Кпопын эргэн тойронд: BTS хамтлагийн JIMIN рекорд тогтоолоо


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-02-24

BTS JIMIN ШИНЭ РЕКОРД ТОГТООЛОО

BTS хамтлагийн гишүүн Jimin “БНСУ-ын эрэгтэй уран бүтээлчдийн нэр хүндийн жагсаалт”-ыг 14 сарын турш тэргүүлснээр шинэ дээд амжилт тогтоожээ. Үүнээс өмнө дуучин Kang Daniel 13 сарын турш уг жагсаалтыг тэргүүлсэн юм.

Jimin 2019 онд Пусан хотын Боловсролын газарт 100 сая воннын хандив өгсөн бол 2020 онд өөрийн төгссөн сургуульдаа 1'200 ширээ сандал бэлэглэсэн байна. Судалгааны багийнхан энэхүү үйл явдлыг Jimin-ийн нэр хүндэд эерэгээр нөлөөлсөн хэмээн үзжээ.

WINNER ХАМТЛАГ ШИНЭ ЦОМОГ ДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

"YG" энтертайнментаас үүсгэн байгуулагдсан WINNER хамтлагийн залуус шинэ цомгийн ажилдаа оржээ. Энэхүү цомог нь тэдний цэрэгт явахаас өмнөх сүүлчийн цомог байх магадлалтай аж. Тодруулбал хамтлагийн гишүүн Seunghoon болон Jinwoo нар энэ жил 28 хүрэх ба БНСУ-ын хуулийн дагуу цэргийн алба хаах ёстой аж.

"YG" энтертайнментийн зүгээс энэ талаар мэдэгдэл хийхдээ:

- “WINNER хамтлагийнхан шинэ цомог гаргахаар бэлдэж байгаа нь үнэн. Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэжээ.

GFRIEND ХАМТЛАГ 2020 ОНД ХӨГЖМИЙН НААДМУУДАД ОРОЛЦОХ ЗОРИЛГО ТАВЬЖЭЭ

GFRIEND хамтлаг “Yoo Hee Yeol’s Sketchbook” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ оны зорилго болон цаашдын үйл ажиллагааныхаа тухай ярилцжээ.

Хамтлагийн ахлагч Sowon хэлэхдээ:

- “Бид энэ жил хамтлагаа илүү олон хүнд таниулахыг хүсэж байна. Ингэснээр хөгжмийн наадмуудад оролцох боломж нээгдэнэ. Шагнал авах нь чухал биш л дээ. Өмнө нь хөгжмийн наадмуудад оролцохоор бэлдэж байсан үеүдээ бодохоор энэ бол тийм ч амар олддог боломж биш гэдгийг ойлгосон”

ONG SEONG WU ЦОМОГ ГАРГАНА

Хоёрдугаар сарын 14-нд "Fantigo" энтертайнментаас 2020 оны эхний хагаст Ong Seong Wu-гийн бие даасан цомгийг гаргахаар төлөвлөөд буйгаа мэдэгдлээ. 

Ong Seong Wu нь “Produce 101” нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд нийт 984,756 санал авч Wanna One хамтлагийн гишүүн болж байжээ. Тэрээр мөн жүжигчний карьертай бөгөөд 2019 онд “At Eighteen” олон ангит киноны гол дүрд тоглож байсан туршлагатай. 

CL: “БИ ХИЙХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ Л ХИЙЖ АМЬДАРНА”

Дуучин CL "Nylon Korea" сэтгүүлд ярилцлага өгөхдөө:

- “Олон нийт миний юу хийж байгаа талаар сонирхож байгаад баяртай байна. Би хийхийг хүссэн зүйлээ хийж, хүмүүст юу чаддагаа харуулах болно” гэжээ.

Мөн бүжиг бол түүний дуучин болох шалтгаан байсан гэнэ.

“Миний хувьд бүжиг бол өөрийгөө илэрхийлэх хамгийн хялбар арга. Би их дуугүй, ичимхий хүүхэд байсан. Гэхдээ бүжиглэж сурснаас хойш өөрийгөө илэрхийлж чаддаг болсон”

TWICE ХАМТЛАГИЙН ГИШҮҮН MINA-ГИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ БАЙНА

Twice хамтлагийн гишүүн Mina 2019 оны долдугаар сараас хойш хамтлагийнхаа үйл ажиллагаанаас түр чөлөө авсан юм. Тэрээр “сэтгэл зовних эмгэг” гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа аж. 

Гэсэн ч тэрээр энэ оны хоёрдугаар сарын 11-нд хамтлагийнхаа тоглолтод оролцсон ба "JYP" энтертайнментаас Mina-гийн биеийн байдлын талаар мэдэгдэл хийжээ. Тэд хэлэхдээ:

- "Mina-гийн биеийн байдал маш сайжирсан бөгөөд бага багаар хамтлагийнхаа үйл ажиллагаанд оролцоно. Мөн энтертайнмент болон хамтлагийн гишүүдийн зүгээс түүний эрүүл мэндэд анхаарал тавина" хэмээсэн байна. 

ДУУЧИН IU-ГИЙН НЭР ТӨРД ХАЛДАЖ, ДОРОМЖИЛСОН УТГАТАЙ СЭТГЭГДЭЛ БИЧИГЧДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО

Энэ оны эхээр дуучин IU шинэ энтертайнментэд орж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ тэрээр менежерийнхээ үүсгэн байгуулсан "Edam" энтертайнменттай урт хугацааны гэрээ хийсэн байна.

Шинэ энтертайнментийнх нь зүгээс IU-гийн нэр төрд халдаж, худал цуурхал тараан, гүтгэн доромжилж буй хүмүүст арга хэмжээ авахаа мэдэгджээ. Мөн түүнийг доромжилсон утгатай сэтгэгдэл бичсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд одоогоор хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Ийнхүү цаашид IU-гийн эсрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй хүмүүст хуулийн хариуцлага тооцох тухайгаа анхааруулсан байна.

YUBIN ШИНЭ ЭНТЭРТАЙНМЕНТ БАЙГУУЛЛАА

Wonder Girls хамтлагийн гишүүн Yubin “rrr” нэртэй шинэ энтертайнмент байгуулсан байна. Тэрээр 12 жилийн турш "JYP" энтертайнментийн харьяанд уран бүтээлээ туурвиж байсан ч энэ оны эхээр гэрээгээ дуусгавар болгосон юм.

Тэрээр хэлэхдээ:

- “Сайн байцгаана уу, Ким Юбин байна.

Миний бие нэгдүгээр сард олон жилийг хамтдаа өнгөрүүлсэн "JYP" энтертайнменттай хийсэн гэрээгээ дуусгаж бие даан ажиллахаар шийдсэн билээ. Ийнхүү та бүхэнтэй өөрийн шинэ "эхлэл"-ээ хуваалцахаар шийдлээ.

Би өөрийн “rrr” энтэртайнментийг танилцуулахыг хүссэн юм. Компанийхаа уран бүтээлч болон захирлын хувиар та бүхэнд урам зоригтой, хариуцлагатай талаа харуулмаар байна. Ярихаас илүү өөрийн хийж чадах зүйлээ хийх болно. Харин та бүхэн намайг дэмжээд өгөөрэй”

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #BTS #Jimin #CL #TWICE #IU