Г.Цолмон: Талбайд гарахаар хэцүү зүйлээ ч мартаж ЖАРГАЛТАЙ болдог


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-01-17

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээ өнгөрөгч сард болж шилдгүүдээ тодруулсан билээ. Оны өмнөхөн "Шилдэг эмэгтэй тоглогч"-ийн шагналыг 14 настай, Нийслэлийн 6-р сургуулийн 9-р ангийн сурагч Г.Цолмон хүртсэн юм. 2017 оны "АЛТАН БӨМБӨГ"-ийн эзэн Г.Цолмонтой уулзаж ярилцлаа. wink

YOLO: Шилдэг эмэгтэй тоглогч болсонд нь баяр хүргэе. Энэ шагналын эзэн болж Г.Цолмон хэмээн нэрээ дуудуулсан торгон мөчийг эргэн дурсъя?
- Өөрийгөө энэхүү шагналыг авна гэж бодоогүй. Хөлбөмбөг тоглодог эгч нар зөндөө бий, дээрээс нь би 14 настай жоохон тийм болохоор багийнхаа эгчийг авах байх л гэж бодож байсан. Өөрийгөө нэр дэвшинэ ч гэж бодоогүй. Анх нэр дэвшсэнээ сонсоод тэмцээнтэй байсан учраас нэг их ач холбогдол өгөөгүй. Дараа нь шилдэг гуравт үлдсэнээ мэдээд уйлчихсан.

Би даашинз ерөөсөө өмсдөггүй. Тийм болохоор ёслолын ажиллагаанд оролцохдоо л өмссөн. Тухайн үедээ "Шилдэг гуравт үлдчихлээ, ёслолын ажиллагаанд оролцох юм байна. Гоё доо" гэж бодоод баярлаж байсан чинь бүр шилдэг эмэгтэй тоглогчийг зарлахад миний нэрийг дуудсан. Үгээр хэлэхийн аргагүй тийм мэдрэмж төрсөн дөө. 

YOLO: Монголын эмэгтэй багийн ОУ-н тэмцээний анхны гоолыг Гуамын хаалганд оруулсан шүү дээ. Тухайн үед тэмцээн хэр ширүүн явагдаж байсан бэ?
- Бидний хувьд тэмцээний эхний арван минут их чухал байдаг. Эхний арван минутанд гүрийгээд сайн тоглочихвол тоглолт бараг ойлгомжтой болчихдог. Тэр үед уг нь айлын баг бөмбөг гаргасан. Тэгээд хойшоо татаад эхний хоёр минутад довтолгоо эхлээд нэлээн ширүүн орчихсон юм. Ингээд бөмбөг таслагдсанаар манай багийн охин над руу дамжуулж би цохиод гоол оруулсан. Бас л их сонин мэдрэмж байсан. Дөнгөж тоглолт эхэлж байсан учраас сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Тэгээд тоглолтоо үргэлжлүүлсэн дээ. 

YOLO: Нэг хэсэг хөлбөмбөг бол хөвгүүдийн спорт гэх ойлголт байсан. Өдгөө охид ч бас их хичээллэх болж. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болсон бэ?
- Би өмнө нь сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Хоёр жилийн өмнө сургуулийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн болоод би орчихсон юм. Ингээд "Дуулиан 2020" тэмцээнд сургуулийнхаа шигшээ багт багтаад орсон. Хөл бөмбөг тоглоод хоёрхон сар болж байхад Япон дасгалжуулагч ирж сургууль болгоны багаас хүүхдүүд шалгаруулж авч байгаа гэж сонсоод багт орсон. 


Нэг найз минь "Чи энэ замыг гэртээ харих зам гэж бод. Хэрвээ алхахаа боливол гэртээ харьж чадахгүй" гэж хэлсэн.

Г.Цолмон







Анх багийнхаа Удвал гэх охиныг хараад "Би энэ охин шиг тоглодог болно" гэж боддог байлаа.

Г.Цолмон

Анх багийнхаа Удвал гэх охиныг хараад "Би энэ охин шиг тоглодог болно" гэж боддог байлаа. Туршлага солилцох журмаар Япон явахаар болоход тэр хүүхдүүдийн тоонд заавал багтана гэж өөртөө зорилго тавин бэлтгэлээ хийж эхэлсэн. Ингээд өвөл ганцаараа ч хамаагүй талбайд бэлтгэл хийсээр тэнцээд наймдугаар сард Япон явж туршлага судалсан. Ер нь спортод их хайртай. Спортын тэмцээн болвол яваад л ордог байсан зан маань их нөлөөлсөн.

