Б. Алтансувд: Бүжигчний ангид сонсголгүй хүн авдаггүй учраас хүссэн мэргэжлээрээ сурч чадаагүй


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-07-17

Сонсголын бэрхшээлтэй хэдий ч хөгжмийн хэмнэлийг мэдрэн бүжиглэх Б. Алтансувдыг бид "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэгт оролцсоноор нь мэднэ. Бид түүнтэй бүжгийн урлагтай холбогдсон түүх, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсан бөгөөд та бүхэн маань эерэг сэтгэлгээ болон харах өнцөг гэдэг хэчнээн чухал зүйл болохыг энэхүү ярилцлагаас олж унших боломжтой. 

YOLOӨдрийн мэнд. Ярилцлагаа таны бага насны дурсамжаар эхлүүлье. Та хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ?

- Бага байхдаа зурагтаар нэгэн эмэгтэйн бүжиглэж байхыг хараад анхны харцаар дурлаж байсан юм. Тэр мөчөөс эхлээд л бүжиглэж сурахыг, бүжигчин болохыг мөрөөдөж эхэлсэн. Гэхдээ бодоод байхад би бүжгийн ямар ч дугуйланд явж байгаагүй юм билээ. Youtube хуудсаас бичлэг үзээд, түүнийгээ дуурайж яваад л сурсан. Багадаа баяд, хүслэн биелэх, чөлөөт, монгол бүсгүй зэрэг монгол бүжиг бүжиглэдэг байсан бол одоо зөвхөн модерн чиглэлээр бүжиглэж байгаа. 


YOLOХүний амьдралын хамгийн жаргалтай, нандин үе нь сурагч нас байдаг. Тэгвэл таны сурагч насанд тохиолдож байсан нандин дурсамж юу байсан бэ?

- Би 2016 онд Улсын тэргүүний 29-р сургуулийг төгссөн. З.Булганхүү багштай 12а ангийн ангийн дарга байлаа. Ангийнхаа хүүхдүүдтэй өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн нандин дурсамж болон үлдсэн гэж хэлнэ. Эргээд бодоход ангиараа суугаад ярих дурсамжтай, өөрсдөөрөө бахархах зүйлтэй болсондоо их баярладаг. Ангиараа инээж, баярлаж, догдолж, заримдаа бие биендээ хатуурхах үе байсан ч тэдгээр үйлдэл бүр биднийг илүү дотно болгож, нэг зорилгын төлөө нэгтгэж чадсан гэж боддог доо.

YOLOСаяхан их сургуулиа төгссөн юм билээ. Их сургуулийн амьдрал хэр байв даа?

- Тийм ээ. Их сургуулиа төгссөн чинь амьдрал шинээр эхэлж байгаа юм шиг л мэдрэмж төрж байна. Би энэ амьдралынхаа хором мөч бүхэнд талархдаг. Хичээл заасан багш нар, оюутан цагийн найзуудтайгаа өнгөрүүлсэн хором мөч бүрээс сэтгэл ханамж авдаг байсан. Ганц харамсаж явдаг зүйл маань хүссэн мэргэжлээ сонгож чадаагүй явдал. Сурагч байхдаа бүжигчин болохыг мөрөөддөг байсан ч бүжигчний ангид сонсголгүй хүн авдаггүйг дуулаад өөр мэргэжил сонгохоос өөр аргагүй болсон. Гэхдээ хувцас дизайнерийн ангид элсэн орж, өмсөх хувцсаа оёж сурсан учраас мэргэжилдээ дассан. 


YOLOТаныг хүмүүс "Авьяаслаг Монголчууд" шоунд орсноор нь түлхүү мэднэ. Шоундаа ороод гурван жил өнгөрчээ. Энэхүү тэмцээнд оролцсоны дараа таны амьдралд хэр өөрчлөлт гарсан бэ?

- Анх арван жилийн ангийн багш маань энэ нэвтрүүлэгт орохыг санал болгож байсан юм. Тухайн үед хүнд санагдаж байсан ч даваад л гарсан даа. Энэ шоунд оролцсоноор хувь хүний хувьд өөртөө илүү их итгэлтэй болсон. Одоо ингээд бодоход их сайхан санагддаг. 

