ҮЗЭЭД ҮЗ: Дүүлэн нис! “Navillera”


Бидний мөрөөдөлд хязгаар үгүй. Гэвч хүссэн бүхнээ хийж, зорьсон бүгдээ биелүүлэн амьдрах тийм ч амар биш шүү дээ. Та өвөө эмээ, аав ээжээсээ бага насны мөрөөдлийнх нь тухай асуугаад үзээрэй. Тэд амьдралын төлөө зүтгэж байхдаа өөрийнхөө жинхэнэ мөрөөдлийг гээчихсэн байж ч магадгүй юм...

Бид өмнөх нийтлэлдээ “DC” кино ертөнцийн шинэ бүтээл “Zack Snyder’s Justice League” киног танилцуулсан. Тэгвэл энэ удаа “tvN” телевизийн “Navillera” цувралыг санал болгож байна. Мэдээж энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй.

“NAVILLERA” (2021) ГЭЖ ЮУ ВЭ?

“Navillera” бол ижил нэрт вэбтүүнээс сэдэвлэн бүтээгдсэн 12 ангит кино юм. Энэ сарын 22-нд олны хүртээл болсон ба кино зохиолчоор “Tunnel” (2017) цувралын Lee Eun Mi, найруулагчаар “Squad 38” (2016) киноны Han Dong Hwa нар тус тус ажиллажээ.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Чанартай зохиол, чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн учраас үзэгч таны сэтгэлд хүрэх болно. Эгэл жирийн амьдрал, хүсэл мөрөөдөл, тэвчээр хатуужлын тухай өгүүлэх энэхүү бүтээл танд мөрөөдөлтэй амьдрахын утга учрыг ойлгоход тусална хэмээн найдаж байна.

Үргэлжлүүлэн “Navillera” киноны тухай сонирхолтой долоон баримтыг хүргэе.

1. ИЖИЛ НЭРТ ВЭБТҮҮН

2016 оны долдугаар сараас 2017 оны аравдугаар сарын хооронд уншигчдын хүртээл болсон “Navillera” вэбтүүн нь тухайн үедээ маш алдартай болж өндөр амжилтад хүрсэн юм. Уншигчдаас 10-аас 9.9 хувийн үнэлгээг авсан төдийгүй Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн V хүртэл энэхүү вэбтүүнийг фэнүүддээ санал болгож байсан удаатай. Энэхүү бүтээлийн зохиолчдоор Hun, Jimin нар ажиллажээ.

2. ЖҮЖИГЧИН PARK IN HWAN

Өдгөө 76 настай жүжигчин Park In Hwan бол энэ цувралын гол дүр юм. Тэрээр киноны хэвлэлийн бага хурлын үеэр “Жинхэнэ мөрөөдлөө өөрөөсөө болон гэр бүлээсээ 70 жилийн турш нууж ирсэн ч эцэст нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудах нэгний дүрийг бүтээсэн. Балет гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Би зураг авалт эхлэхээс өмнө долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийдэг байсан. Анх өөрийгөө балетын хувцастай байхыг хараад ичсэн ч одоо бол дасчихсан байна. Миний хувьд энэ дүрийг бүтээсэн нь нэр төрийн хэрэг байсны зэрэгцээ маш их аз жаргалыг мэдэрсэн” хэмээн ярьсан юм.

3. SONG KANG БА БАЛЕТ

“Netflix’s Son” хочит жүжигчин Song Kang балетын бүжигчний дүрийг бүтээхийн тулд урт хугацааны бэлтгэл хийжээ. 2020 оны арваннэгдүгээр сард түүний Instagram хаягтаа оруулсан зураг үзэгч олонд өндөр сэтгэгдэл төрүүлсэн ба фэнүүд нь түүнийг шинэхэн бүтээлдээ хичээнгүйлэн бэлдэж байгааг харууллаа хэмээн сайшааж байсан юм.

