Башир Азиз: Би ХЭВИЙН АРЬСТАЙ болохыг хүсдэггүй


Балчир наснаасаа “Витилиго” гэж нэрлэгддэг арьсны будагч пигментийн ажиллагаа алдагдах өвчнөөр шаналсан түүнийг Башир Азиз гэдэг. Тэрбээр 1978 оны зургаадугаар сарын 30-нд Английн Лондон хотод төржээ.

Баширын хүүхэд ахуй үе гуниг гутралаар дүүрэн, асар их сэтгэлийн дарамттай өнгөрсөн гэдэг. Ангийн найзууд, үе тэнгийн хүүхдүүдээсээ тэс өөр харагддаг гэдгээ тэрбээр эртнээс л мэдэрдэг байжээ.

“Витилиго”-р өвчилсөн хүмүүсийн арьсны будагч пигментүүд тодорхой газруудад ажиллагаагүй болж дутмагшдаг учир бүхэл биеийн арьс нь хэсэг газруудад цайрч, улмаар эрээн цоохор болж харагддаг аж. Башир Азиз бага наснаасаа арьсан дээрх цагаан толбонууд нь өдөр ирэх тусам томорч байгааг ажиглаж, гунигладаг байсан тухайгаа хуваалцсан байна.

Тэрээр “Би эргэн тойрныхондоо дээрэлхүүлдэг байсан. Хүмүүс намайг үнээ, заримдаа эрээн тахь гэж дууддаг байлаа. Тэдний өгдөг байсан бүхий л хочууд үе тэнгийн дарамт яаж нөлөөлдөг вэ, түүний адил намайг зовоодог байсан. Өсч томрох тусам минь энэ өвчин улам бүр л ярвигтай болж байлаа. Найз охинтой болох, нийгэмших, бусадтай ярилцах, өөрийгөө нээх, ер бүхий л нийгмийн харилцаанд ороход би арьсаа нуух боломжгүй учир хүнд байдалд ордог болсон” гэжээ.

Мөн тэрбээр инстаграм хуудасныхаа дагагчдын байнга тавьдаг асуултуудад дараах хариултыг өгчээ:

“Надад хүмүүс янз бүрийн л асуулт тавьдаг. Энэ түлэгдэлт үү? Эсвэл төрөлхийнх үү? Яг юу болсон юм бэ? Эсвэл арьсны хорт хавдар юм уу? Зарим хүмүүс зүгээр л л мэдэхийг хүсдэг. Харин зарим нь үнэн голоосоо хэрэгт дурладаг. Гэвч би тэдэнд гомдож, уурлахыг хүсдэггүй, тэдэнд үнэхээр л мэдмээр санагддаг байх”

Башир нүүрэн дээрх толбоо нуухын тулд энгэсэг ашигладаг байжээ. Мөн “Витилиго”-г эмчлэх аргын эрэлд гарч үзсэн боловч, одоогоор үүний үүсэн бий болдог шалтгааныг анагаах ухаан баталгаатай олж тогтоогоогүй байдаг аж.

Тэр олон удаагийн эмчилгээнд цөхрөлтгүй орж байсан тухайгаа, “Эмч нар надад эмчилгээ байгаа гэж хэлдэг байсан. Арьс судлаачид дээр би тоо томшгүй олон удаа очиж байсан боловч огтхон ч өөрчлөлт гараагүй юм” гэжээ.

Мөн тэрээр “Нэг залуу надад, чиний толбонууд хэтэрхий том байна. Эмчлэх гэж оролдохын оронд бүх биеийнхээ арьсыг нэг мөсөн цайлгачихаж болно шүү дээ. Чамд тийм л гарц байна гэж хэлж байсан удаатай. Намайг хэвийн арьстай бол хэмээн ятгасан нь тэр. Гэхдээ энэ нь надад хувь хүнээ өөрчил гэж байгаагаас ялгаагүй сонсогдсон. Юу ч болж байсан, би энэ хэвээр үлдэхээр шийдсэн”

Өөрийнхөө төрмөл чанартай тэмцэлдэхээ больсноос нь хойш түүний арьс бага багаар хэвийн болж эхэлжээ. Төрөөд удаагүй байхад нь Баширын биеийн 80 хувь цагаан толботой байсан бол одоо 40-50 хувь болж буураад байгаа аж.

Балчир ахуй, өсвөр насандаа ганцаардаж, гадуурхагддаг байсан ч тэрбээр өдгөө цахим орчинд урмын үг хайрладаг олон мянган дагагчидтай болсон.

Тэр “Инстаграмдаа ороод би сайн зүйлсийг ч уншина, саар зүйлстэй ч таарна. Зарим нь: Чи яг л урлагийн бүтээл шиг харагддаг гэж байхад, үлдсэн бусад нь: чиний нууц хэсэг чинь ямар өнгөтэй вэ? гэж асуух жишээтэй” хэмээн ярьсан байна.

Башир Азиз бусдад хандан “Чи өөрийнхөөрөө байх хэрэгтэй, чи өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлахгүй байж, бусдад хайрлагдахыг яаж хүсч болох юм бэ?

Хэрвээ би өөрийнхөө амьд байгааг үзэн ядаж, намхан биетэй, алаг арьстайдаа дургүй хэвээр байсан бол амьдралын ганц ч хором мөч бүрээс аз жаргал мэдэрч чадахгүй байх байлаа” гэж хэлжээ.

#БаширАзиз