ФОТО: ДАШТ-ний цомыг өнөөдөр Шангри-Лад очиж үзэх боломжтой


Сондор | YOLO.MN
2018-04-23

Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөл бөмбөгийн ДАШТ-ний алтан цом "Алтан дагина"-ыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, шигшээ багийнхантай хамт дурсгалын зургаа татууллаа.

Цомд зөвхөн тухайн улсын төрийн тэргүүн хүрэх боломжтой бөгөөд Монголоос алтан цомд хүрсэн цорын ганц хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа.

Нийт 126 мянган км замыг есөн сарын турш туулж буй уг алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Хөлбөмбөгийн хорхойтнууд, энэ спортоор хичээллэгч тамирчид, багш дасгалжуулагчид, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

2006 оноос уламжлал болсон Дэлхийн цомын “Трофи тур” аялал дэлхийн 50 гаруй улс, 91 хотоор дамжиж өнөөдөр Улаанбаатар хотод ирж байгаад монголын хөлбөмбөг сонирхогчид, тамирчдын өмнөөс болон хувиасаа машид баярлаж, талархаж байна. Монгол Улсад тавтай морилно уу.

Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд багийн спортод ихээхэн анхаарал тавьж, хүүхэд залуучууд олноор хичээллэх болсон нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирч байгаа гэж би үздэг.

Хөлбөмбөг, сагсанбөмбөг, хоккей зэрэг багийн спортоор хичээллэж байгаа тамирчид маань тив, олон улсад тодорхой амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо нь менежмент, зохион байгуулалтын хувьд эрс шинэчлэгдэж, хөлбөмбөгийн спортыг улам өргөн дэлгэр хөгжүүлэн, шинэ шинэ амжилтад баг тамирчдаа хөтөлж байгааг би байнга ажиглан харж, дэмжиж байдаг.

Яг одоо би Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон хөлбөмбөгийн холбооныхонд тусгайлан баяр хүргэмээр байна. Та нар хөлбөмбөгийн хөгжилд шинэ уур амьсгал, далайц, орчин цагийн менежмент авчирч байгаад хөлбөмбөг сонирхогчийн хувиар талархаж явдаг шүү.

Шинэ зууны  хөгжилд багаар ажиллах чадвар, багийн сэтгэлгээ юунаас ч чухлаар үнэлэгдэх болсон. Ийм чадварыг ирээдүйн иргэдэд суулгахад багийн спорт, тэр дундаа маш олон хүнийг сонирхлыг татаж, хамруулдаг хөлбөмбөг чухал ач холбогдолтой юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би багийн спортын хөгжлийг дэмжихэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлэхийг зорьж байгаа.

“Дэлхийн цомтой” монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтнуудыг танилцуулах боломж олгосон “Трофи тур” аяллыг Улаанбаатар хотоор дайруулах ажлыг зохион байгуулсан Олон Улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Кока кола” компанийн удирдлагад талархал илэрхийлье.

Баярлалаа, Монголд тавтай морилно уу” гэв.

Иргэд өнөөдөр 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла Молл худалдааны төвд очиж “Алтан дагина”-ыг харах боломжтой.


















#ДАШТ #Football #Mongolia