Нүүр хувиргагч Монгол эмэгтэй BTS хамтлагтай хамтран ажиллана


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-01-29

Хийдэг зүйлээ чин сэтгэлээсээ хайрлаж, мэргэжилдээ дурласан хүмүүсийг амжилт болон аз жаргал үргэлж дагаж байдаг. Үүний тодхон жишээ болсон оддын нүүр хувиргагч, Make-up Artist Оюунжаргал бидэнд нэгэн сайхан мэдээ дуулгасан нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн нэр хүндтэй хөвгүүдийн хамтлаг гэгддэг BTS хамтлагтай хамтарч ажиллахаар болсон явдал байсан юм.

Тэрээр нь Drake, Chris Brown, Meghan Trainor, The Weeknd, Tyga, G-Eazy, Lana Del Rey, Khalid зэрэг олон алдартнуудтай хамтран ажиллаж байсан бөгөөд Cardi B, Selena Gomez, DJ Snake, Ozuna нарын Taki Taki дууны клипний арын албанд ч мөн ажиллаж байсан туршлагатай бүсгүй юм.

​Харин BTS хамтлагийн шинэ клипний зураг авалтын нэг хэсэг болон ажиллах гэж буйгаа тэрээр өөрийн Инстаграм хаягаараа дамжуулан хуваалцсан юм. Тэрээр Инстаграм сторидоо:

- “Өчигдөр уг нь эртхэн унтаж амраад явъя гэсэн боловч бүр нойр хүрсэнгүй. Одоо эндээс хоёр цаг яваад BTS хамтлагийн шинэ клипэнд ажиллах гэж байна. Өнгөрсөн долоо хоногт энэ мэдээг сонсчихоод бөөн баяр болсон. Эцэст нь энэ өдөр ирчихлээ” хэмээсэн бөгөөд тэрээр үүнийг 2020 оны хамгийн “зивүүн” мэдээ байлаа хэмээн тодорхойлсон билээ.

Түүний хэлснээр тэд аль хэдийн ажилдаа орсон бөгөөд дөрвөн өдрийн туршид АНУ-д үргэлжлэх энэхүү зураг авалтад нүүр хувиргагч Оюунжаргал маань SPFX буюу кино дүр хувиргалтын үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Та бүхэн түүний Инстаграм хуудсаар зочлохыг хүсвэл: 


BTS хамтлагийн шинэ клип энэ сарын 28-ны өдөр албан ёсоор олны хүртээл болох бол шинэ цомог нь үүнээс долоон өдрийн өмнө буюу 21-ний өдөр цацагдах юм. Тэд шинэ цомгийнхоо эхний дууг нэгдүгээр сарын 17-ны өдөр цацсан бөгөөд АНУ-ын алдарт "Late Late Show" телевизийн шоуд оролцохдоо анх удаа тайзан дээр толилуулсан юм. Мөн энэ жилийн Гремми шагнал гардуулах ёслолд Lil Nas X-н хамт үзүүлбэр үзүүлэн Греммигийн тайзан дээрээс дуугаа эгшиглүүлсэн анхны Солонгос уран бүтээлч болсон нь тэдний амжилт аль хэдийн дэлхийн хэмжээнд үнэлэгддэг болсныг батлаад байгаа билээ.

BTS хамтлагийн клипүүд үргэлж л гайхалтай өнгө үзэмж, сонин содон санаануудаараа олны анхаарлыг татаж ирсэн бөгөөд хэд хэдэн клип нь Youtube хуудсанд цацагдсан даруйдаа хамгийн их хандалт авсан бичлэгийн рекордыг эвдэж байсан удаатай билээ. Одоогийн байдлаар тэдний хамгийн сүүлийн уран бүтээл “Boy WIth Luv” нь Youtube хуудсанд тавигдаад 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан клипний рекордыг эзэмшдэг юм. Монгол эмэгтэйн гар бие оролцсон дараагийн клип нь энэхүү рекордыг эвдэж чадах болов уу?

Ингээд та бүхэнд BTS хамтлагийн хамгийн сайн визуалтай гэгддэг клипүүдийг хүргэж байна. Та ч бас хүндэлж явдаг нэгэнтэйгээ хамтран ажиллах өдөр ирэх хүртэл мөрөөдөлдөө бууж өгөлгүйгээр урагшаа зүтгэсээр л байгаарай!
 
 
 

#Oonoo's Make Up #BTS