Ө.Биндэръяа: Өндөр хөгжилтэй оронд сурсан нь биш, ЮУ СУРСАН гэдэг нь л чухал


Э.Цовоо | YOLO.MN
2020-03-16

Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл ярилцлагын энэ удаагийн дугаараараа та бүхэндээ Болгар улсын Благоевград хотын Америкийн их сургуульд суралцдаг Ө. Биндэръяатай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Өдгөө 18-хан настай ч хэрхэн уг сургуульд тэтгэлгээр суралцах болсон туршлагаас нь хамтдаа хүлээн авцгаая. 


YOLOСайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
- Намайг Өсөхбаярын Биндэръяа гэдэг. Би “Шинэ Эхлэл” олон улсын лаборатори сургуулийг Кембриджийн "AS/A" дипломтойгоор төгссөн. Англи, хятад хэлтэй бөгөөд сонирхлоороо болгар хэл сурч байна.
YOLO: Одоогоор хаана, ямар сургуульд сурдаг вэ?
- Би Болгар улс дахь Америкийн их сургууль буюу “American University in Bulgaria”-д эхний жилдээ тэтгэлгээр суралцаж байна. Бизнесийн удирдлага болон Мэдээллийн системээр давхар мэргэжил хамгаалахаар төлөвлөсөн.
YOLOТэтгэлгийнхээ талаар манай сайтын уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач.
- Анх 2017 онд Зориг сангийн "Ардын элч" хөтөлбөрт хамрагдаж байхад Болгар улс дахь Америкийн их сургууль буюу одоо суралцаж буй их сургуулийг минь төгссөн, НҮБ-д ажилладаг эгч ирж уулзалт хийж байсан юм. Тэр үеэс хойш энэ сургууль надад маш их таалагдаж 2019 онд тэтгэлгийн болон бусад материалаа явуулаад тэнцсэн. Анх тэнцэхдээ сургуулийн нэрэмжит болон эхний жилийн гэх хоёр тэтгэлэг авч байсан. Харин тэнцсэнийхээ дараа сургуулиас зохион байгуулдаг Хайку шүлгийн тэмцээнд ялаад эхний жилийн сургалтын төлбөрөөс 610 ам. доллар хөнгөлүүлэхээр болсон. АНУ-ын их сургуулиудтай ижил хөтөлбөртэй ч сургууль маань Зүүн Европт байрладаг болохоор сургалтын болон бусад зардлууд нь АНУ-д сурснаас 5-10 дахин бага тусдаг. Мөн эхний семестртээ 4.0 голчтой гарсан бол дараагийн жилдээ нэмэлт тэтгэлэг авах боломжтой. Энэ нь нэг ёсондоо өөрийгөө харуулах боломж юм болов уу? 


YOLO: Тэтгэлэг авахад гарсан хүндрэлүүдээсээ хуваалцаач.

- Тэтгэлэг авах хүсэлтэй хүн бүр гэр бүлийн орлогын мэдээллээ бөглөөд шуудангаар явуулах ёстой байдаг. Миний хувьд материал явуулах сүүлийн хугацаа нь тулчихсан байхад Монгол шуудангаар материалаа явуулаад, сургуульруугаа материалаа оройтож явуулж байгаа талаар мэдэгдэх шаардлага гарсан. Их олон асуултуудтай, тэр бүгдийг батлах баримт цуглуулахад мэдэхгүй зүйлс их гардаг учир хангалттай цаг гарган эртнээс бэлдэж, бүх зүйлээ сайтар шалгахыг зөвлөж байна. 

YOLO: Тэтгэлгийнхээ талаар анх хаанаас сонсож байсан бэ?

- Манай сургуулийн тэтгэлэг бүр тусдаа нэртэй, донортой /тусламж олгогч, хандивлагч/ байдаг боловч аль тэтгэлэгт тэнцэхийг нь элсэлтийн алба тодорхойлдог. Үүнд амжилт, санхүүгийн бололцоо, эсээ зэрэг олон зүйлсийг харж үздэг. Тийм болохоор бүх тэтгэлэгт нэг л удаа “apply” буюу өргөдлөө өгөхөд хангалттай. Манай сургуулийн ихэнх сурагчид тодорхой хэмжээний тэтгэлэг авсан байдаг. Тэтгэлэг бүр өөрийн гэсэн шалгуур, дүнгийн голчтой байхыг шаарддаг.

YOLO: Сургууль болон тэтгэлгийнхээ материалыг бүрдүүлж байх үедээ сэтгэлээр унах, шантрах тохиолдол гарч байсан уу?

- Ахлах ангид ороод их сургуулиудад хэрхэн тэнцэх талаар судалж эхэлсэн ч төгсөх анги буюу 12-р ангидаа SAT, IELTS зэрэг шалгалтуудаа өгсөн болохоор цаг давчуу байсан. Үүнээсээ болоод жаахан стрессдсэн. Уг нь эртхэн шалгалтуудаа өгөөд, төгсөх ангидаа эсээ, өргөдөл зэрэг дээрээ анхаарч бэлдэх ёстой юм байна лээ. Гуравдугаар сард сургуульдаа тэнцсэн эсэхээ ч мэдэхгүй байнга санаа зовдог байсан. Харин тэр үедээ өөртэйгөө адилхан зовлонтой, хариугаа хүлээж байгаа найзуудтайгаа ярилцаж, аль болох өөдрөг байцгаахыг хичээдэг байсан. Мөн фитнессд явж дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн нь одоо бодоход их зөв шийдвэр байжээ.


YOLO: Болгар улсад сурахын давуу тал юу вэ?

- Энд ирэхээсээ өмнө Болгар улсын тухай мэдлэг хомс байсан. Зүүн Европт байдаг, Европын холбооны гишүүн орон гэдгийг л мэддэг байлаа. Болгар улс их үзэсгэлэнтэй байгальтай, дулаахан уур амьсгалтай учир хүмүүс нь их тайван, уужуу амьдралын хэв маягтай. Болгар улсад сурахын, тэр дундаа манай сургуульд сурахын давуу тал нь Европ болон Америкийн давхар дипломтой төгсдөг бөгөөд давхар мэргэжил эзэмших боломжтой. Амралтаараа Европоор аялахад ойрхон, онгоцны билет хямдхан олдоно.

YOLOТэгвэл сул талуудыг нь дурдвал?

- Монгол улсаа болон гэр бүлээ их санадаг. Эх орноосоо удаан хол байж чадахгүй гэдгээ ойлгосон. Эхний хэдэн сард соёлын ялгаа их гардаг байсан. Эмээ өвөө маань "Гадаад явсан хүүхдүүд гэнэт хэтэрхий эрх чөлөөтэй болчихоор хичээл номондоо анхаарахгүй болчихдог" гэж захиж хэлдэг байсан болохоор харин яаж ч байсан хичээлээ орхигдуулж болохгүй гэж их хичээсэн.

YOLOСургуулийн чинь хамгийн гоё хэсэг юу вэ?

- Манай сургууль “Liberal Arts” хөтөлбөртэй болохоор одоохондоо мэргэжлээ сонгох шаардлагагүй. Мөн ерөнхий суурийн олон төрлийн хичээлээс сонгож судлах боломжтой. Жишээлбэл компьютерын чиглэлээр суралцах оюутнууд заавал уран зохиолын хоёр хичээл судлах хэрэгтэй. Хамгийн дээд талдаа хоёр гол мэргэжил , хоёр туслах мэргэжил сонгон суралцах боломжтой. Би анх ирэхдээ улс төр, олон улсын харилцаа гэсэн чиглэлүүдээр суралцана гэж боддог байсан ч одоо мэдээллийн систем рүү хөрвөх гэж байгаа. Цаашдаа ч өөрчлөгдөх магадлалтай. Маш олон орны профессоруудтайн дээр жижиг ангиудтай учир асуулт асууж, яриа өрнүүлэх бүрэн боломжтой. Багш нараасаа чөлөөтэй асуулт асууж сурсан. Хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх боломж их байдаг нь ч мөн авууштай.


YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Коронавирусийн дэгдэлтээс үүдэн онлайн хичээл ордог болохоос өмнө чөлөөт цаг бараг гардаггүй байсан. Өглөө өрөөнөөсөө гараад хичээлдээ яваад, хичээлийнхээ дундуур ажил хийгээд, орой нь клубийн уулзалт юм уу номын санд даалгавраа хийгээд зөвхөн унтах гэж өрөөндөө орох өдрүүд зөндөө байдаг. Сургуулийнхаа “Бизнес клуб”, “Улс төрийн клуб” болон сурагчдын зөвлөлийн гишүүн учир долоо хоногт дор хаяж хоёр уулзалттай байдаг. Хэрвээ чөлөөт цаг гарах юм бол найзуудтайгаа уулзах, эсвэл өрөөндөө чимээгүй амрахыг хичээдэг. Долоо хоногт дор хаяж гурван удаа дасгал хийхийг хичээдэг.

YOLO: Дотуур байранд амьдардаг уу ?

- Тийм. “Скаптопара” гэх нэртэй гурван дотуур байр байдаг. Ихэнх сурагчид хотхон дотроо энэ гурван байрын аль нэгэнд амьдардаг. Өрөөндөө хоёулаа амьдардаг. Хичээлтэй өдөр өрөөндөө бараг орж ирдэггүй. Найзуудтайгаа уулзахаар бол орой хичээл тарсны дараа л уулзана.

YOLO: Сургуулиас нь хэрэглээний зардлыг даадаг уу?

- Хэрэглээний зардлаа өөрсдөө гаргадаг. Харин хоолны газарт картаараа үйлчлүүлэх боломжтой.


YOLO: Цагийн ажил хийх бололцоо хэр их байдаг вэ?

- Би сургууль дээрээ “International Student Services” буюу Гадаад оюутнуудад туслах албанд мэдээллийн туслах ажилтнаар цагийн ажил хийдэг. Долоо хоногт нийт 14 цаг ажилладаг. Хичээлгүй үедээ очиж материал хэвлэх, олон улсын сурагчдад визний асуудалд туслах зэрэг ажил хийдэг. Манай сургууль дээр ер нь ийм төрлийн цагийн ажил хийх боломж ихтэй. Хэрвээ хүсвэл гадуур өөр ажил ч хийж болно.

YOLO: Болгар улс амьдрахад хэр өртөгтэй ихтэй вэ?

- Амьдралын өртөг Монголоос бага зэрэг өндөр. Хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа жимс ногоо хямд ч гэсэн өргөн хэрэглээний бараа, хувцас зэрэг нь арай үнэтэй.

YOLO: Бусад хэрэглээний зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

- Хотхон дотор маань бараг бүх зүйл байдаг тул хоолноос өөр зүйлд мөнгө зарцуулах нь бага. Хоолоо сургуулийнхаа хоолны газарт эсвэл өөрөө хийгээд идчихдэг. 

YOLO: Гэрээ хэр санадаг вэ?

- Эхний хэдэн сард маш их санадаг байсан. Хааяа монгол хоол хийж идээд гэрийнхэнтэйгээ ярилцахаар сэтгэл санаа дээрддэг. Монголд байхдаа монгол дуу сонсдоггүй байсан ч энд ирээд нийтийн дуу сонсмоор санагддаг болсон /инээв/.


YOLOХэцүү санагдах үедээ хэрхэн тайвширдаг вэ?

- Хэзээ нэг өдөр хийж байгаа бүхнийхээ үр шимийг үзнэ гэж итгэдэг болохоор хэцүү байсан ч даваад гарна гэдэгт итгэдэг. Өвөө маань намайг гомдоллох бүрд үүнээс хэцүү зүйл амьдралд зөндөө бий гэж хурцалдаг байсан нь асуудлыг дэндүү хүндээр авалгүй тайван шийддэг занд сургасан байх.

YOLO: Тэгвэл тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаасаа дурдвал?

- Эхний хэдэн сард болсон бүх зүйл л хөгжилтэй байсан даа. Анх онгоцноос буугаад автобусаар явж байхад Монголд байдаг моднуудаас хэд дахин өндөр, саглагар моднуудтай байхыг нь хараад их гайхаж байсан.

YOLOЯагаад зөвхөн Болгар улсыг зорин сурах болсон бэ?

- Ер нь Европын орнууд их тайван, аюулгүй санагддаг. Америкт сурч байсан бол арьс өнгөний асуудал, буудалцаан, терроризм гээд их асуудалтай байх байсан байх. Өмнө нь Америк яваад ер нь бүх төрлийн хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхах асуудалтай орон юм байна гэдгийг мэдэж авсан. Манай гэрийнхэн ч гэсэн Болгар улсын тухай их сайхан сэтгэгдэлтэй, жимс жимсгэнийн орон гээд дуртайгаар хүлээж авсан. Эцсийн эцэст хамгийн өндөр хөгжилтэй оронд сурсан биш, юуг яаж сурсан гэдэг нь л чухал.


YOLOСургуулийнх нь хичээллэх зарчим Монголынхоос хэр өөр вэ?

- Монголын боловсролын зарчим цээжлэх, мэдэх дээр тогтдог. Өөрөөр сэтгэсэн хариултуудыг шууд няцаадаг гэдгийг би 12 жил улсын сургуульд сурахдаа ойлгож авсан. Анх их сургуульд ирээд буруу хариулт өгөх вий, хүмүүс намайг юу гэж бодох бол гээд зөв хариултыг нь мэдэж байсан ч дуугүй өнгөрөх гэх зэргээр өөрийгөө дутагдалтай байгаагаа олж мэдсэн. Одоо харин гараа өргөж хариулахаас айхгүй, багш нартайгаа чөлөөтэй харьцаж сурсан. Хамгийн гол нь хүн болгоны бодол ямар нэг үнэ цэнэтэй гэдгийг ойлгох нь юм уу даа.

YOLO: Благоевград хотын талаар уншчигдад маань хуваалцаач.

- Би Болгар улсын нийслэл Софья хотоос нэг цаг, Грекийн хилээс мөн нэг цагийн зайтай Благоевград гэдэг тайван хотод амьдардаг. Хоёр их сургууль байдаг болохоор хотын эдийн засагт их тусалдаг байх. Ихэвчлэн хүүхэдтэй гэр бүлүүд, тэтгэврийн хөгшчүүд их харагддаг.


YOLOБолгар улсын хүмүүс голдуу ямархуу зан төлөвтэй байдаг вэ?

- Их шударга, юмны хязгаарыг мэддэг хүмүүс. Ажлын цаг дууссан бол ажлаа сөхөж харах ч үгүй. Гэр бүл ажил хоёрын заагийг ойлгодог. Мөн гэртээ ирсэн зочныг маш их хүндэлж, хамаг сайн сайхнаараа угтдаг. Энэ талаараа монголчуудаас илүү зочломтгой, ёсорхуу санагдсан.

YOLOТухайн улсад суралцахад анхаарах зүйлс юу вэ?

- Монгол дахь амьдралаас тэс ондоо нөхцөлд ирэх учраас соёлын ялгаа гарна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч улсад арьс өнгөний үзэл, нийгмийн эмзэг давхарга гэж байдаг тул тэр бүрд эмзэглэхгүй байх хэрэгтэй.

YOLOЭнд ирээд чамд ямар өөрчлөлт гарсан бэ?

- Илүү бие дааж амьдрах чадвартай болсон. Хэзээ юунд цаг зарцуулах, хэнтэй яаж харилцах гээд гэрээсээ хол байгаа хүн бүх зүйлийг өөрөө л суралцах хэрэгтэй болдог. Ийм өөрчлөлт гарсанд маш их баярлаж явдаг.

YOLOСургуулиа төгсчихөөд Монголдоо ирж ажиллах уу?

- Мэдээж хэрэг Монголдоо буцаж ирнэ. Сургуулиа төгсөөд цаашаа үргэлжлүүлэх үү, ажиллах уу гэдгээ шийдвэрлэхэд арай эрт л байна. Гэхдээ ямар ч байсан Монголдоо хөрөнгө оруулна аа.

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Тэтгэлэг #Боломж #Болгар