YOLO: Сагсан бөмбөгөөр үргэлжлүүлж хичээллэсэн бол хөл бөмбөгийн спортоор гаргасан шигээ амжилт гаргана гэж боддог уу?
- Тэгж боддог шүү. Ер нь бол охидуудыг спортоор хичээллэнэ гэхээр хүмүүс нэг л өөрөөр хүлээж авдаг. Би анх хөлбөмбөгөөр хичээллэж эхлээд монголд эрэгтэй баг нь хөгжөөгүй байхад эмэгтэйчүүд яаж хөгжүүлдэг юм гэсэн үгийг их сонсдог байсан. Шантраад уйлах үе ч их байсан. Анх хөлбөмбөг тоглож эхлэхэд ангийн багшаас маань өөр хэн ч дэмждэггүй хэцүү байсан.

Тийм ч сайн хөгжөөгүй байгаа мөн хөлбөмбөг тоглодог охид тийм ч их биш учраас үнэхээр хүсээд хичээх юм бол шигшээ багт орох боломжтой байдаг. Одоо сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог хүүхдүүдийг хараад "Хэрвээ би сагсан бөмбөгөө тоглож байсан бол бас шигшээ багт орчихсон л байх байж дээ" гэж боддог. Гэхдээ хөлбөмбөгийг сонгосондоо харамсдаггүй ээ.

YOLO: Шантраад уйлах үе ч байсан гэлээ. Шантралаа хэрхэн даван туулж байсан бэ?
- Хүмүүс сэтгэлзүйч дээр очоод "Надад ийм асуудал байна. Яаж давж туулах вэ?" гэж асуудаг. Би яагаад тэгж асуудгийг нь ойлгодоггүй. Би багаасаа бага зэрэг хэцүү амьдралтай өссөн болохоор тэвчээртэй. Манай багийн дасгалжуулагч ч гэсэн намайг сэтгэлийн хаттай гэж хэлдэг байсан болохоор ч тэр үү давж туулаад хэвшчихсэн.

Шантрах үе их байсан ч чадна гээд зорилго тавьсан учраас даваад гарчихдаг. Өнгөрөгч зун миний хувьд хөлбөмбөг тоглож эхэлснээс хойш хамгийн хэцүү үе маань байсан. Заримдаа намайг шигшээ багаас гаргах гээд үздэг хүмүүс байсан ч намайг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бас байсан. Би хөлбөмбөгийг орхиё гэж бодох үе ч байсан. Тэр үед найз маань "Чи энэ замыг гэртээ харих зам гэж бод. Хэрвээ алхахаа боливол гэртээ харьж чадахгүй" гэж хэлсэн. Энэ үгийг их бодож хичээдэг. 


Япон явах хүүхдүүдийн тоонд заавал багтана гэж зорилго тавин өвөл ганцаараа ч хамаагүй талбайд бэлтгэл хийдэг байсан. Тэгээд Япон явсан даа. 

Г.Цолмон

YOLO: Хөлбөмбөг бэртэл их авдаг хүнд спорт. Авч байсан хамгийн том ямар бэртэл байдаг вэ?
- Нэг хэсэг миний өвдөг бэртсэн. Ер нь бол байнга л бэртэлтэй байдаг. Гэвч талбай дээр гараад гүйх үед өвчнөө мартчихдаг юм. Бэртэлтэй байсан ч, бие хэчнээн муу байсан ч талбай дээр гарах үед мартагдчихдаг. Өвдөг бэртээд бараг хоёр сар тоглоогүй. Одоо ч бага зэрэг бэртэлтэй байгаа. Гэхдээ боогоод тоглочихдог учраас гайгүй ээ.

YOLO: Монголчууд хөлбөмбөгийн спортоор тив дэлхий, ОУ-д өндөр амжилт хараахан гаргаж амжаагүй болохоор ч тэр үү бидэнд тохирохгүй спорт гэж үзэх хүмүүс цөөнгүй. Энэ талаар өөрийн чинь үзэл бодол ямар байдаг вэ?
- Хамгийн баттай нэг юм хэлэх үү, хүн болгон сагсан бөмбөгийг хөгжихгүй гэдэг байсан. Гэвч 2017 онд 3х3 дэлхийд гараад ирлээ. Тийм болохоор багийн спорт хөгжинө гэдгийг би баттай хэлнэ. Хөлбөмбөгийн холбооныхон маань бүгд хөлбөмбөгийг хөгжүүлэхийг хичээдэг. Бид гадны улстай туршлага солилцож бэлтгэл их хийж байна. Зөвхөн монголоороо сэтгээгүй дэлхийн бусад улс ямар хөгжилтэй байгааг ч мэдэж байгаа. Японы хөлбөмбөг 30 жилийн хугацаанд хөгжсөн.

