О.Энхжин: Косплэй бол миний нэрийн хуудас


YOLO.mn | YOLO.MN
2023-08-07

Наран улсын соёл, урлагийг сонирхон судалдаг хүн бүрийн хүсэн хүлээсэн  "Япон Поп Соёлын Өдөрлөг"  10 дахь жилээ зохион байгуулагдлаа. Энэ жил  косплэй дүрийн тэмцээнд түрүүлсэн оролцогчид Саудын Арабд зохион байгуулагдах "World Cosplay Summit Exhibition Event"- д Монгол Улсаа төлөөлөн оролцох юм. Ингээд Косплэй хосын  тэмцээнд түрүүлсэн О.Энхжинтэй ярилцлаа. 

Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу 

Сайн байна уу? Намайг О.Энхжин гэдэг. Монкосте багийн косплэйр байна. 

Араб улсыг зорьж олон улсын косплэчидтэй уулзах болсонд нь баяр хүргэе. 

Саудын Араб руу явах болсондоо одоог хүртэл итгэж өгөхгүй байна. Чадварлаг косплэйчдийг харж амаа  ангайлган өөрийгөө голох байх. Энэхүү эвентэд оролцосноор бид туршлага хуримтлуулж цаашид дүр бүтээхдээ илүү нямбай хандахад суралцах болно. Мөн  халуун уур амьсгалтай газар  яаж  нүсэр том хувцсаа өмсөнө дөө гэж санаа зовж байна. 

Дүрээ хэрхэн сонгосон мөн дүрийн утга агуулгын тухай яривал 

Би “Ourwatch” тоглоомын ерөнхий инженерийн охин болох Дригетийн дүрийг бүтээсэн. Аавынхаа мэргэжлийг залгамжилж эвдэрсэн роботыг засахаар явж буй утгатай. Би тухайн дүрийн онцлог, гадаад төрх, хувцасны гоёмсог байдал мөн далд утга, дотоод онцлогт нь татагдаж  косплей  хийдэг. Мөн тухайн цаг үе,орчиндоо тохируулна.  

Яагаад косплей хийх болсон бэ? Сэдэл санаа юунаас төрөв  

Би 2017 оноос хойш косплэй хийж байна. Багаасаа анимэ үзэх  дуртай байсан нь аажмаар косплэй хийхэд нөлөөлсөн. Анхлан  хүмүүсийн нүдэнд өртхөөргүй жижиг дүр бүтээдэг байсан бол  өнөөдөр зориг гарган энэ дүрийг бүтээлээ. Бид дүрээ бүтээхийн тулд сарын хугацанд өглөө зургаагаас  эхлэн шөнө хагаслан сууж өдөрт  15-16 цагийг бүтээлээ хийхэд зарцуулсан. 

Косплэй хийх материал нь хэр олдоцтой байдаг вэ? 

АНУ, Хятад зэрэг улстай харьцуулахад Монголд косплэй хийх хүндрэлтэй байдаг. Учир нь материалын олдоц хангалтгүйн дээр зориулалтын будаг байдаггүй. Гэхдээ өөрөө дур сонирхолтой учир  гаргалгаагаа олж  хүссэн дүрээ бүтээж байна. 

 


Анх косплэй хийж эхэлсэн үеэ одоотой харьцуулахад хэр өөрчлөлт гарсан бэ? 

Дөрвөн жилийн өмнө косплэй Монголд  тийм ч сайн  дэлгэрээгүй байсан. Ахимаг насны хүмүүс  ойлгохгүй, нүдээрээ  иддэг байлаа. Харин одоо энэ талаар хүмүүс ойлгож, эергээр хүлээж авах болсон. Монголд косплэй эрчтэй хөгжиж байна.  

Косплэйд яагаад ингэж их дурлах болсон бэ?

Янз бүрийн хиймэл үс, хувцас хэрэглэл зэргийг хийн дотнын хүмүүстээ үзүүлж магтаалын үг сонсох таатай байдаг. Эхний хэдэн жил  косплей хийхэд санхүүгийн боломж багатайн дээр  гэр бүлийнхэн ч дэмждэггүй учир  хүссэнээрээ хийж чаддаггүй байсан. Харин одоо  намайг ойлгож дэмждэг хамт олон, найз нөхөд, үлгэр жишээ авах олон хүн бий. Тийм учраас өөрийн санаанд ч багтахааргүй  зүйлд хүч сорин энэ  хоббигоо мэргэжил болгомоор байна. Мөн косплэй хийх явцдаа өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй нөхөрлөсөндөө үргэлж талархдаг. Бусдын нүдэнд дэмий зүйл шиг харагддаг ч хүссэн дүрээ бүтээсний дараах тэр мэдрэмжийг илэрхийлэхэд үг ч хүрэлцэхгүй байх. Косплэй бол миний нэрийн хуудас юм даа. 

Хамтарч косплэй хийхийн сайхан нь? 

Би ганцаараа байсан бол өнөөдрийн тэмцээнд түрүүлэхгүй байлаа. Хамтрагч Чинбатдаа талархаж байна. Бие даан өөрийн  сонирхсон дүрээ хийх, найзуудтайгаа хамтарч дүр бүтээх нь хоорондоо эрс ялгаатай. Халширч халгах үед “ чадна”  гэж  урам зориг өгч нэгнээ дэмжсэнээр ажиллагаа ихтэй нүсэр том косплей хийж ард нь гарлаа. Бид хоёр өмнө нь дөрвөн ч удаа косплэй тэмцээнд оролцож байсан. Миний хувьд маш түрэмгий, хурдан ууртай харин Чинбаа тайван, дөлгөөн  зантай. Нэгнийхээ дутууг дүүргэж эвлэж нэгдэн олон шөнө нойр хоолгүй, нуруугаа чулуужиж, хөлөө нугалартал сууж дүрээ амжилттай бүтээн олон улсын косплэйчидтэй өрсөлдөх боллоо. Дэмжиж тусалдаг бүх хүмүүстэй баярласнаа илэрхийлье.

Ярилцсанд баярлалаа. 

 

#ярилцлага