Д.Золбоо: Бид цаг үеэсээ нэг алхам урд алхах хэрэгтэй


Б.Хишигжаргал | YOLO.MN
2019-09-14

Энэ удаагийн ярилцлагын буландаа What3words компаний Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золбоог урьж технологи болон залуучууд гэсэн сэдвийн хүрээнд сонирхолтой яриаг өрнүүллээ. Бидний амьдарч буй эрин үед технологи ямар чухал болохыг доорх ярилцлагаараа хөндөхийг хүссэн юм. Мөн Монголын нөхцөлд хаягжилтыг бүрэн шийдэж чадсан What3words буюу 3 үгт хаягжилт аппликейшны талаар мэдээллийг хүргэж байна.


YOLO: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
- Сайн байцгаана уу? Миний хувьд ерөнхий боловсролоо 84-р сургуульд суралцан төгсөөд MIU дээд сургуулийн олон улсын бизнес менежментийн чиглэлээр төгссөн. Их сургуульд суралцаж байх хугацаандаа БНСУ-д солилцооны хөтөлбөрөөр суралцаж байсан ба төгсөөд Shangri-La зочид буудалд дотоодын болон олон улсын арга хэмжээ, хүлээн авалт болон группүүдийг хариуцан ажилласан туршлагатай. Тухайн үедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороонд /United Nations Youth Advisory Panel/ зохицуулагчаар ажилласан. Одоогоор технологийн салбарт What3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна.

YOLO: Таны ажилладаг what3words буюу 3 үгт хаягжилт гэх аппликейшны талаар яриагаа эхлүүлье. Зарим уншигчид энэ аппликейшны талаар мэдээлэлгүй байгаа байх.
- Манай апп--ын гол давуу тал нь хэрэглэхэд маш энгийн, асар ухаалаг. Ердөө гурван үгээр дамжуулан хүмүүсийг аливаа хаяг байршлаа хоорондоо ярихад илүү амархан болгож буй апп юм.  Ихэвчлэн Монголд хүмүүс хоорондоо уулзахдаа олонд танигдсан байршлаар МУИС-ийн 5 дугаар байрны хажууд, талбайн баруун талд гэх мэтээр ерөнхийлж хэлдэг. Энэ тохиолдолд хүмүүс тухайн газрыг хаягийг сайн мэдэхгүй, олох гэж их цаг зарцуулах хандлагатай байдаг. Бид дэлхийг бүхэлд нь жижиг дөрвөлжнүүдэд хуваагаад 3х3 метрийн дөрвөлжин бүрт дахин давтагдашгүй гурван үгийн хослолоор ялган нэрлэсэн.

Жишээ нь, Little Heaven in UB кофе шоп ///амсхийх.жүжигт.эерэг гэсэн гурван үгт хаяган дээр байршдаг. Little Heaven in UB-д найзтайгаа уулзахаар товлолоо гэхэд хаягийг нь мэдэхгүй найздаа энэхүү гурван үгт хаягийг өгөөд what3words-ын апп-ын  хайх хэсэгт бичихэд Little Heaven in UB-ын үүдийг заана гэсэн үг юм. Апп-аараа дамжуулан тухайн газрынхаа гурван үгт хаягийг фейсбүүк мессенжер, цахим шуудан мөн мессежээр хялбархан хуваалцаж илгээх боломжтойг дурдах хэрэгтэй.  Монгол улсад хаягжилтын систем, ялангуяа хөдөө орон нутагт төдийлөн сайн хөгжөөгүй энэ цаг үед бидний зорилго бол технологийн тусламжтай хаягжилтын асуудлыг шийдэж, өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөн мөн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлэх юм. Товчхондоо амьдралыг хялбарчлах “шидэт гурван үг” гэж хэлж болох юм. /инээв/

 

Одоогоор гурван үгт хаягжилтын системийг дэлхийн нийт 170 гаруй оронд, гучин зургаан хэл дээр

үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.   

 


YOLO: Энэхүү аппликейшн хаанаас үүсэлтэй вэ?
- Анх 2013 онд Англи улсын Лондон хотод үүсгэн байгуулагдсан. Монгол улсад 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа.  Манай улс what3words-ын албан ёсны төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулсан анхны улс гэдгээр онцлог. 

