2025 оны зул сарын баярын шинэхэн кинонууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Шинэ жилийн баярын уур амьсгалыг бүрдүүлэгч хамгийн чухал зүйл бол инээд хөөрийг бэлэглэсэн зул сарын холбогдолтой кинонууд байдаг билээ. Гэрийнхээ тухтай хувцсыг өмсөн, хажуудаа чипс, амттан тавиад, зурагт юм уу лаптоп дээрээ кино эхлүүлэх шиг аз жаргалтай амралт өөр хаана байна? Жил бүр л бид хэдэн ч удаа үзсэн хэзээ ч уйддаггүй классик кинонууд болох “Гэртээ ганцаараа”, “Гринч”, “Сантаг хулгайлах төлөвлөгөө” гэх мэтийг үздэг ч хаяа нэг шинэ зүйл үзэхийг хүсдэг дээ. Тэгсэн ч ямар кино үзэхээ мэддэггүй. Тэгвэл яг ийм асуудалтай тулгараад буй уншигчдадаа зориулан энэ жил шинээр гарсан кинонуудын жагсаалтыг хүргэж байна.

1. JOY TO THE WORLD 

“Зул сарын баярын өдрөөр найз залуу, нөхөр, хайртай хүн болж жүжиглэх, түрээсийн найз залуу” гэх мэт агуулгаар хийгдсэн маш олон кинонууд байдаг бөгөөд ийм төрлийн киногүйгээр зул сарын баяр яаж өөрийн ид шидээ бидэнд хайрдах бил ээ? Киноны тухайд хүн бүрийн нүдэнд төгс гэр бүлтэй хэмээн танигдсан, зөв амьдралын хэв маягийг сурталчлагч эмэгтэй зул сарын баярыг тохиолдуулан хийгдэж буй телевизийн нэвтрүүлэгт гэр бүлтэйгээ оролцох шаардлагатай болсноор кино эхэлнэ.

Асуудал юу вэ гэж үү? Түүнд гэр бүл байхгүй. Түүний ярьдаг хайр халамж дүүрэн гэр бүл бол зүгээр л номоо борлуулах гэж зохиож ярьсан худал хуурмаг. Энэ асуудлаас гарахын тулд гол дүрийн бүсгүй маань өөрийн найзыг нөхөр нь болж жүжиглэхийг гуйна. Цаашдын үйл явдлын тухайд яг л ийм төрлийн кинонуудад гардаг шиг маш их холион бантан, хөгжилтэй үйл явдлууд болон хайрын романсаар дүүрэн байх болно.

2. THE GREAT CHRISTMAS SNOW-IN

Сүй нь цуцлагдаад удаагүй байгаа нэгэн эр бүх зүйлээс холдож толгойгоо амраахын тулд хотын төвөөс хол чимээгүй амралтын газарт очихоор шийддэг. Гэтэл тэр уг амралтын газар хэнтэй таардаг гэж бодож байна? Хуучин сүйт бүсгүйнхээ үеэлтэй. Мэдээж энэ үед цас маш ихээр орон тэднийг өөр хаашаа ч явах гарцгүй болгох бөгөөд тэд өөрсдийгөө бие биедээ татагдаж байгаагаа мэдэрнэ. Ингээд л кино дуусчихвал уйтгартай биз? Санаа битгий зов. Үйл явдлыг илүү адармаатай болгохоор түүний сүйт бүсгүй ч бас шинэ найз залуутайгаа уг амралтын газар явж байхтай тэд тааралдах болно.

3. TYLER PERRY’S FINDING JOY

Зул сарын баярын кинонуудад түгээмэл байдаг консепт бол эрэгтэй, эмэгтэй ганц бие хоёр хүн ямар нэгэн байдлаар, хаа нэгтээ, ямар ч гарах гарц байхгүй нөхцөлд хэсэг хугацаанд буюу тусламж иртэл хамтдаа байх болдог. Яг л дурлалын бурхан тэднийг хооронд нь дурлуулах гэж албаар бүхнийг зохион байгуулсан мэт.

4. A MERRY LITTLE EX-MAS

Энэ жилийн Netflix-ээс зул сарыг тохиолдуулан гаргаж буй томоохон кино төслүүдийн нэг бол A Merry Little Ex-Mas. Киноны гол дүрүүд нь салсан эхнэр нөхөр хоёр гэхээр тун сонирхолтой мөн цаашдын үйл явдал нь ямар хөгжилтэй байж болох тухай танд төсөөлөгдөж байгаа биз? Зул сарын баярыг тэмдэглэхээр гэр бүлээрээ цуглан уулзаж буй уулзалтад хуучин нөхөр нь залуухан найз охиноо дагуулан ирснээс бүх зүйл эхлэх болно. Үүнд нь дургүйцсэн бүсгүй юу хийнэ гээч? Мэдээж өөртөө залуухан найз залуу олж авах юм.

