#ЭЕШ800:Математикийн хичээлийн 800 оноот О.Дөлгөөний туршлагаас


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2020-06-30

Yolo.mn сайтаас бэлтгэн хүргэдэг #ЭЕШ800 цуврал ярилцлагын энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Математикийн хичээлийн ЭЕШ-д 800 оноо авсан О.Дөлгөөн хэрхэн уг шалгалтад хамгийн дээд оноог авсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. /Жич: Хүн бүр өөр өөрийн онцлогтой байдгийн адилаар хүн хүний сурах арга барил ч мөн ялгаатай байдгийг анхаараарай!/


YOLOТаны хувьд ямар ямар хичээлээр ЭЕШ өгч, аль сургуульд орсон бэ?

- Би математик, физик, англи хэл гэсэн гурван хичээлээр ЭЕШ өгч, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуульд/ХШУИС/-д элсэн орсон. Хоёрдугаар семестрээсээ Японы засгийн газрын тэтгэлэгт хамрагдан одоогоор хэлний бэлтгэлд суралцаж байна.

YOLOШалгалтуудаа нийт хэдэн сарын хугацаанд хэрхэн бэлдэж байсан аргаасаа хуваалцаач?

ЭЕШ бол бидний 1-12-р ангид үзсэн хичээлүүдийн ерөнхий мэдлэгийг шалгах шалгалт учраас өдөр тутамдаа хичээлээ хийдэг байсан маань их том бэлтгэл болсон. Харин 12-р ангид орох жилдээ ЭЕШ-д бэлдэхийн тулд арай илүү цаг гаргаж, давтаж эхэлсэн. Математикийн хичээлийн шалгалтын агуулга өмнөх онуудынхтайгаа төстэй байдаг учраас хичээл дээрээсээ онолын мэдлэгээ аваад, илүү цаг гарган бодлогоо бодож бэлддэг байсан. 

Математикийн ЭЕШ 100 минут үргэлжилдэг. Энэ 100 минутыг ганцхан олдох боломж гэж бодоод цагаа маш ухаалгаар төлөвлөж, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх хэрэгтэй. Харин бэлдэхдээ өнгөрсөн оны материалуудаа шалгалтаа жинхэнээсээ өгч байгаа мэтээр хийж үзээд, даалгавруудаа өгөгдсөн хугацаандаа гүйцэтгэж амжиж байгаа эсэхээ шалгах нь зөв. Хэрэв 100 минутдаа хийж амжихгүй байвал бодолтын хурдаа нэмж, олон дахин бэлдэж үзээрэй. Миний хувьд даалгавраа 60-70 минутын хугацаанд гүйцэтгэж, үлдсэн хугацаанд нь бодолтоо хянана гэсэн хуваарилалттайгаар ажилласан. 


YOLOӨдөрт нийт хэдэн цагийг шалгалтдаа бэлдэхэд зарцуулж байсан бэ? Цагаа хэрхэн хуваарилсан бэ?

- Өдөрт 1-2 цагийг л шалгалтаа бэлдэхдээ зарцуулдаг байсан. Тухайн өдөр бэлдмээр санагдсан хичээлээ л бэлддэг байсан. Түүнээс биш тэд дэх өдөр тийм хичээлээ бэлдэнэ гэсэн нарийн хуваарилалт гаргаагүй. 

YOLOЭнгийн нэгэн өдрөө хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ? Өглөө сэрэхээс орой орондоо орох хүртэл?

- Тухайн үед хичээл ордог байсан учраас 7:40 гээд хичээлдээ очоод 16:00 гээд тардаг байсан. Хичээлээ тарсны дараа 1-2 цагийг оройн хоолоо идэх, агаар амьсгалах зэргээр өөртөө зориулна. Миний хичээл хийх идэвхтэй цаг 18:00-20:00 цагийн хооронд байсан учраас тэр цагаараа буцаж ангидаа ирээд шалгалтандаа бэлддэг байсан. Манай гэр сургуулиас 10 км орчим зайтай учраас гэртээ харих гэсээр байтал оройн 22:00 цаг болчихно. Тэгээд эцэст нь гэртээ ирээд өдөр нь үзсэн сэдвүүдээ сэргээж харчихаад унтдаг байсан. 

YOLOТаны хувьд ЭЕШ өгөхөөр сонгосон хичээлүүд дээрээ тус тусад нь цаг гаргаад өдөр бүр бүх хичээлээ бэлдэх нь үр дүнтэй юу, аль эсвэл өдөр бүр өөр өөр хичээлээ бэлдэх нь үр дүнтэй юу?