YOLO: Монголын нөхцөлд үйл ажиллагаа явуулахад ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
- Дэлхийд шинэхэн нэвтэрсэн технологи гэдэг утгаараа олон нийтэд таниулах талаас нь анхаарч ажилладаг.  Учир нь Монголчууд бид уул усныхаа нэрээр хаягаа заагаад сурчихсан болохоор газрын зураг ашиглах тохиолдол ховор байдаг. Тиймээс давхар технологийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхийг эрмэлздэг. Одоогийн байдлаар нийт 4000 гаруй сурагч, оюутан залуус мөн байгууллагын төлөөлөлд дижитал шилжилтийн ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна. Технологи нь бидний амьдралыг илүү хөнгөвчилж, биднийг илүү ойртуулах зорилготой шүү дээ. 

YOLO: Таны хувь хүний хөгжлийн талаар сонирхон асуух гэсэн юм. Суралцаж байх хугацаандаа ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан бэ?
- Их сургуульд байхдаа дүнгээрээ жагсаад гурван жил их бага хэмжээгээр тэтгэлэг авч байсан. Мөн АНУ-ын Төрийн Департментээс хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн манлайллын тэтгэлэгт “Study of the U.S. Institutes for Women Leadership” хөтөлбөрт хамрагдаж байсан. 2014 онд АНУ-д  2 сарын хугацаанд долоон орны 25 манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзаж танилцсан. Энэ хөтөлбөрөөс манлайлал, нийгмийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн хүчирхэг байдал зэрэг маш үр өгөөжтэй олон мэдээлэл, практик багийн ажлуудыг хийж үзсэн. Дараа нь ажил дээр гараад илүү олон том тэтгэлэгт боломж байсныг мэдсэн. Хэрвээ бид өөрсдөө судалж хичээвэл олон боломж нээгддэг. 


YOLO: НҮБ-н Залуучуудын Зөвлөх Хороонд /United Nations Youth Advisory Panel/зохицуулагчаар ажиллаж байсан гэсэн. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
- 2016 оноос хойш НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороонд орж ажилласан. Энэ байгууллага нь Монгол залуусаас жил бүр сонгон шалгаруулалт хийж нийт 15 залуусын бүрэлдэхүүнтэй сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн залуучууд НҮБ, Монголд байгаа залуучуудын эвсэл холбоо, төр засгийн гүүр болж ажилладаг. Гол санаа нь бидний амьдарч буй дэлхий ертөнцийг тодорхойлоход, тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд залуус бидний оролцоо чухал. Тиймээс залууст чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөхөд бид гар бие оролцож зохион байгуулдаг. Саяхан ЮНЕСКО-той хамтран зохион байгуулдаг олон улсын хэмжээний Модел ЮНЕСКО Монгол 2019 арга хэмжээ амжилттай болж өнгөрсөн.

YOLO: Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?
- Сүүлийн үед миний хийж буй ажил түлхүү удирдах түвшинд хамрагдаж буй учир менежментийн талаар уншиж мэдээлэл авахыг зорьж байна.  Ажил руугаа ирэх болох харих замдаа подкаст сонсох дуртай болоод байна.  Тэр дундаа Unlock, Super Soul, HBR IdeaCast зэрэг төрөл бүрийн подкастыг тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран сонсдог. “Harvard business review” вебсайтыг унших дуртай.  Зөвхөн бизнесийн гэлтгүй баг хамт олны ажиллагаа, хувь хүний хөгжлийн зэрэг өргөн сэдвийн хүрээнд баримт, туршлага дээр үндэслэн мэдээлэл хүргэдэг платформ. Мөн саяхнаас Tertulia Mongolia гээд сар бүрд нэг  удаа уулздаг номын клубд явж эхэлсэн шүү.


YOLO: Таны бодлоор ямар зан чанар амжилтын үндэс болдог вэ?
- Товчхондоо гурван үгээр тодорхойлох юм бол тууштай, сониуч, чин сэтгэлээсээ. Энэ гурван зан чанарыг эзэмшсэн цагт хүрэх цэг хязгааргүй юм шиг санагддаг. 

YOLO: Таны хувьд технологи ямар ач холбогдолтой вэ? 
- Мэддэг, чаддаг, сурсан зүйлсээ бусадтай хуваалцах их дуртай хүн. НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороонд байсан цагаас л юу сурснаа багийнхантайгаа болон  эргэн тойрны залуустай хуваалцдаг байсан. Харин одоо технологийн салбарт ажиллаж эхэлснээс хойш технологийн эрин үед амьдарч буй энэ цаг үед залуус дижитал шилжилтийн талаар зайлшгүй мэдэх ёстой юм байна гэдгийг улам ойлгож байна. Яагаад бидэнд дижитал шилжилт чухал ач холбогдолтой  гэж үү? Учир нь хүссэн хүсээгүй бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй эзэмшсэн байх ёстой чадваруудын нэг цахим ур чадвар болно.

