Грета Тунберг загварын салбарынхны байгальд үзүүлж буй хор хөнөөлийг шүүмжилжээ


О.Хандмаа | YOLO.MN
2021-08-10

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч Грета Тунберг Скандинавын “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Түүний гэрэл зургийг Шведийн байгаль хамгаалагч гэрэл зурагчин Александров Клум дарсан байна.

Тунберг алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэх зураг авалтад орохдоо Стокгольмын ойролцоох ойд Гандалфф хэмээх нэртэй морьтой хамт зургаа даруулжээ. Тэрээр дахин боловсруулсан материалаар хийсэн цув өмсжээ.

Грета Тунберг загварын салбарыг цаг уурын өөрчлөлтөд нөлөөлдөг нэгэн том шалтгаан хэмээн буруутгаж буй тухайгаа ярилцлагадаа дурдсан байна.

Түүнчлэн тэрээр “Загварын брэндүүд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ байгальд үзүүлж буй хор хөнөөлийн төлөө хариуцлага үүрэх ёстой” хэмээжээ.

“Vogue” сэтгүүлийн Ерөнхий редактор Мартина Бонниер “Грета Тунберг манай сэтгүүлийн нүүрийг чимсэн нь бахархам үйл явдал байлаа. Тэр бол зөвхөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч нэгэн биш. Тэр бол байгалийн хайрыг бидэнд ойлгуулах, тогтвортой, аюулгүй, ээлтэй амьдрах ухагдахууныг алсын хараа болгон бусдад түгээдэг хүчирхэг нэгэн юм” гэжээ.

Байгаль орчныг хамгаалах үйлсийн идэвхтэн Грета Тунберг Нобелийн шагналын өөр нэг хувилбар болох "Alternative Nobel Prize” олон улсын нэр хүндтэй шагналын эзэн болж байсан ба 2019 оны “Right Livelihood Award” буюу "Зөв амьдралын хэв маягийн шагнал"-ыг мөн хүртэж байсан юм.

#Загвар #Байгаль #Vogue