5. A VERY JONAS CHRISTMAS

Алдарт Жонасын ах дүүс болох Ник, Жөү, Кевин нар Hulu болон Disney+-ийн хамтарч хийж буй шинэхэн зул сарын баярын кинонд гол дүрийг бүтээж байгаа юм байна. Үйл явдлын хувьд ихээхэн адал явдалтай байх бөгөөд ах дүү гурав зул сарын баяраас өмнө Лондонгоос гэр лүүгээ харих гэж хэрхэн тэмцэж байгаа тухай гардаг. Кинонд мөн бидний сайн мэдэх Chloe Bennet, Billie Lourd, Laverne Cox гэх мэт уран бүтээлчид тогложээ.

6. THE FAMILY PLAN 2

2023 онд олны хүртээл болсон The Family Plan нь зул сарын баярын тухай байгаагүй ч энэхүү киноны үргэлжлэл болох The Family Plan 2-ыг кино зохиолч маань баярын уур амьсгалтай байхаар бичих гайхалтай санааг гаргажээ. Учир нь тод гэрлээр дүүрэн, өнгөлөг, баярын уур амьсгалтай кинонуудад ямар л хүн дургүй байх бил ээ? Энэ удаад Dan Morgan гэр бүлээ зул сарын баярыг тохиолдуулан Европ руу авч явж буйгаар кино эхэлнэ. Гэхдээ түүний засгийн газрын тусгай ажилтан байсан өнгөрсөн амьдрал энгийн аавын амар амгалан амьдралд дахиад л саад учруулах нь тэр!

7. A LOUD HOUSE CHRISTMAS MOVIE: NAUGHTY OR NICE

Итгэж байна уу? The Loud House энэ жил “A Loud House Christmas Movie: Naughty or Nice” нэртэй зул сарын тусгай ангийг гаргах гэж байгаа юм байна. The Loud House нь АНУ-ын цуврал хүүхэлдэйн кино бөгөөд 10 охин 1 хүүтэй өнөр өтгөн гэр бүлийн тухай гардаг. Кино, гэр бүлийн цорын ганц хүү болох Линколн санамсаргүй байдлаар Сантагийн муу болон сайн гэж тооцогдсон хүүхдүүдийн нэрсийн жагсаалтыг хооронд нь хольж орхидгоор эхэлнэ. Линколн болон түүний эгч дүүс зул сарын баярыг аварч чадах болов уу?

8. JINGLE BELL HEIST

Дандаа нэг л ижил үйл явдалтай кино үзэхээс залхаж байна уу? Тэгвэл “Jingle Bell Heist” бол таны хайж буй кино яг мөн. Sex Education, Cruel Summer зэрэг кинонуудын одод болох Connor Swindells, Olivia Holt нар кинонд гол дүрийг бүтээжээ. Тэд бол хөдөлмөрийн мөлжлөгт автсан азгүй хоёр ганц биечүүд бөгөөд энэ байдлаасаа залхсан тэд хамтдаа Лондоны их дэлгүүрийг дээрэмдэхээр шийддэг. Миний бодлоор тэд их дэлгүүрийн барааг хулгайлах биш биесийнхээ зүрхийг хулгайлаад л дуусах байх даа.

9. A HEART FOR CHRISTMAS

“Та нар жаахан ч гэсэн хичээсэн юм уу даа?” гэдэг шагнал байсан бол шууд л киноны нэрийг бодож олсон хүмүүст энэ шагнал очих байлаа. Үйл явдлын хувьд нэгэн бяцхан охины амьдралд байдаг гэдгийг нь ч мэдэхгүй түүний ээж орж ирснээр бүх зүйлийн эхлэл тавигдана. Гэхдээ охины аав шинэ найз бүсгүйтэй болсноор юмс бүр л ээдрээтэй болж эхэлдэг.

10. THE BALTIMORONS

Зул сарын баярын үдэш шүдээ хугалж байна гээд төсөөлөөд үз дээ? Хар дарсан зүүд биз. Манай киноны гол дүрийн залуу болох Michael Strassner-т яг л ийм золгүй явдал тохиолддог. Тэрбээр шүдээ янзлуулах гэж явахдаа өөрийн шүдний эмч болох Liz Larsen-тай хамт санаанд оромгүй адал явдлыг туулах ёстой болно. Энэхүү кино нь бид бүгдийн үзэж заншсан романтик инээдмийн төрлийн кино биш бөгөөд үзэгчдийг инээлгэхээс илүүтэй сэтгэлд нь халуун дулааныг мэдрүүлэхэд төвлөрсөн юм.

Эх сурвалж: TV Guide

#шинэ кино #зул сарын баярын шинэхэн кинонууд