Дугуйчин болохоор шийдсэн бол ЭНДЭЭС цогц мэдээлэл аваарай


Сондор | YOLO.MN
2017-06-07

Үнэндээ дугуй гэдэг унаа хүн төрөлхтний бүтээсэн тээврийн хэрэгслүүд дундаас хамгийн байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд тустай унаа юм. Зөвхөн дугуй унаснаар хураагуур судасны өвчнөөс сэргийлж, гуя, шилбэ, нурууны булчин чангарч, дархлаа сайжирдаг гэх.

Эрүүл мэндэд тустайгаас гадна дугуй гэдэг хотожсон өнөөдрийн нийгэмд давуу талтай ажээ. Замын түгжрэлд зогсохгүй, агаарын бохирдол үүсгэхгүй, зогсоол санаа зовохгүй гээд явж өгнө. Тэгвэл энэ унааны түүх хэзээнээс эхэлсэн бэ?

Өнөөдрөөс 198 жилийн тэртээ анх Германы зохион бүтээгч Барон Карл фон Драйс “Laufmaschine” буюу гүйдэг машин гэх зүйлийг бүтээснээр унадаг дугуйн түүхэнд нэрээ мөнхөлжээ. Гэхдээ үүнээс өмнө 1493 болон 1791 онуудад унадаг дугуйны анхны гар зургууд бүтээгдсэн гэж үздэг хэдий ч албан ёсны он тооллыг 1817 оноор сонгосон аж.

Үүнээс хойш дугуйг хүн төрөлхтөн олон янзын хэлбэр дүрстэйгээр бүтээх болж өнөөдрийн байдлаар жилд 130 сая дугуй үйлдвэрлэх хүртэл хөгжжээ. Сонирхуулахад яг одоо энэ нийтлэлийг бичиж байхад 2015 он гарснаас хойш нийт 60,412,569 дугуй үйлдвэрээс гарч байна.

Таныг энэ нийтлэлийг уншаад дуусахад дахиад 2000 гаруй дугуй үйлдвэрээс гарна гээд боддоо. Ер нь яагаад энэ нийтлэлийг бичих болсон гэхээр урин дулааны цаг ирж хүмүүс дугуй унах нь ихсэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд монголчуудын дугуйн хэрэглээ эрчимтэй нэмэгджээ.

Тэгвэл та анхлан дугуй авах гэж байгаа бол юунд анхаарах вэ? Дугуйны үнэ ханш ямар байна? Хүүхдэдээ дугуй унуулах гэж байгаа бол юунд анхаарах ёстой зэрэг асуултад хариулахыг хичээлээ.

ӨӨРТ ТОХИРСОН ДУГУЙГ СОНГОХ НЬ

Хэн ч байсан анх удаа дугуй авах гэж байгаа бол аль үзэмжтэй, чанартайг сонгох нь мэдээж. Гэхдээ та өөрийн хэрэгцээнд яг тохирсон дугуйг сонгож байна уу, гэдэг нь асуудал. Учир нь зөвхөн ажил гэр хоёрын хооронд явах гэж байж уулын дугуй авчихвал ямар хэрэг байх вэ?

Дугуй авна гэдэг тун сонирхолтой төдийгүй та амьдралын хэв маягаа өөрчлөх гэж буй нэг алхам юм. Мэдээж хэрэг яаран сонгож дэмий мөнгө үрсэн гэдэгтээ харамсаж байснаас нухацтай хандсан нь дээр.

ЯМАР ЗОРИЛГООР ДУГУЙ АВАХ ГЭЖ БАЙГАА ВЭ?

Анхны дугуйгаа авах гэж байгаа хүмүүсийн гаргадаг нэг алдаа нь хэрэгцээг нь хангаж чадахгүй зүйлийг худалдан авдаг явдал. Учир нь хүмүүс өөрсдийн хэрэгцээг биш эхлээд үнийг нь боддог.