Биднийх 20 эсвэл 10 жилийн хугацаанд хөгжих боломжтой гэдэгт би итгэдэг.

YOLO: Хөлбөмбөгийн спортын юу нь өөрийг чинь тэгж их татдаг вэ?
- Талбайд гарахаар жаргалтай болчихдог. Хэцүү зүйл байсан ч мартчихдаг. Зорилгынхоо төлөө явж байгаа учраас жаргалтай байдаг. 

Ямар нэгэн спортоор хичээллэдэг охидуудыг нэлээн эрэгтэйлэг гэж хүүхдүүд боддог. 

YOLO: Г.Цолмон маань хүнтэй үерхдэг үү? Хүнтэй үерхэх талаар ямар бодолтой байдаг вэ?
- Байхгүй. Сурагч байх хугацаандаа үерхээд дэмий л гэж боддог. Гэхдээ нэг хүүхэдтэй үерхэж байсан. Явц дундаа шохоорхол байдаг ч үерхэхийг хүсдэггүй. Үерхчих юм бол нөгөөхдөө гомдчихоод тэрэндээ тунирхаад л юун хичээл юун бэлтгэл. Тэгж явж байгаад хамаг юмаа алдчихвал яана /инээв/.smiley









Ер нь бол 12-р анги төгстлөө хүнтэй үерхэхгүй гэж боддог. Төгсөөд ч үерхэхгүй байх даа. Ер нь үерхэхгүй ээ. Ирээдүйд тэгээд болох л байлгүй. Би ирээдүйд гэр бүл гэж нэг их төсөөлдөггүй. Хүүхэдтэй болно гэхээр айгаад байдаг юм. Өвдөнө шд ээ /инээв/.smiley

YOLO: Ирээдүйд өөр мэргэжил сонгох уу? Эсвэл цаашдаа ч хөлбөмбөгийн спорттой холбоотой байх уу?
- Тодорхой сонгосон мэргэжил байхгүй. Гэхдээ хөлбөмбөгөө орхихгүй. Заавал хөлбөмбөгтэй салшгүй холбоотой амьдрахыг хүсдэг. 

YOLO: Хэрвээ бурхан чиний гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх вэ?
- Нэгт ээж минь миний хажууд байгаасай гэж хүснэ. Тэр үе рүү буцах юм бол өнөөдрийн миний гаргасан амжилтууд байхгүй байж мэдэх ч гэсэн ээж минь дэргэд минь байгаасай гэж хүсэх байсан. Хаа нэгтээгээс гараад ирээсэй гэж хүснэ. Хоёрт надад илүү боломж гарч ирээсэй гэж хүснэ. Сүүлийнх нь эрүүл байгаасай л гэж хүснэ. Хүмүүс мөнгө төгрөг хайр дурлал гэдэг. Гэхдээ надад энэ сонин биш. Боломж байх юм бол би хичээнэ. Байхгүй бол хичээж байгаад боломжийг бий болгоно. Хичээж чадах юм бол мэдээж мөнгө олно.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?
- Зорилгоосоо хэзээ ч няцаж болохгүй шүү. Няцдаг хүүхдүүд маш их байдаг. Зорилгоо тодорхойлоод зорилгынхоо төлөө хичээгээсэй. Хүн мөрөөдөлгүй амьдрах юм бол магадгүй юу ч бодохгүй жаргалтай байж чаддаг байх. Гэхдээ мөрөөдөлтэй болсон тэр үеэс амьдрал хэцүү болдог ч энэ нь бас нэг талын жаргал юм. Жоохон амжилт олоод тэрэндээ бардаж болохгүй. 

Манай найзууд гэр бүлийнхэн маань ч мөн унших байх. Намайг дэмжиж, миний нулимсыг арчиж өгдөгт баярлалаа. “Монголын хөл бөмбөгийн холбоо”-ндоо баярлалаа. Хоёр жилийн хугацаанд надад зааж сургасан дасгалжуулагч Ики Ёжи (Iki Yoji), Арвис клубийн дасгалжуулагч Л.Банзрагч багшдаа баярлалаа. Эгчдээ мөн ангийн багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
- Баярлалаа

#Football #Girl #Mongolia