- Миний хувьд өдөрт нэг л хичээлийг голчлон бэлдэхийг илүүд үздэг. Гэхдээ математикийн хичээлийн хувьд бодож чадахгүй дасгал гарч ирэх хүртэл нь ажиллачихаад дараагийн хичээлээ хийдэг байсан. Учир нь бусад хичээлээ хийж байх үедээ "Өө, нээрээ ингээд бодчихож болох байсан байна шүү дээ" гээд бодолтынхоо хариуг олох тохиолдол байдаг. Миний хувьд энэ, тэр гэж тогтсон хуваарь гаргахгүйгээр аль нэг хичээлээ чадах хүртлээ хийчихээд дараагийн хичээлрүүгээ орвол илүү үр дүнтэй байж чаддаг юм шиг санагддаг. 


YOLOГэрээр бэлдсэн үү? Сургалтад явж байсан уу?

- Сургалт, гэр гэхээсээ илүү сургууль дээрээ л бэлдсэн. Хүн бүрд хичээл хийхэд тохиромжтой, төвлөрч чаддаг газар гэж байдаг шүү дээ. Миний хувьд тэр газар нь сургууль байсан. 

YOLOГэртээ хичээлээ бие даан бэлдэх гэхээр гэр цэвэрлэх, дүүгээ харах зэргээс болж анхаарал сарних асуудал тулгардаг. Таны хувьд анхаарлаа хэрхэн төвлөрүүлж бэлдсэн бэ?

- Би айлын ганц хүүхэд учраас дүүгээ харах, гэр цэвэрлэх гэх асуудлууд гарч байгаагүй. 

YOLOТэгвэл хичээлээ хийж байгаад гар утсаа оролдохоос эхлээд анхаарал сарних тохиолдол их байдаг шүү дээ. 

- Би гэртээ амарч байхдаа л утсаараа оролддогоос биш хичээлээ хийж байхдаа утсаар оролдоод байдаггүй юм л даа. Эхнээсээ л утсаа оролдох, цаг үрэх, анхаарал сарних зэргийн сөрөг үр дагаврыг нь ойлгочихсон болохоор донтож сүйд болоогүй. 

YOLOШалгалтаа бие даан бэлдэж байхад мэдэхгүй зүйл гарч ирвэл цааш явахгүй гацах үе тулгардаг. Энэ үеэ хэрхэн давдаг вэ?

- Түрүүн дурдсанчлан бодож чадахгүй бодлого гараад ирвэл орхиод өөр хичээлээ хийдэг байсан. Тухайн бодлогоо 3-4 удаа эхнээс нь бодохыг оролдоод ч хариултыг нь олж чадаагүй бол багшаасаа асууна. Ер нь ямар нэгэн бодлогыг бодож чадахгүй байлаа гээд шууд л багшаасаа эсвэл найз нөхдөөсөө асуугаад бодчихвол дараа нь яг тийм төрлийн бодлоготой нүүр тулахад яаж бодсоноо санадаггүй. Харин хариултыг нь олохын тулд олон удаа оролдож байж олсон бол дараа нь сайн санадаг. Тиймээс аль ч хичээлийн, ямар ч сэдэв, бодлого дээр гацсан бай юун түрүүнд хэн нэгнээс асуухыг бүү урьтал болгоорой гэж зөвлөмөөр байна. 


YOLOБэлдэхдээ ямар ном, сурах бичиг, аппликэйшн ашиглаж байсан бэ?

- Хичээлийн сурах бичгүүд, ЭЕШ-ын эмхтгэлийн ном, Хан академийн хичээлүүдийг ашигласан. 

YOLOТаны хувьд математикийн ЭЕШ-ын хамгийн хүнд хэсэг нь юу вэ?

- Функцийн график л бусдаасаа хүнд санагдсан. 

YOLOШалгалтын өмнөх өдрөө хэрхэн өнгөрөөж байсан бэ? Сэтгэл санаагаа яаж бэлдсэн бэ? 

