээс ямар нэг шалтаг гарган зугтаж байсан ба одоо бодоход зүгээр л залхуурч байснаа ойлгож байна.

Энэ хавар би өөртөө маш том зорилго тавьсан бөгөөд зунаас эхлэн бэлдэхээр шийдэн интернетээр Япон хэл сурч эхэлсэн ба эхний 2 сар маш эрчимтэй байсан ч удалгүй уйдаж эхэлсэн ба одоо бүр хийхээ ч больсон. Энэ үедээ Англи хэлээ ч бас сайжруулахын тулд сургалтад суусан ба дууссаных нь дараа дахин интернетээр нэмж судлахаар төлөвлөсөн байсан ч бас л хийгээгүй. Хэдий энэ жил би ахлах сургуулиа төгсөх ч гэсэн яагаад ч юм цаанаасаа нэг л амар амгалан санагдаад чөлөөт цаг гарахад зүгээр  facebook, youtube үзээд суучихдаг болсон. Үүнийгээ ашиглаж youtube-ээс англи хэлний хичээлүүд үзэх болсон ч нэг л толгойд өөр зүйл бодогдоод огтхон ч төвлөрөхгүй байгаа.

Мөн утсандаа англи хэл дээр сонирхдог бараг бүх номоо татаж авсан ч олон цаг ширтээд суухад хүндрэлтэй тул уншихаа больсон. Хичээл дээр ч бас чухал юм зааж байхад л өөр юм бодоод сонсолгүй орхичихдог. Үүнийг яг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байгаа ч зорилгоо биелүүлэхэд минь маш том саад болж байна. Хэдий өөрөөс минь шалтгаалах ч яг хийе, мэдье гэхээр нэг л эрч хүчгүй болоод цаанаасаа л унтраад эхэлдэг. Үүнийг яаж зогсоох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ бол давуу тал, тиймээс цаашид ч гэсэн өөрийгөө ажиглаж дүгнэлт хийдэг хэвээрээ байгаарай

Хэрэв чи "би одоо л хийхгүй бол оройтлоо" гэж хэлж өөрийгөө сэдэлжүүлбэл богино хугацаандаа их сайн үйлчилнэ.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Чи өөрийгөө маш сайн ажиглаж чаддаг юм байна. Энэ бол давуу тал, тиймээс цаашид ч гэсэн өөрийгөө ажиглаж дүгнэлт хийдэг хэвээрээ байгаарай. Одоо чамд тулгараад байгаа асуудлыг ярилцъя. Асуудлыг нь товчхондоо зорилгодоо хүрэх алхмуудаа хийх гэтэл эрч хүч сулраад өөр зүйлсэд төвлөрөөд байна гэж ойлголоо.

Хүн бүр л ингэдэг шүү дээ. Өөр зүйлсэд анхаарсан үедээ хэсэг зуур өөрийгөө амрааж "өөр зүйлсээ" хийж байгаад эргээд үндсэн хийх ёстой ажлаа хийдэг. Дараах зүйлсийг анхаараарай.

1. Англи хэлээ давтах үед чиний толгойд яг ямар бодлууд эргэлдээд байгааг тэмдэглээд үз. Үнэхээр шийдвэрлэх хэрэгтэй чухал зүйл байна уу эсвэл аар саар жижиг асуудлууд байна уу.
2. Хүн аливаа зүйлийг хэр үнэнч тууштай хийх вэ гэдэг нь нэгт, тэр зүйлдээ үнэхээр сонирхолтой байна уу, хоёрт, зорилго нь юу вэ, гуравт, ямар сэдлээр тухайн зүйлийг хийж байна вэ гэдгээс шалтгаалдаг. Хэрэв чи "би одоо л хийхгүй бол оройтлоо" гэж хэлж өөрийгөө сэдэлжүүлбэл богино хугацаандаа их сайн үйлчилнэ. Яагаад гэвэл чи айсан байгаа учраас. Харин хэсэг хугацааны дараа айдас чинь суларч эхлэхэд анхаарал чинь дагаад суларч байгаа юм. Тиймээс өөртөө юу гэж хэлж сэдэлжүүлэх вэ гэдгээ анхаар. Мөн чи их чухал зорилго өөртөө тавьсан гэж байна. Энэ чиний хувьд яг хэр чухал юм бэ гэдгийг тодорхойлоод өөртөө байнга сануулж бай. Ханан дээрээ бичээд наасан ч болно. Төгсгөлд нь, өөртөө хэтэрхий дарамттай буюу "заавал хийх ёстой" гэсэн бодлоор биш чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой зүйл хийж байна гэсэн маягаар хандаад үзээрэй. Хичээлээ хийх, хэл сурах чинь бас нэг төрлийн "lifestyle" буюу амьдралын хэв маяг шүү дээ.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Not #Energy #Learning