YOLOЕр нь бүжиглэж байхад хэцүү санагддаг зүйл бий юу?

- Мэдээж байдаг. Аяа сонсохгүй бүжиглэх хэцүү ч мэдрэмжээ дагаад л бүжиглэдэг. Бас бүжиг гэдэг богино хугацаанд сураад л болчихдог зүйл биш. Бүжиглэх чадварыг өөрийн юм шиг эзэмшихийн тулд хичээнгүйлэн давтдаг байсан. Ер нь эцэж цуцалгүйгээр ахин дахин давтах л чухал. 


YOLOБүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ? Өөр төсөөлөл бий болдог уу?

- Яг тийм. Хүмүүс надаас бүжиглэж байхдаа аяа хэрхэн мэдэрч бүжиглэдэг талаар их асуудаг. Би дунд зэргийн сонсголтой болохоор аяа илүү сайн мэдрэхийн тулд тоглолтын үеэр сонсголын аппарат зүүдэг. Бүжиглэж байхдаа аяа сонсоход энгийн хүн юу мэдэрдгийг л мэдэрдэг гэсэн үг. Гэхдээ мэдрэмж гэхэд их харьцангуй ойлголт л доо. Тэр тусмаа бүжиг дэглэж байгаа хүний мэдэрсэн мэдрэмжийг бүжиглэж байгаа хүн өөрийн биеэр илэрхийлнэ гэдэг бүр ч хэцүү. Хүн бүр өөр өөрөөр мэдэрдэг шүү дээ. 


YOLOСөрөг хандлагатай хүмүүстэй хэр их тааралдаж байв?

- Сөрөг хандлагатай хүмүүстэй тааралдаж байсан үе цөөнгүй бий. Гэхдээ миний бодлоор сөрөг хандлага ямар нэгэн зүйл, шалтгааны улмаас үүсдэггүй, хүн бүхэнд л байдаг

YOLOТэгвэл эерэг хандлагаа хэрхэн бий болгодог вэ?

- Эерэг хандлага гэдэг аливаа зүйлийн сайн сайхан талыг нь харах гэж хичээх хүчин чармайлт. Жишээлбэл бусдад талархал илэрхийлж сурснаар амьдралд тохиолдох олон гайхалтай зүйлийг танд мэдрүүлж чадна. Ер нь бусдын өгч буй бэлэг хэчнээн жижигхэн байсан ч талархаж сурах нь чухал. 


YOLOХүмүүсийн хандлага одоогоос 5, 10 жилийн өмнөхтэй харьцуулбал хэр өөрчлөгдсөн гэж бодож байна? "Чи чадахгүй, чи хөгжлийн бэрхшээлтэй" гээд хэлчихдэг хүмүүс байдаг уу?

- Бага байхад хүмүүс намайг хэлгүйгээр минь их шоолдог байсан. Одоо ч заримдаа гадуур явж байхад дохионы хэлээр харьцах үед хүмүүс удаан ширтээд байдаг. Хүмүүс ингэж ширтэж байгаа нь тухгүй мэдрэмж төрүүлдэг болохоор би зүгээр л "юугаа хараав" гээд хэлчихдэг юм. 

YOLOТэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн хандлага урьдынх шиг гэсэн үг үү?

- Сайн хэлж мэдэхгүй юм. Надтай ижил, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг гадуур явж байхад нь шоолсон тохиолдлууд сонсож л байсан. Тэгэхээр магадгүй хүмүүсийн хандлага хэвээрээ байгаа байх. 


YOLOЮунаас хамгийн их айдаг вэ?

- Шавжнаас их айдаг /инээв/. Уг нь бага байхаасаа л нохой, муур, туулай зэрэг амьтадтай ойр өссөн ч шавж харахаар л айгаад байдаг юм. 

YOLOӨөрийг тань унасан ч түшиж, хамгийн ихээр урамшуулж урам зориг өгдөг хүн хэн бэ?

- Миний гэр бүл шүү дээ. Аав, ээж минь үргэлж дэргэд минь байж, тусалж дэмждэг. 

