

Өнөөдөр дэлхийн тайзнаа гялалзаж, сая сая хүний хайр хүндэтгэлийг хүлээж буй одод хүүхэд байхдаа бусдад шоолуулж, гадуурхагдаж байсан гэвэл та итгэх үү? Тэдний амжилт зөвхөн авьяас биш, харин хэцүү цаг үеийг давж гарсан ТЭВЧЭЭР дээр тогтдог.
Lady Gaga: Хогийн саванд шидүүлсэн охин

Стефани Жерманотта буюу Лэди Гага Нью-Йоркийн хувийн сургуульд сурдаг байхдаа бусдаас тэс өөр нэгэн байлаа. Тэрээр хичээлээсээ илүү хөгжимд хайртай, сонин хачин нүүр будалт хийж, этгээд хувцасладаг байв. Нэгэн удаа сургуулийнх нь хэсэг хөвгүүд түүнийг замын хажуугийн том хогийн саванд өргөж хийчихээд, инээлдэж байжээ. Хамгийн гол нь тэр үед бусад охид нь туслахын оронд хамт инээлдэж байсан нь түүнд маш том сэтгэлийн шарх өгсөн гэдэг.
Гага энэ явдлаас болж сургуулиасаа гарахыг хүсэж байсан ч эцэст нь тэр бүх уур бухимдал, гунигаа төгөлдөр хуурын ард суугаад дуу болгож хувиргасан юм. Тэрээр хожим нь "Намайг хогийн саванд хийж байсан тэр хүмүүс өнөөдөр миний тоглолтыг үзэхийн тулд тасалбарт 100 доллар төлж байна" гэж хэлсэн нь түүний хамгийн том ялалт байлаа.
Хожим нь "Born This Way Foundation"-ыг байгуулж, өөр шигээ гадуурхагдсан мянга мянган залууст тусалж байна.
Tom Holland: "Нууцаар хичээллэдэг байсан балетчин"

Бидний мэдэх зоригт "Хүн аалз" багадаа туранхай, жижиг биетэй, бүжгийн спортод сонирхолтой хүү байв. Английн Кингстон хотод өсөж торнихдоо тэрээр регби, хөлбөмбөг тоглохын оронд балетаар хичээллэхийг илүүд үзжээ.
Сургуулийнх нь хөвгүүд түүнийг "эмэгтэйлэг", "ижил хүйстэн" гэх мэтээр доромжилж, балетын бэлтгэл рүү нь явуулахгүй гэж зам дээр нь саад болдог байв. Тэрээр энэ тухайгаа "Би сургууль дээрээ хөлбөмбөг тоглодог хүүхдүүдийн хажуугаар балетын шаахайгаа нуугаад гүйдэг байсан" гэж дурссан байдаг.
Том бууж өгөөгүй. Тэрээр балетаар олж авсан уян хатан байдал, акробатын чадвараа ашиглан "Billy Elliot" мюзиклд тоглож, улмаар "Marvel"-ын сонгон шалгаруулалтад бусад 1500 хүүхдээс илүү гарч чадсан юм. Хэрэв тэр бусдын үгэнд ороод балетаа орхисон бол өнөөдөр бид түүний Spider-Man-ыг үзэхгүй байх байлаа.
Taylor Swift: "Ганцаардлаас төрсөн Грэммийн эзэн"

Тэйлор Свифт Пенсильвани мужийн дунд сургуульд байхдаа "cool" охидын бүлгэмд багтахыг маш их хүсдэг байв. Гэвч түүний кантри хөгжимд дуртай байдал нь бусад охидод "сонин" санагддаг байжээ.
Сургуулийнх нь охид түүнтэй нэг ширээнд суухаас татгалзаж, үдийн цайны цагаар түүнийг ганцааранг нь үлдээдэг байв. Тэр ч байтугай түүнийг дуу бичдэг гэдгийг мэдээд "Чи хэзээ ч од болохгүй" гэж нүүрэн дээр нь хэлдэг байсан гэдэг.
Тэйлор тэрхүү ганцаардлаа ашиглан өдөр бүр хичээлээ тараад гитар дээрээ дуу бичиж эхэлсэн. Түүний бичсэн анхны хит дуунууд нь бүгд сургууль дээр нь түүнийг гадуурхдаг байсан охидын тухай байсан юм.
Өнөөдөр тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсон бөгөөд түүнийг гадуурхдаг байсан охид нь түүний тоглолтыг үзэхийг хүсдэг болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!