Ингээд удалгүй дугуйгаа унахаа болино. Яагаад гэхээр нэг бол дугуй нь хэтэрхий хүнд эсвэл хөнгөн, хангалттай хурдалдаггүй гэх мэт асуудлаас болоод тэр аж. Магадгүй та триатлоны тэмцээнд оролцох зорилго тавьсан байж болно.

Эсвэл магадгүй та зүгээр л гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт зугаалахын тулд дугуй сонгож байгаа ч байж болох юм. Энэ тохиолдолд танд карбон гадаргуутай, нарийн дугуйтай дугуй хэрэг болохгүй нь мэдээж.

НЭГ ДУГУЙГААР БҮХНИЙГ гэдэг буруу ойлголт

Та элэг нь газарт наалдсан Ламборгини авчхаад хотоос гадна шороон зам дээр давхина гэж хэзээ ч байхгүй. Яг үүнтэй адил дугуй ч гэсэн өөрийн гэсэн зориулалттай бөгөөд уулын, хотын, шороон замын гээд төрөл бүр.

Анх дугуй авах гэж байгаа хүн ер нь бол хаашаа ч явсан дугуйгаараа явчихна гэж төсөөлөх нь элбэг. Зарим нэг загварын дугуй хэд хэдэн төрлийн зам дээр явж болдог ч бүх замд тохиромжтой дугуйг одоогоор хүн төрөлхтөн бүтээгээгүй хэвээр байна.

Тахиан сохор бай

Хүн бүр л загвар, өнгө үзэмжид дуртай. Гэхдээ дугуй авах гэж байгаа үедээ өнгөний сонголтыг хамгийн сүүлд үлдээх хэрэгтэй аж. Та хаана унах дугуй авах гэж байгаа нь чухал болохоос ямар харагддаг дугуй авах нь тийм ч чухал биш.

Хотын дугуй

Та зөвхөн хотод ажил, сургуульдаа явахдаа л дугуй ашиглах гэж байгаа бол элдэв карбон гол, өндөр үнэтэй дугуйн оронд боломжийн үнэтэй, хөнгөхөн, бүр эвхэгддэг дугуй авах нь зүйтэй. Өдөрт арван километрээс илүү зам туулахгүй та бид хоёрт ийм л дугуй яг тохирно.

Хол замын дугуй

Магадгүй та гүйдэг, сэлдэг нэгэн байж болох юм. Тиймээс дугуйг спорт гэдэг утгаар нь ашиглах гэж байгаа бол хол замд тохиромжтой дугуй сонгох хэрэгтэй. Ер нь бол энэ төрлийн дугуй аль ч дэлгүүрт өндөр үнэтэй талдаа орно.

Жингийн хувьд хөнгөн, их бие нь өндөр тийм дугуй л хол зам туулах танд тохирох аж.

Уулын дугуй

Та ууланд авирах аяллаа өөр маягаар хийхийг хүсэж байвал энэ төрлийн дугуй танд яг тохирно. Хүнд жинтэй, араа шүд нь арзайсан мундаг дугуй авчхаад уул хадаар явахгүй бол өөр хаана явах вэ дээ. Мэдээж хэрэг энэ гурваас гадна BMX мэтийн өөр төрлийн дугуйнууд бий.

Гэхдээ үндсэн гурван сонголтоос нэг их хол зөрөхгүй учир би энэ удаад орхихоор шийдлээ.

ДУГУЙН ҮНЭ ХАНШИЙН ТУХАЙД

Өнөөдөр Дүнжингарав, Нарантуул, Хархорин захуудаас гадна хотын гудамжинд дугуй эгнүүлэн зарж буй газрууд олон болжээ. Түүнчлэн дугуйн төрөлжсөн дэлгүүрүүд хүртэл хэд хэд байдаг болсон.