YOLOБүжиглэхээс өөр хобби бий юу?

- Хайчилбар хийх их дуртай.

YOLOТаны бодлоор эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юунд байдаг гэж бодож байна вэ?

- “Эмэгтэй хүн бол бурхнаас хорвоо ертөнцөд илгээсэн хамгийн дур булаам зүйл" гэдэг үг байдаг шүү дээ. Үүний адилаар эмэгтэй хүн гэдэг өөрөө гоо үзэсгэлэн юм болов уу. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь үргэлж сайхан мэдрэмж болоод аз жаргалыг бэлэглэдэг зүйл юм шиг санагддаг.


YOLOЭмэгтэй хүн гэснээс ээж болоод хэр хугацаа өнгөрсөн байна вэ? Анх ээж болоход юу мэдрэгдэж байсан бэ?

-Төрөөд хоёр жил өнгөрсөн байна. Хүүгээ анх хараад маш их хайр ундарч байж билээ. Ер нь ээж болсноороо эмэгтэй хүний үнэ цэнийг илүү мэдэрдэг юм шиг санагдсан. Эх хүн болно гэдэг асар их тэвчээр шаарддаг хүнд зүйл ч гэсэн хамгийн сайхан мэдрэмж юм шиг санагддаг.

YOLOАмьдралаас кайф авдаг зүйл?

- Мэдээж бүжиглэж байхдаа асар их аз жаргал, кайфыг мэдэрдэг. Хийх хөдөлгөөн болоод сонсох ая бүрээсээ сэтгэл ханамж мэдэрдэг. Мөн хүний амьдралд найз нөхөд гэдэг их чухал юм шиг санагддаг. Тийм ч учраас найзуудтайгаа уулзах бүрд кайф авдаг гэж хэлж болно. Бас хүү бид хоёрыг халамжлаад, хайрлаад эрхлүүлээд сууж байгаа нөхрөө харахаар ямар их аз жаргал дунд амьдарч байгааг мэдэрдэг.


YOLO10 жилийн дараах Алтансувдыг яаж харж байна вэ?

- Мэргэжлээрээ ажиллаад, хийхийг хүссэн зүйлсээ аль хэдийнэ хийчихсэн байж байх болов уу даа. Хүн бүхэн аз жаргалтай, сайхан амьдралын төлөө амьдардаг шүү дээ. Би ч бас тэдний нэг.

YOLOЗалуучуудад хандаж урмын үг хэлээч.

- Мөрөөдөл болоод зорьсон зорилгоосоо хэзээ ч битгий ухраарай. Үргэлж урагш тэмүүлж байгаарай. Амьдрал гэдэг их баялаг шүү. Бүхнийг эерэгээр харж байгаарай. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 


Талархал:

Бага ангийн Д.Бямбаа багшдаа,

- Таныхаа ачаар эрдэм мэдлэгийн далайд анх удаа хөл тавьж байсан билээ. Сурагч бүхэнд санаа тавьж, эелдэг хандаж, итгэж байдагт тань баярлалаа. Таны минь эелдэг зөөлөн зан болоод мэргэн ухаан тань бидний хөтөч байсан юм шүү. Түүнчлэн, Ерөнхий боловсролын 29р тусгай сургуулийн сурагчид болон З.Булганхүү багштай 12а ангийн найз нөхдөөрөө бахархаж, хайрладгаа дурдмаар байна.

Дунд ангийн З.Булганхүү багшдаа,

- Үргэлж надад тусалж, дэмжиж байсанд тань баярлалаа. Тэмцээн, уралдаан бүрдээ амжилт бүтээлээр дүүрэн оролцож сурагчдаа манлайлдагт тань баяр хүргэе.

Сурагч бүрийнхээ гэр бүл, найз нөхөд ах дүү нь байж төлөвших ухаан хийгээд ирээдүйн замыг хамтдаа зурсан бүх багшдаа талархъя.

Үргэлж дэмжиж урмаар тэтгэж тусалдаг байсан Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн багш болон ажилчдадаа эрүүл энх, ололт амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд эрч хүч хийгээд аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэж байна.


#Ярилцлага #Бүжигчин