Хүний папиллома вирусийн талаар мэдэх үү?


А.Анужин | YOLO.MN
УРЖИГДАР

Та хүний папиллома вирус (ХПВ), уг вирусийн халдварын эсрэг вакцины талаар сонссон уу? Иргэд энэ талаар мэдээлэл авсан эсэхийг тодруулахаар бид 20-45 насны иргэдийг сонгон, ярилцсан юм.

Арван хүнтэй түр ярилцахад  олонх нь "Энэ талаар сайн мэдэхгүй" гэж хариулав. 

Дөрвөн иргэн тутмын нэг нь л ХПВ болон уг вирусийн халдварын эсрэг вакцины талаар мэддэг, үлдсэн гурав нь өмнө нь огт сонсож байгаагүй буюу мэдээлэлгүй байна.

"Хүний папиллома вирусийн халдвар, халдварын эсрэг вакцины талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал" судалгааг 2024 онд АШУҮИС-ийн багш нар хийжээ. Тус судалгаанд
•    Эцэг эх, асран хамгаалагч - 3057, 
•    Сургуулийн багш, ажилтан-509, 
•    Эрүүл мэндийн ажилтан-416 зэрэг гурван бүлгийн нийт 3982 хүн хамрагджээ.

Судалгааны үр дүнгээс харвал: Эцэг эх, асран хамгаалагчдын дөрвөн хүн тутмын гурав нь ХПВ-ийн халдвар, ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаар сонсож байгаагүй байна.

Энэ нь хүний папиллома вирусийн талаарх мэдлэг олон нийтэд хангалтгүй байгааг, иргэдэд зөв ойлголт түгээх  шаардлагатайг харуулж байна.

ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний папиллома вирус (Human Papillomavirus, HPV) гэдэг нэр нь вирусийн онцлог шинжээс үүдэлтэй. Папиллома гэх үг нь Грекийн papilla буюу “жижиг товгор”, oma буюу “өсөлт, ургалт” гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь вирусийн халдвар авсан арьс болон салст бүрхэвч дээр үүсдэг жижиг ургалт, үү,  ургацаг  зэрэг шинж тэмдгийг илэрхийлдэг.

Эх сурвалж: Artwork by Betsy Skrip

Хүний гэж тодотгосон нь уг вирус хүнд халдварладаг төрөл болохыг, харин вирус нь бичил биетэн гэдгийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Хүний папиллома вирус гэх нэр нь хүнд халдварлаж, үү болон ургацаг үүсгэдэг бичил биетэн гэсэн утгатай юм. Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
 
Тус вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим хэв шинж нь хүний өвчлөл үүсгэдэг бөгөөд зургаан төрлийн хорт хавдар үүсгэдэг.

Хүн амын 90 хувь нь амьдралынхаа турш тус вирусийн халдвар авдаг ба үүнийг дотор нь хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй болон бага эрсдэлтэй хэв шинж гэж ангилна. Тодруулбал: 

  • Хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хэв шинж: 12 хэв шинж байдаг. 16, 18,31,33,35,39,45,51,52,56,58,59
  • Хавдар үүсгэх бага эрсдэлтэй хэв шинж: 6, 11 хэв шинж нь  үтрээ, бэлгийн үү, ургацаг  зэргийг үүсгэдэг.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд  хамрагдах, сэргийлэх вакцин хийлгэх энэ вирусээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 тоот тогтоолоор батлагдсан Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулж байна. Харин 11-ээс дээш насныханд сайн дурын дархлаажуулалт хийж буй.  

Манай улсад АНУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын албан ёсны гэрчилгээтэй, Хүний папиллома вирусийн 6, 11, 16, 18 хэв шинжүүдээс хамгаалах 4 цэнт "Гардасил" вакциныг хэрэглэж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

#папиллома вирус