What3words байгууллагын үүссэн түүхийг залууст ярьж өгөх дуртай. Манай компанийг үүсгэн байгуулагч Крис Шэлдрик хөгжмийн салбарт ажиллаж тоглолт, концертууд зохион байгуулдаг байсан. Крист хамтлагийн гишүүдийг нэг газар нэг цагт цуглуулахад хүндрэлтэй байсан учраас энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд найзуудын хамтаар өнөөдрийн дэлхийд үнэлэгдсэн компанийг үүсгэн байгуулсан. Ингээд харахаар гурван үгээр ч технологийн хувьсгал хийж болохын тод жишээ.

YOLOЯагаад залуучууд технологи сонирхох хэрэгтэй вэ?
- Технологийн шилжилт асар хурдтай явагдаж байна. Хүн болгон ухаалаг гар утастай болж байна. Тэрийг дагаад бүх зүйл ч гар утсан дээр суурилж байна.   Цаг үетэйгээ хөл нийлүүлэн бид хойно биш нэг алхам урд алхах хэрэгтэй болоод байна. Бид шинэ технологийг цаг тухайд нь мэдэж, хөл нийлүүлэн алхсанаар өөрийгөө хөгжүүлэхээс гадна эргэн тойрондоо эерэгээр нөлөөлөх боломжтой. Дэлхий нийтэд технологи маш хурдацтай өсөж интернет орчинд хаана байгаагаас үл хамааран олон санаа, стартапууд төрсөөр байна. Яагаад Монголоос эхлэлтэй дэлхийд өрсөлдөх технологийн санаа гарах боломжгүй гэж? 


YOLO: what3words-той адил залуучуудад хэрэгтэй ямар аппликейшнууд байдаг вэ?

- Залуучуудад хэрэгтэй бөгөөд сэдэл авахаар олон төрлийн апп болон вебсайтууд бий. Бидний хамгийн ихээр хэрэглэдэг Facebook л гэхэд ямар ч контент үйлдвэрлэдэггүй хирнээ дэлхийн хамгийн алдартай медиа компани болсон байна. Үүний адилаар UBER гэхэд ямар ч машин эзэмшдэггүй дэлхийн хамгийн том такси компани болон хөгжсөн. Жак Магийн үүсгэн байгуулсан Alibaba гэхэд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй хирнээ томоохон борлуулагч болсон бол Airbnb-ын хувьд ямар ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй хирнээ хамгийн том байр сууцаар хангагч болон хөгжсөн байдаг. Ингээд харахаар магадгүй одоо бидний гар хоосон байж болох ч оновчтой санаа, зөв цагтаа, тууштайгаар, сайн хамт олны хүчээр дэлхийн тавцанд гарах боломжтой нь энэ цаг үеийн гайхамшиг гэлтэй.
YOLO: Хүүхэд залуучуудтай яриа хийгээд явж байхад ямар нэгэн анхаармаар зүйл гарч байсан уу?
- Хааяа тийм зүйл гардаг шүү. Зөвхөн what3words апп-ын талаар танилцуулж байх явцад зарим хүүхдүүд Facebook  хэрэглэдэг хирнээ цахим шуудангаа мэдэхгүй байх тохиолдол олон гарч байсан. Энэ нь эргээд дотооддоо дижитал боловсролын түвшинг нэмэгдүүлж, цахим ур чадваруудыг эзэмших зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байгаа юм. Өдрөөс өдөрт бид бүхнээс илүү их цахим ур чадваруудыг шаардаж байна.  Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж ажлын талбарт гарахад хамгийн энгийн зүйл болох цахим шуудангийн хаягтай байхаас л эхэлж байна. 


YOLO: Таны цаашдын зорилго
- Ойрын зорилго гэвэл нэгэн маш сонирхолтой төсөл дээр ажиллаж байгаа. Тун удахгүй олон нийтэд мэдээлэх болно. Харин хэтийн зорилго гэвэл хувийн хэвшлийн салбараар дамжуулан мэдээлэл хүрэхгүй байгаа хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд чиглэсэн өргөн хүрээтэй нийгмийн ажлууд хийх явдал юм.

YOLO: Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье. 
Баярлалаа. Танай хамт олонд мөн амжилт хүсье.

Facebook: https://www.facebook.com/zolboo.dashmyagmar 
LinkedIn: https://www.linkedin.com/in/zolboodashmyagmar/ 
Instagram: https://www.instagram.com/zolboo.dash/ 


#золбоо