Харин тэрээр дүрийнхээ тухай “Анх өөрийгөө энэ дүрийг бүтээж чадах эсэхэд маш их эргэлзэж, санаа зовниж байлаа. 5-6 сарын турш тасралтгүй бэлтгэл хийж, олон ч балетын бичлэг үзсэн дээ. Хамгийн чухал нь биеийн харьцаа, харагдах байдал байсан. Мэргэжлийн ур чадварыг харуулахаас илүү үндсэн хөдөлгөөн буюу зогсолт, гар хөлийн байрлал зэргийг алдаагүй хийхийг хүссэн” хэмээн ярьжээ.

4. ЗАЛУУ ЖҮЖИГЧИН HONG SEUNG HEE

Уншигч та бүхэнд “Voice 3” (2019), “I Wanna Hear Your Song” (2019), “Memorist” (2020) зэрэг цувралуудад туслах дүр бүтээсэн залуу жүжигчин Hong Seung Hee-г онцлон танилцуулж байна. Вэб цувралуудад дүр бүтээн жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр “Navillera” киноны Sim Eun Ho-гийн дүрийг бүтээж байгаа юм.

Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Хамтран ажилласан жүжигчид маань бүгд л чадварлаг бөгөөд надаас насаар ах эгч хүмүүс байсан. Тэднээс арай ойролцоо настай нь Song Kang ах байсан болохоор түүнтэй хамтран ажиллахад хамгийн тухтай санагдсан” гэж ярьсан юм.

5. ЖҮЖИГЧИН PARK IN HWAN-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД ЯМАР БАЙСАН БЭ?

Жүжигчин Song Kang-ы хувьд “Тэр үнэхээр гайхалтай жүжигчин болохоор хамтран ажиллахад сандрах үе зөндөө байлаа. Гэхдээ надад үргэлж зааж зөвлөн, урам зориг өгдөг байсан” хэмээн хэлжээ.

6. АХМАД ЖҮЖИГЧНИЙ МАГТААЛ

Гол дүрийн жүжигчин Park In Hwan хэлэхдээ “Song Kang-ыг анх харахад жаахан хүү шиг л санагдаж байлаа. Гэвч түүнийг жүжиглэж эхлэхэд нүдний өмнө бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр заасан зүйлийг яг л хөвөн мэт өөртөө маш хурдан уусгаж чаддаг юм билээ. Одоо үеийн залууст хийх зүйлийг нь заахад дургүйцээд байдаг талтай. Тэдний хувьд энэ үйлдэл захирч байгаа мэт санагддаг байх. Гэхдээ Song Kang-ы хувьд бол өөр. Бусдын хэлсэн үгийг өөртөө маш сайн тусгаж авч чаддаг” хэмээн магтсан юм.

7. ЭНЭ БҮТЭЭЛЭЭС ҮЗЭГЧИД ЮУГ ОЙЛГОХ ВЭ?

Ахмад жүжигчин Park In Hwan-ы хэлж буйгаар “Би энэхүү дүрээрээ өөрийн насны хүмүүст урам зориг өгөхийг хүссэн. Жүжигчнийхээ хувьд энэ насан дээр ийм гайхалтай дүр бүтээх болсон минь маш азтай хэрэг. Балетын урлаг бол үнэхээр сайхан урлаг. Сэтгэлийн илэрхийлэмжээ биеийн уян налархай хөдөлгөөнөөр үзүүлдэг. Гэвч энэ бүтээлд 70 настай би мэргэжлийн бүжигчин болох тухай бус хүн дүүлэн нисэхийн тулд амьдралдаа нэг удаа ч болов өөрийгөө сорих хэрэгтэй тухай өгүүлж байгаа юм” хэмээжээ.

Уншигч таны мөрөөдөл юу вэ? Таны мөрөөдлийг та л биелүүлж чадах учраас хүсэл зорилгынхоо төлөө ямар нэг алхам хийгээсэй гэж хүсэж байна. Энэхүү цуврал танд гээгдсэн мөрөөдлийг тань сануулж өгөх болно.

Ингээд та бүхэнд киноны албан ёсны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Wikipedia, Cosmopolitan, Soompi

#Кино урлаг #Үзээд үз #Navillera