- Намайг ЭЕШ өгөхийн өмнөх өдөр гэрийнхэн маань зуны аялалдаа явж байсан юм. Тэр үед би “Tа хэд явчихаад ир, би зүгээр ээ” гэж хэлээд явуулчихаад найзындаа хоноод, өглөө нь шалгалтдаа хамт явж байсан. Шалгалт руу цүнх, гадуур хувцастай оруулахгүй гэхээр нь найзынхаа ээж аавд нь бүх юмаа үлдээчихээд орж билээ. Тэр үед гэрийнхэн маань бусад эцэг эхчүүд шиг намайг шалгалт өгөх сургуулийн гадаа хүлээгээгүй ч маш их итгэл хүлээлгээд явсан гэж боддог юм. "Манай энэ угаасаа л чадах хүүхэд дээ" гээд итгээд явсан болохоор тэр итгэлийнх нь хүчинд өөрийгөө бүрэн дайчилсан байх. 


YOLOШалгалтын үеэр ямар арга барилаар ажилласан бэ? Мэдэхгүй асуулт гарч ирэхэд хэрхэн хариулж байсан гэх мэт.

- Өмнө дурдсан цагийн хуваарилалт их тус болсон. Даалгавруудаа цагтаа тулгаж хийхгүйгээр 50-60 минутад шахаж хийгээд үлдсэн хугацаанд нь сайтар хянасан. Бүр нарийвчилбал эхлээд бүх тестүүдээ гүйлгэж хараад, цээжээр бодож чадах тестүүдийн хариуг нь дугуйлж тэмдэглэнэ. Дараа нь бодолттой дасгалуудаа ажиллахын хажуугаар цээжээр бодсон тестүүдээ хянана. Шалгалтаа хийж дуусгаад эхнээс нь дуустал нийт 7 удаа шалгасан ч цаана нь хугацаа үлдсэн байсан учраас сүүлийн удаа дахин нэг шалгасан юм. Гэтэл 7 удаа шалгахад гарч ирээгүй хоёр ч алдаагаа олоод засаж чадсан. Тийм болохоор шалгалтын материалыг хурааж авах хүртэл бүгдийг зөв хийсэн эсэхээ шалгахыг зөвлөж байна. 

YOLOТэр хоёр алдсан бодлого нь ямар бодлого байсан юм бол?

- Нэг нь интеграл, нөгөөдөх нь функцийн график байсан. Тэр үед алдаагаа олж хараагүй байсан бол 800 оноо авахгүй байлаа шүү дээ. 

YOLOТомьёонуудаа хэрхэн цээжилдэг байсан бэ? 

- Томьёонуудаа цээжлэхдээ хэдэн үсэг тоо гэдэг утгаар нь цээжлэхгүйгээр цаад ухагдахуунаар нь цээжлэхийг хичээсэн. 


YOLOТанд 800 оноо авахад юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?

- Надад хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол ээж минь. Энэ жил Японы Засгийн Газрын тэтгэлгийн шалгалтад ороход хүртэл "Миний охин өөрийгөө зовоож болохгүй шүү. Нойр хоолондоо сайн байгаарай. Бас битгий стрессдээрэй" гэж захиж байсан. Тийм болохоор би ямар ч шалгалт өгөхдөө "Би чадна! Ээж маань надад итгэж байгаа шүү дээ" гэж бодоод хичээдэг. Хэрвээ өөрийнхөө төлөө хичээх нь тийм ч үр дүнтэй биш байгаа бол өөрт чинь итгэж байгаа хүмүүсийн төлөө хичээгээд үзээрэй. 

YOLOКарентинтай энэ үед ЭЕШ өгөх гэж буй сурагчдад хандан зөвлөгөө өгөөч.

1. Өөртөө үнэнч бай. Шалгалтад бэлдэж байх явцад бодож чадахгүй бодлого гараад ирвэл хариуг нь битгий түрүүлж хараарай. Өөрийнхөө толгойд итгээд өөрөө бодох гээд хичээгээрэй.

2. Өөрийгөө шагна. Зогсоо зайгүй хичээллээд байвал амархан уйдах, залхах гээд байдаг. Тиймээс өдөрт тэдэн цаг хичээллээд, тэдэн цаг амарна гэсэн зарчмаар бэлдээрэй. 

3. Өөрийгөө бүү стрессдүүл. Гэр бүлдээ цаг зав гаргаж, гэр бүлдээ эерэг уур амьсгалыг бий болгож чадвал тэр нь эргээд чамд хичээл хийх урам болно.

4. Бусдад туслаарай. Хэрвээ чи өөрийнхөө хичээллэх арга барилыг олсон, хичээлдээ сайн бол бусдадаа туслаарай. Ингээд ЭЕШ өгөх гэж буй залуустаа амжилт хүсье!

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#ЭЕШ800 #Ярилцлага