Солонгосын бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон 5 кино


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-05-20

Азийн кино урлагийн томоохон төлөөлөл Солонгосын кино урлаг сүүлийн жилүүдэд улам их амжилтад хүрсээр байна. Арга ч үгүй биз. Солонгос кинонд хүний амьдралд байж болох бүх л үйл явцыг, бүр байж боломгүй үйл явдлыг хүртэл уран сайхны аргаар маш нарийн хийцтэй дүрсэлж чаддаг. Бороотой өдрийн халуун кофе шиг сэтгэлд дотно кинонууд ч бий. Тэдгээр кинонууд бидний дурсамжид үлдэн, хааяа нэг нэхэн дурсагддаг. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр дэлхийн олон олон үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасан эл бүтээлүүдийн дотор дотооддоо буюу Солонгосын ард түмний дунд бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон таван киног танилцуулж байна.

5. Veteran (2015) - 92 сая ам. доллар

“Мөнгө гэдэг эрх мэдэлд хүрэх гол түлхүүр гэнэ. Мөнгөтэй хүн юуг ч хийж болно, хэнтэй яаж ч харьцаж болно. Мөнгөтэй хүнд хууль хамаагүй.” Ийм төрлийн хүн, увайгүй зан чанар, шударга бусын тухай ойлголтыг хатуу ширүүн, өршөөлгүй мөрдөгч болон томоохон группийн өв залгамжлагч залуухан саятны хоорондын зөрчилдөөнөөр үзүүлжээ. Олны анхаарлыг татаад буй нууцлаг гэмт хэргийг мөрдөх явцад уг хэрэгт залуухан саятан холбогдох болно. Хуулийн цоорхой, мөнгө ашиглан бусармаг явдлаа гүйцэлдүүлж, хариуцлагаас зугтах саятныг хашир туршлагатай мөрдөгч хэрхэн зогсоох бол? Солонгосын нэрт жүжигчин Хван Жун мины бүтээсэн мөрдөгчийн дүр, Ю А Инь жүжигчний бүтээсэн залуухан саятны дүр. Чадвралаг, шилдэг жүжигчдийн халуухан уур амьсгал бүхий сонирхолтой өрнөл. Энэхүү кино жагсаалтын сүүлийн байранд бичигдсэн байна.

4. Ode to My Father (2014) - 99 сая ам.доллар 

Солонгосын ард түмэн хүйтэн дайнаас улбаатай үзэл суртлын нөлөөн дор дэлхийн хүчирхэг гүрнүүдийн шаардлагаар хоёр салж, ах дүүс хоорондоо цус асгаруулсан аймшигт дайныг хийж явсан түүхтэй. Энэ дайныг бид түүхэнд Солонгосын дайн хэмээн тэмдэглэсэн байдаг. Солонгосын дайны үеэр ааваасаа салахдаа ээж болон гэр бүлийнхнийгээ харж хандана хэмээн амласан нэгэн залуугийн амьдрал, түүний аавдаа өгсөн амлалтаа хэрхэн биелүүлэхээр тэмцэж буй сэтгэл хөдөлгөм түүхийг энэ бүтээлээс үзэх боломжтой. Тус киноны гол дүрийг нэрт жүжигчин Хван Жун мин бүтээжээ. Нэг хүний амьдралаар дамжуулан Солонгосын дайнаас хойших Өмнөд Солонгос улсын амьдрад ахуйг маш сонирхолтой, мэдүүштэйгээр эл бүтээл дэлгэн тавьсан юм. 

3. Along with the Gods: The Two Worlds (2017) -  109.4 сая ам.доллар 

Хүний амьдрал мөнх бус. Тиймдээ ч бид хүн биеийг олж төрөөд тодорхой хугацааг энэ ертөнцөд элээж цаг нь ирэхээр хальж оддог жамтай. Харин дорнын соёлд хүн нас барсныхаа дараах 49 хоногт эрлэгт шүүгддэг хэмээх ойлголт буй. Эл бүтээл тэрхүү нас нөгчсөний дараах 49 хоногийн тухай өгүүлэх ажээ. Бидний сайн танил “Миний дүрсгүй найз охин” киноны гол дүр Ча Тэ Хён уг кинонд тоглох бөгөөд түүний бүтээсэн гал сөнөөгчийн дүр албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар нас бардаг. Ингээд түүнийг дараа төрлөө олоход нь хийсэн гэм нүглийг нь дэнслүүлэн долоон удаа шүүхээр орж амьд ахуйдаа хийсэн үйл бүрийг нь шүүдэг. Түүний хамгаалагчид болох киноны үлдсэн гол дүрүүд хамгаалан авч явж бүх шүүхийг гэтэлгэж чадваас гол дүр хувилгаан дүрийг олж хойд төрөлд хүрэх ажээ. Үнэхээр л бидний амьдрал төгсөх үед нүгэл хилэнцийг дэнслэдэг болов уу? Дараа төрөл гэж байдаг гэж үү?

2. Extreme job (2019) - 120 сая ам.доллар 

Солонгосын кино урлагт цагдаагийн түүх, амдралыг өгүүлсэн кино бишгүй. Сайн, муу, хүчирхэг, урвагч цагдаа, бүтэлгүй, хөгжилтэй цагдаа гээд л төрөл бүрийн цагдаагийн дүрийг бид олон киноноос үзэж байсан. Харин дээрх кинонд эдгээр сонирхолтой дүрүүд бүгд нэг дор цугласан гэхэд хилсдэхгүй. Мөрдөж буй гэмт хэргийн бүлэглэлээ нууцаар тагнахын тулд тэдний хажууд шарсан тахианы газар байгуулснаар уг киноны гол үйл явдал өрнөнө. Маш сонирхолтой агаад хурдан хэмнэлтэй тус бүтээл үзэгчдийг хэзээ ч уйдаахгүй. Гэмт бүлэглэлийг мөрдөх эсвэл шарсан тахианы газар ажиллуулах хоёрын аль нь хэцүү ажил вэ? Хэцүү ажлын тухайн уг сонирхолтой бүтээл бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон жагсаалтын хоёрт эрэмбэлэгджээ. 

1.The Admiral: Roaring Currents (2014) - 138.8 сая ам.доллар 

Японы Шогуны эзлэн түрэмгийлэгчид Жусон улс уруу 1592 онд халдан довтолсон бодит түүхээс эл бүтээлийг сэдэвчлэн бүтээжээ. Аливаа улс орон болгонд өөрийн гэсэн бахархам цэргийн удирдагчид, чадварлаг жанжид түүхнээ мөнхрөн үлдсэн байдаг. Солонгосын ард түмний дээдлэн шүтдэг цэргийн гарамгай жанжин И Сүн шин өөрөөсөө хэд дахин олон тоотой Японы армийг тэр тусмаа усан флотыг нь өөрийн хэдхэн хөлөг онгоцоор буулгаж авсан бишрэм түүхийг эл бүтээл өгүүлэх ажээ. Энэ ялалт нь Солонгосын ард түмэнд үеийн үед дуурсагдан яригдах, тэдний бахархалт түүх нь болж үлдсэн юм. Магадгүй тийм ч учраас эл бүтээл энэ жагсаалтыг тэргүүлсэн болов уу. Алдарт жанжины дүрийг Солонгосын нэрт жүжигчин Oldboy киноны гол дүр болох Чой Мин Шик амилуулсан нь бүтээлийн амжилтад нөлөөлсөн ч байж болох юм. 

#Кино урлаг