

Эгэл шаргач /oriolus/ бол хамгийн тод өнгөтэй шувуудын нэг юм. Эр шувуу нь алтан шаргал өнгөтэй, хар далавчтай, шаргал ногоон сүүлтэй, цээжин бие нь цайвар өнгөтэй. Халуун орны шувууд ихэвчлэн ийм тод зүстэй байдаг. Шаргачийнхны 30 зүйлийн ихэнх нь Африк, Австрали, Ази тивийн халуун дулаан бүсэд амьдардаг.
Хэдийгээр тод өнгийн том биетэй боловч түүнийг олж харахад хэцүү. Учир нь тэд өндөр моддын орой дээр суух дуртай. Харин доод талын мөчир дээр хэзээ ч суудаггүй. Түүний дуулахыг хялбархан сонсож болно.
Шаргачийнхны уянгалаг дууг анхааран сонсвоос бие биеэсээ ялгаатай хоёр төрөлд хувааж болно. Эхний үед намуухан донгодоод, дуусах үедээ хэдэн зуун метрт ч сонсогдохуйцаар лимбэний шүгэлдэж байгаа мэт аялгуугаар уянгалуулан дуулна.
Ямар нэг юмнаас түгшсэн эгэл шаргач муур хашхирч байгаа мэт муухай дуу гаргадаг.
Эгэл шаргач үүрээ газраас дээш 10-15 метрт засдаг. 5 сарын сүүлчээр тэд модны мөчрийн үзүүр хэсэгт сагс маягийн хэлбэртэй сүлжсэн үүр засна. Иймд салхитай өдөр үүр нь бүтэн үлдэх магадлал тун бага. Үүрнийхээ гадуур модны навчны адил өнгөтэй ногоон хөвдөөр бүрдэг.
Үүрлэсэн үедээ эгэл шаргачид хорхой шавжаар хооллох ба хүрэнцэрийг олноор нь устгадаг. Хүрэнцэрийн өргөс нь хортой тул өөр шувууд түүгээр бараг хооллодоггүй. Харин бусад үед эгэл шаргачид боловсорч гүйцсэн үр жимсээр хооллодог. Тэд наймдугаар сарын сүүлээр төв Африк руу өвөлжихөөр нисдэг.
Эгэл шаргач нь Монголд тогтмол ажиглагддаг шувуу биш бөгөөд зэргэлдээ орны халуун бүсээс өвөлжөөнөөсөө түр хугацаанд ирж өнгөрдөг нь бүртгэгдсэн зарим тохиолдол бий. Тиймээс Монголд ховор зочин шувуу юм.
Эх сурвалж: толь бичиг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!