Өмнөд Солонгос улсын жүжигчин Hwang Jung Eum өөрийн эзэмшлийн энтертайнмент агентлагаас 4.3 тэрбум вон (монгол мөнгөөр 11 гаруй тэрбум төгрөг) завшсан хэрэгт холбогдон шүүгдэж байгаа билээ.
Наймдугаар сарын 21нд Жэжү дүүргийн шүүхэд эцсийн хэлэлцүүлэг болж, прокурорууд түүнд гурван жилийн ял оноохыг хүссэн байна. Энэ нь тус хэрэгтэй холбоотой анхны шүүх хурал биш бөгөөд анхан шатны шүүх хурал нь энэ оны тавдугаар сарын 15-нд болсон юм. Харин ял сонсох эцсийн шүүх хурал нь есдүгээр сард товлогджээ.
Хэргийг мөрдөн шалгах явцад Hwang Jung Eum 2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд өөрийн эзэмшдэг Hunminjeongeum энтертайнмент компанийн данснаас нийт 4.34 тэрбум воны хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан нь тогтоогдсон байна. Үүнээс 700 сая воныг түр зээл нэрээр авч, үлдсэн 4.2 тэрбум воныг криптовалютын хөрөнгө оруулалтад зарцуулжээ. Криптовалют гэдэг нь зөвхөн цахим хэлбэрээр байдаг, ямар нэгэн цаасан мөнгө эсвэл зоос шиг бодитоор байдаггүй зүйл юм. Ерөнхийдөө bitcoin л гэсэн үг.
Hwang Jung Eum тавдугаар сард болсон шүүх хурал дээр буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар 5-р сарын 30 болон 6-р сарын 5-нд хоёр удаагийн гүйлгээгээр бүх мөнгөө эргүүлэн төлсөн байна.
Тэрээр шүүх хурлын үеэр “Би өөрийн уран бүтээлийн замналыг дэмжихийн тулд энтертайнмент агентлагаа байгуулж, удирдаж байсан. 2021 оны орчимд ойр танилууд маань криптовалют руу хөрөнгө оруулахыг санал болгосон. Компаниа өсгөнө гэсэн найдлагаар мэдлэг дутуу байсан ч буруу шийдвэр гаргасан. Хэдийгээр хөрөнгө компанийн нэр дээр байсан ч үнэндээ миний уран бүтээлийн орлогоос бүрдсэн байсан учир хайхрамжгүй алхам хийсэн байна” хэмээн тайлбар хэлжээ.
Хэдийгээр тэрээр компанийнхаа 100 хувь эзэмшигч боловч компанийн хөрөнгө нь хууль ёсны утгаараа тусдаа байгууллагын өмч тул хувьдаа ашигласан нь хөрөнгө завшсан гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Allkpop, The Korea Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!