ЭЕШ: Монгол хэлбичгийн ВИДЕО ХИЧЭЭЛ №1


Сондор | YOLO.MN
2017-04-25

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий шалгалтыг Элсэлтийн ерөнхий шалгалт гэнэ.

Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүдэд зориулж заавал өгөх Монгол хэл бичгийн шалгалтад зориулсан видео заавартай дасгалуудыг YOLO.mn  өнөөдрөөс эхлэн цувралаар хүргэх болно.

Жич: Өнгөрсөн жилийн буюу 2016 оны элсэлтийн ерөнхий Монгол хэлбичгийн шалтгалтын “А” хувилбарт ирсэн материалийг ашиглан бэлтгэв.

Сонирхуулахад, Монгол хэлбичгийн шалгалт зургадугаар сарын 14-нд 12:00-13:40 цагт орон даяар нэгэн зэрэг болох юм. ЭЕШ-ын бусад шалтгалтын хуваарийг ЭНД дарж дэлгэрэнгүй хараарай.

 

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

Санамж:
1.    Зохиолын хэсгийг анхааралтай уншиж ойлгоорой.
2.    Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.
3.    Эхээс сонсож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай.
4.    Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. (Даалгавар бүр 2 оноотой)

Голомтоо манаж яваарай
/өгүүллэгийн хэсгээс/

Би энд тэндээсээ нурж сэтэрсэн чулуун хороо сандайлан хөхөмдөг алсыг ширтэн суулаа. Мал малын зах бэлчиж, ингэ ботго буйлалдан байдаг хаваржаа минь эзгүйрч, бууцны хөл морин халгайд идэгдэн, сэгсийсэн ногоон юм зөөлөн сэвшээнд бөхөлзөх нь улам ч гунигтай. Хэдэн болжмор чулуун хороо дамжин дэргэж, намайг газрын хаанаас гараад ирснийг хачирхах мэт бүртэлзэн жиргэнэ. Тэр нь “Жигмэдданзангийн саарал толгойт буцаад ирчхэж” хэмээн хэлэлцэх лүгээ нэгэн адил. Таанын үнэрт салхи сэвэлзэж, харгана цэцэглэсэн Овоотын маань нүнжигтэй бор толгод байдгаараа хэдий ч нэг л юм дутаад байлаа.

Миний багад энд найр хурим болж, унага тамгалж, эмнэг хангал сурган чухамдаа дэлхий хотолзуулсан их амьдрал буцалсан газрын нэг байв даа. Байсан юм үгүйрэх гэдэг нөхөж болшгүй гарз, эдгээж чадашгүй шарх мэт. Өнгөрсөн цагийнхаа давтагдашгүй бүхнийг дурсах нь өвгөрч яваа хүний хожуу ухаарал биз ээ.  Ухаарлаа гээд над мэтийн хүн эдүгээ яалтай билээ.

Ном эрдмийн мөр хөөнө хэмээн магнай тэнийж хөл хөнгөрсөн тэр хавар аав маань “ Эрдэм номоо сураад эргээд ирээрэй. Нутаг эзгүйрчихдэг юм шүү” гэж шүүрс алдсан нь одоо ч чихнээ тодхон сонсогдох мэт. Аавын үгийг би хадны ус шиг урсган алдаж, орон хот дамжин олонтой бужигнаж явахдаа Цагаан дэрснийхээ энэ хаваржааг ор тас мартаагүй юм аа гэхэд санан дурсаж сүйд болсон нь үгүй. ( С.Пүрэв)

1. “Нутаг эзгүйрч байгаа” гэсэн санааг илэрхийлсэн үг хэллэгийг олоорой.
A.    Энд тэндээсээ нурсан, харгана цэцэглэсэн
B.    Дэлхий хотолзуулсан их амьдрал буцалсан, бууцны хөл идэгдсэн
C.    Морин халгайд идэгдсэн, чулуун хороо нурж сэтэрсэн
D.    Мал малын зах бэлчсэн, салхи сэвэлзсэн
E.    Болжмор хороо дамжин дэргэсэн, ингэ ботго буйлалдсан

2. Эхийн дэвшүүлэн тавьсан асуудал буюу сэдвийг тодорхойлоорой.
A.    Өнгөрсөн дурсамжийн тухай
B.    Аавыгаа үгүйлсэн сэтгэлийн тухай
C.    Сэтгэлийн хат суух тухай
D.    Амьдралын  жам ёсны тухай
E.    Хожимдсон ухаарлын тухай

3. Эхийн санаанд холбогдолгүй хэсгийг олоорой.
A.   Энэ хаваржааг ор тас мартаагүй юм аа гэхэд санан дурсаж сүйд болсон нь үгүй.
B.    Намайг газрын хаанаас гараад ирснийг хачирхах мэт бүлтэлзэн жиргэнэ.
C.    Аавын үгийг би хадны ус шиг урсган алдаж дээ
D.    Эрдэм номоо сураад эргээд ирээрэй. Нутаг эзгүйрчихдэг юм шүү.
E.    Өнгөрч яваа хүний хожуу ухаарал биз ээ.

4. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой.
А.   Багын дурсамжийг цагийн дарааллын дагуу зураглан дүрсэлсэн тул хүүрнэмж
В.   Нутаг орнооо орхин эзгүйрүүлээд байгаа шалтгааныг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж
С.   Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж
D.   Нутгийнхаа уул ус, өвс ургамадл зэргийг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж
Е.   Эх нутгийнхаа одоогийн байдал хийгээд тэдгээрээс гарах үр дагаврыг нотолсон тул хүүрнэмж, эргэцүүлэмж хосолсон хэв маяг

5. “Ном эрдмийн мөр хөөнө хэмээн магнай тэнийж хөл хөнгөрсөн тэр хавар аав маань...” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэлц үгийг солин найруулбал аль нь хамгийн оновчтой байх вэ?
А.   Магнай дээрээс цэцэг нэмсэн                           В.  Хөл дээрээ тогтож ядсан
С.   Сэтгэл сэргэсэн                                                    D.  Нар элээсэн
Е.   Магнай хагартал баярласан

6. “Тэр нь “Жигмэдданзангийн саарал толгойт буцаад ирчхэж” хэмээн хэлэлцэх лүгээ нэгэн адил” – онцолсон үг эхийн аль үйл явдалтай холбогдох вэ?
А.   Хэдэн болжмор чулуун хороо дамжин дэргэх нь
В.   Ингэ ботго буйлалдан байдаг хаваржаа минь эзгүйрэх нь
С.   Таанын үнэрт салхи сэвэлзэх нь
D.   Бууцны хөл морин халгайд идэгдэн, сэгсийсэн ногоон юм зөөлөн сэвшээнд бөхөлзөх нь
Е.   Намайг газрын хаанаас гараад ирснийг хачирхах мэт бүртэлзэн жиргэх нь

Үргэлжлэл бий...

Видеог бэлтгэсэн: Б.Батзавъяа

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson