ШУТИС-ийн отгон төгсөгчид харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж аппликэйшн хөгжүүлжээ


О.Батхишиг | YOLO.MN
ӨЧИГДӨР

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн энэ хаврын төгсөгчид харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Ухаалаг хөтөч” нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшныг амжилттай хөгжүүлжээ. 

Монгол улсад амьдарч буй 12 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэдийн аюулгүй зорчих эрхийг дэмжих зорилготой энэхүү аппликэйшн нь хоёр хувилбартай.

Эхний хувилбар нь хэрэглэгчийн урд буй объектуудыг хиймэл оюун ухаанаар таньж, тэдгээрийн зайг тооцоолж, монгол хэлээр аудио мэдээлэл хүргэнэ. Дараагийн шатанд, дуу хоолойгоор удирдах боломж бүхий системийг нэвтрүүлж, очих газрын маршрутын зааврыг дамжуулах юм. 

Тус аппликэйшны мэдээлэл хүргэх функцууд нь 85-90 хувийн нарийвчлалтай ажилладаг. Системийг илүү сайжруулахын тулд хиймэл оюун ухааны гүнзгий сургалтын алгоритмуудад тулгуурлан хөгжүүлж байгаа гэж багийн ахлагч М.Түмэн-Аюуш хэлж байлаа. Энэ санааг Японд докторын зэрэг хамгаалсан багш С.Өлзийбаяр нь гаргаж, өнгөрсөн аравдугаар сараас хөгжүүлж эхэлжээ. 

“Smart Vision” баг нь энэхүү бүтээлээрээ БНХАУ-ын Чиндао хотод болсон “Youth Innovation and Entrepreneurship” олон улсын старт-ап тэмцээний  мөнгөн шагналын эзэн болсон аж. Тус тэмцээнд 10 орны 18 шилдэг баг өрсөлджээ. 

Үүнээс өмнө “Smart Vision” баг “Монгол оюун санаа” үндэсний старт-ап тэмцээнд түрүүлж, “INNO HUB Mongolia”-ийн зургаан сарын бойжуулах хөтөлбөрт хамрагдан санаагаа бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн байна. Энэ нь багийн хувьд олон улсын тавцанд өрсөлдөх суурь туршлага болсон гэв.

#мэдээ