Г.Дашням буюу олонд “Никел” Ганбаа гэдэг нэрээр танигдсан мундаг залуу өнгөрсөн жилээс эхлэн Монголдоо дугуй үйлдвэрлэж байна. Нэг араатай, гол төмөр, үзэмж сайтай тэдний дугуйн ханш одоогоор 550,000 төгрөг аж.

Харин гаднаас орж ирсэн дугуйн хувьд бага насны хүүхдийн дугуй гэхэд 85,000-350,000 төгрөгийн хооронд нас нь ахих тусам нэмэгдсээр 16 хүртэлх насны хүүхдийн дугуй 800,000 төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Харин насанд хүрэгчдэд зориулсан дугуйн үнэ 250,000 төгрөгөөс эхлэн 1,500,000 хүртэл байдаг аж.

ДУГУЙН ЗАМТАЙ БОЛОХ НЬ НЭН ТЭРГҮҮНИЙ ШААРДЛАГА

Дугуй хүний эрүүл мэндэд тустай, агаарын бохирдол үүсгэдэггүй гэж хэчнээн ярьсан ч саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр дугуйн замтай болох асуудал Монгол улсад нэн шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 2,6 километр урттай албан ёсны дугуйн зам ганцхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л байгаа билээ.

Үүнээс өөрөөр дугуй унаж болох аюулгүй газар гэвэл Чингисийн талбай, хотын төвийн хэдэн цэцэрлэгт хүрээлэн, байрны гаднах жижигхэн талбайнууд гээд дуусчихна. Гэтэл ажил, сургуульдаа дугуйгаар явах бол заавал машин зам руу орж таарна.

Зөвхөн өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд унадаг дугуйтай холбоотой 644 осол бүртгэгджээ. Эдгээр ослоос зургаад нь бага насны хүүхэд дугуйтай явж байгаад осолд орсон байна. Магадгүй зургаа гэдэг тоо бага сонсогдож болох ч хүүхэд нь дугуй уналаа гэж гараад гэмтэж бэртээд ороод ирэхэд эцэг эхэд нь ямар хэцүү байсан бол.

Дугуйтайгаа явж байгаад унаж бэртэх гэдэг нэг өөр. Харин дугуйтай явж байгаад машинд мөргүүлнэ гэдэг харамсалтай. Замын цагдаагийн газрын ахлах дэслэгч Х.Одбаярын хэлснээр “Хүүхэд осолд орж байгаад эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид анхаарлаа хандуулах ёстой” гэсэн юм.

Учир нь хотод албан ёсны дугуйн зам байхгүй, хүүхдүүд машин зам руу хамаагүй ордог, наад захын өөрт хэрэгтэй замын хөдөлгөөний дүрэм журмыг мэддэггүй зэрэгтэй холбоотой аж. Дугуйн зам байхгүй ч гэсэн машин зам руу орох, замын хөдөлгөөний дүрмийг сахих зэргийг ойр тойрных нь хүмүүс л зааж сургах ёстой.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 900,000 гаруй хүн жолооны үнэмлэхтэй байгаа учир замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүдэд ойлгуулж, ганцхан цагдаагийн байгууллагын үүрэг мэтээр орхихгүй байснаар осол, гэмтлээс сэргийлэх боломжтой гэсэн юм.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд “14-өөс дээш насны хүүхэд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэж заажээ. Түүнчлэн дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино гэсэн аж.

Мөн дугуй унаж байгаа хүн жолооны гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд (түүнчлэн ачааны зориулалттай бол тэвшинд) хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх зэргийг хориглоно гэжээ.

Энэ мэтээс гадна зам гарахдаа ойртон ирж байгаа машин, автобусыг өнгөрүүлээд эгц хөндлөн гарч явах, машин замаар явахаас өөр аргагүй бол урсгал сөрж, баруун талаа барьж явах зэргийг хэлж байх нь эцэг эхчүүдийн үүрэг бөгөөд өөрсдөө ч дугуйгаар аль болох замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг эрмэлзэх нь зүйтэй болов уу.

#bicycles #teenagers