K-поп тоглолтын тасалбар ямар үнэтэй байдаг вэ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BTS-ийн удахгүй эхлэх “Arirang” дэлхийн аялан тоглолтын фан клубийн урьдчилсан борлуулалт пүрэв гарагт эхэлж, хэдхэн агшны дотор 100,000 гаруй шүтэн бишрэгч онлайн хүлээлгийн дараалалд оржээ. 

Дөрөвдүгээр сард болох гурван тоглолтын бүх суудал бараг л тэр дороо зарагдаж дууссан нь тус хамтлагийн дөрвөн жилийн дараах аялан тоглолтыг үзэх хүлээлт асар өндөр байгааг харууллаа.

Өрсөлдөөн ширүүн байсан тул албан ёсны фан клубийн гишүүд хүртэл секундын зөрүүнээс болж тасалбар авч чадалгүй үлдэж байв. 

Үнийн “шок”

Тасалбар авах хэцүү байдал үнийн цочролтой давхцав. Тоглолтуудын хамгийн өндөр үнэтэй тасалбар 264 мянган вон (ойролцоогоор 660 мянган төгрөг) хүрсэн нь 2022 онд BTS завсарлага авахын өмнө зохион байгуулсан “Permission to Dance on Stage” тоглолтоос 20 хувиар өссөн дүн юм. Харин 2018 оныхтой харьцуулбал өнөөдөр 240 хувиар өсжээ.

Энэ өсөлт зөвхөн BTS-д хамаарахгүй. K-поп тоглолтын тасалбар 200,000 воны босгыг давах нь одоо сонин биш болсон.

Охидын хамтлаг Illit болон хөвгүүдийн Enhypen хамтлагийн тоглолтын meet & greet багц 253 мянган вон байв.

Яагаад үнэ өсөж байгаа вэ?

Салбарынхан үнийн өсөлтөөс зайлсхийх аргагүй гэж үзэж байна. Дэлхий даяар амьд хөгжмийн тоглолтын үнэ өсөж байгаа нь концерт энгийн тоглолтоос илүү том дэлгэц, дууны тоног төхөөрөмж, тайзны зохион байгуулалттай томоохон шоу болон хувирсантай холбоотой. Энэ бүхэн продакшны зардлыг эрс нэмэгдүүлдэг.

Мөн инфляц тайзны тоног төхөөрөмжийн түрээс, тээвэр, логистик, инженер техникийн ажилтнуудын цалин зэрэг үйл ажиллагааны зардлыг өсгөжээ.

Гэсэн ч Солонгост харьцангуй хямд уу?

Мэдээж Өмнөд Солонгост K-поп тоглолтын тасалбар бусад оронтой харьцуулахад харьцангуй хямд. BTS-ийн дэлхийн аялан тоглолтын Япон дахь VIP тасалбар 45 мянган иен (нэг сая 44 мянган төгрөг)-ээс эхэлж,  энгийн суудал 25,000 иен-ээр (580 мянган төгрөг) зарагдаж байна.

Харин Хойд Америкт үнэ илүү өндөр. АНУ-д суудлын ангиллаас хамааран premium тасалбар $800 (2 сая 866 мянган төгрөг) хүртэл хүрчээ. Жишээлбэл Нью Жерсид тасалбарууд 300 мянган төгрөгөөс эхэлж байна.

Залуу фенүүдийн бодит байдал

200,000 вон гэдэг хямд үнэ биш юм. Ялангуяа K-поп тоглолтын үндсэн үзэгчид нь өсвөр насныхан болон 20 гаруй насныхан байдаг. Хөгжмийн шүүмжлэгч Им Хи Юн: “Тоглолтын тасалбар залуу фенүүд өөрсдөө  авч чадахуйц үнэтэй байх ёстой.  Тэдний ихэнх нь эцэг эхээрээ тасалбар авахуулдаг. Учир нь тоглолтын дундаж үнэ оюутны хувьд нэлээд өндөр байна.” гэсэн байна.

Эх сурвалж: Korea Herald

#K-поп