

Хэдхэн жилийн өмнө хиймэл оюун ухаан ирээдүйн технологийн хамгийн том дэвшлийн нэг гэж яригдаж байлаа. Харин өнөөдөр AI-аар бүтээсэн зураг, бичлэг, текст интернэтийг дүүргэхийн хэрээр хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж эхэлжээ. Ялангуяа залуу үеийнхэн AI-г өдөр тутамдаа ашигладаг ч AI-аар бүтээсэн контентод илүү шүүмжлэлтэй хандаж хүний хөдөлмөр, бүтээлч байдлыг илүү үнэлэх болсон байна.
AI нь олон хүний ажлыг хөнгөвчилж, шинэ боломжуудыг нээж байгаа ч хэт олширсон контент хүмүүсийг залхааж эхэлж байна. Залуусын хувьд асуудал нь AI ашиглахдаа бус хүний оролцоогүй, сэтгэл хөдлөлгүй болоод нэг хэвийн бүтээлүүд олширч байгаад байна.
AI контентын эрин үе
ChatGPT, Midjourney, Sora, Gemini гэх мэт хиймэл оюун ухааны хэрэгслүүд түгээмэл болсноор хүн бүр богино хугацаанд зураг, бичвэр, видео бүтээх боломжтой болсон. Нэгэн хэвийн харахад л мэдэгдэхээр дизайнтай постер, видеонууд олширсоор. Энэ нь бүтээлч салбарт олон шинэ боломж бий болгосон ч нөгөө талдаа интернэт дэх контентын чанарын талаар асуулт дагуулж байна.
AI-аар хэдхэн секундэд мянга мянган зураг, нийтлэл, бичлэг үйлдвэрлэх боломжтой болсон нь “AI slop” гэх нэр томьёог бий болгосон. Энэ нь их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн, чанар муутай, хүний анхаарал татахын тулд бүтээгдсэн хиймэл контентуудыг хэлдэг. Зарим хэрэглэгчид энэ төрлийн контент ихсэх тусам сошиал медиа өмнөхөөсөө илүү хиймэл, утгагүй болж байна гэж үзэх болжээ.

AI-г ашигладаг ч хиймэл бүтээлд эргэлзэх болсон Gen Z үе
Gen Z бол AI технологийг хамгийн идэвхтэй ашиглаж буй үеийн нэг. Тэд хичээл хийх, санаа гаргах, мэдээлэл хайх зэрэг олон зүйлд AI-г ашигладаг. Гэхдээ AI ашиглаж байгаа нь тэд AI-ийн бүх бүтээлийг чанартай гэж үздэг гэсэн үг биш юм.
The Irish Times-ийн мэдээлснээр олон залуус AI-г ашигтай хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрдөг ч хүний бүтээлч байдал, ажлын байр, ирээдүйн ур чадварт үзүүлэх нөлөөнд санаа зовниж байна.
Gartner-ийн 2026 оны судалгаагаар АНУ-ын хэрэглэгчдийн 49 хувь нь generative AI нь онлайн контентын чанарыг дордуулсан гэж үзсэн байна. Харин Gen Z болон Millennials-ийн дунд энэ үзүүлэлт 57 хувь хүрчээ.
Энэ нь залуу хэрэглэгчид AI технологийг эсэргүүцэж байгаа гэсэн үг биш. Харин тэд өдөр бүр үздэг контентынхоо чанар, үнэн бодит байдалд илүү анхаарч эхэлж байгааг харуулж байна.
Мөн зарим судалгаанд залуус бүтээлч үйл явц өөрөө чухал гэж үздэг талаар дурдсан байна. Тэдний хувьд бүтээл гэдэг зөвхөн эцсийн үр дүн биш, тухайн хүний бодол, бүтээлч байдал дээр тулгуурласан хичээл зүтгэл юм.

Хүмүүс амьд мэдрэмжээс холдож байна.
AI бүтээлүүдийн хамгийн том асуудлын нэг нь тэдгээрт хүний мэдрэмж дутагддаг гэж олон хүн үздэг. Хэдийгээр AI зураг бодит мэт харагдаж, текст логиктой байж болох ч хүмүүс заримдаа тухайн бүтээлийн цаана байгаа хүний түүх, санаа, хөдөлмөрийг мэдрэхийг хүсдэг.
Жишээлбэл, гараар зурсан зурагт уран бүтээлчийн хэв маяг, алдаа, өөрийн онцлог байдаг. Харин AI-аар бүтээсэн олон зураг ижил төстэй өнгө төрх, хэв маягтай байх нь хүмүүсийг хурдан залхаах шалтгаан болж байна.
Алдаа дутагдалтай ч хүний гараар бүтсэн зүйл илүү дотно санагддаг.
Учир нь хүмүүс тухайн бүтээлийн ард байгаа хүний санаа, мэдрэмж, туршлагыг ойлгохыг хүсдэг. Ялангуяа залуу үеийнхэн өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц байдлыг илүү үнэлдэг болсон тул хэт төгс, хиймэл харагдах контентод эргэлзэх болжээ.
AI-г эсэргүүцэж байгаа бус зөв ашиглахыг хүсэж байна.
Залуусын AI-д хандах хандлагыг зөвхөн AI-г үзэн ядаж байна гэж ойлгох нь өрөөсгөл. Үнэндээ олон хүн AI-г суралцах, ажиллах, бүтээл хийхэд туслах хүчирхэг хэрэгсэл гэж үздэг. Гэхдээ тэдний хүсэж буй зүйл бол AI хүнийг бүрэн орлох биш хүний санаа, бүтээлч байдлыг дэмжих явдал юм.
Ирээдүйд AI болон хүний бүтээлч байдал зэрэгцэн хөгжинө. Энэ үед хамгийн үнэ цэнтэй зүйл нь хурдан бүтээх чадвар бус тухайн бүтээлд шингэсэн хүний бодол, мэдрэмж байх болно.
Эх сурвалж: Wired
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!