С. Айдын: Тэтгэлэг авах амар ч ХАМГААЛЖ ҮЛДЭХ ХЭЦҮҮ


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-02-03

Yolo.mn сайтын хамт олны зүгээс гадаадад тэтгэлгээр суралцах зорилготой сурагчдадаа зориулан бэлтгэдэг цуврал ярилцлагын ээлжит дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Итали улсын Турин хотын “Politecnico di Torino” сургуульд тэтгэлгээр суралцаж буй оюутан С.Айдыныг онцолж байна. 


YOLO: Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

- Сайн байна уу? Намайг Серикболатын Айдын гэдэг. Баянзүрх дүүргийн “Глобал” олон улсын сургуулийг 2018 онд төгссөн. Одоогоор Итали улсын Турин хотод суралцаж байна.

YOLO: Ямар сургуульд суралцдаг вэ?

- Би "Politecnico di Torino" их сургуульд Пиедмонд мужийн тэтгэлэгт хамрагдан "Барилгын инженер" мэргэжлээр суралцаж байна. Нэгдүгээр курсийн шинэхэн оюутан. /инээв/

YOLO: Тэтгэлгийнхээ талаар уншигчдад маань дэлгэрэнгүй танилцуулаач?

- Би сургуулиа төгсөөд Италид сурдаг найзаасаа уг тэтгэлгийн талаар сонсоод судалж эхэлсэн. Интернэтээс тэтгэлгийн талаар хайхад бүх мэдээлэл нь гарч ирдэг болохоор их амар. Тэтгэлгээ авахад нэг их саад бэрхшээлгүй байсан ч хадгалж үлдэхэд үнэхээр хэцүү санагдсан. Хичээлүүдээ шахуу ордог учир 1 жилд 50-60 кредит хичээл үздэг. Мөн хичээлүүдийнхээ талаас илүүг нь давж чадахгүй бол авсан тэтгэлгээ буцааж өгөх шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл "өрөнд" ордог гэсэн үг. 


YOLO: Шаардлага нь үнэхээр хатуу юм байна. Тэтгэлэгт анх хамрагдахад хэцүү санагдсан зүйл бий юу?

- Тэтгэлэгт хамрагдахад нэг их хүндрэл байгаагүй. Тэтгэлэг авахад шаардагдах бичиг баримтууд болох хэлний албан ёсны оноотой эсэх, өөрийг тань тодорхойлсон захидал зэргийг бүгдийг нь бүрдүүлээд өгөхөд нэг их асуудал байхгүй санагдсан шүү.

YOLO: Сургууль руугаа хүсэлтээ явуулсны дараа ямар нэгэн зүйл шаардсан уу?

- Манай сургууль сурах хүсэлтээ өгөөд буюу apply хийгээд тэнцсэн тохиолдолд заавал тухайн хотод очиж, эсвэл Бээжин хотод очиж шалгалт өгөх шаардлагатай байдаг. Инженерийн сургууль болохоор ямар мэргэжлээр сурах хүсэлт өгсөн нь хамаагүй. Заавал шалгалт өгдөг.

YOLO: Итали улсад суралцахын давуу тал нь юу вэ?

- Итали улс маань хуучны барилга ихтэй, их үзэсгэлэнтэй улс учир инженер болон архитектурын мэргэжлээр сурч буй оюутнуудад маш том давуу тал болдог. Хуучны барилгуудаас их юм сурч мэдэж болдог шүү. Мөн сургууль төгсөхөд ажлын байр санал болгодог нь хамгийн гол давуу тал юм даа.

YOLO: Тэгвэл чиний хувьд сул талууд нь юу вэ?

- Улсын хувьд сул тал нэг их байхгүй ч гэсэн хувь хүний хувьд багаасаа хамт өссөн найзууд, гэр бүлийнхнээсээ хол байхаар хэцүү л байдаг. Гэхдээ дасаад ирвэл бүх юм зүгээр дээ.


YOLO: Манай сайтын уншигчдад сургуулиа магтвал?

- Манай сургуулийн ногоон байгууламж их гоё. Тэнд хичээлээ хийгээд суухаар нэг л сайхан санагддаг юм.

YOLOДотуур байранд амьдардаг уу? Аль эсвэл хувийн зардлаараа амьдардаг уу?

- Манай сургууль эхний жилдээ дотуур байранд оруулдаггүй. Нэгдүгээр курсдээ хэр сайн суралцаж буйгаас нь шалтгаалаад хоёрдугаар курсэд нь дотуур байранд оруулдаг. Одоогоор би найзуудтайгаа хамт байр түрээслээд л амьдарч байна.

YOLO: Сургуулиас нь байр, хэрэглээний зардлыг нь даах хөнгөлөлт үзүүлдэг үү ?

- Сургуулиас автобусны картын төлбөрт хөнгөлөлт үзүүлж өгдөг.  Дөнгөж эхний жилдээ сурч байгаа учир бусад хөнгөлөлт байдаг эсэхийн нэг их судлаагүй л явна.

YOLO: Итали улсад цагийн ажил хийх боломж хэр их байдаг вэ?

- Цагийн ажил хийх боломж их хомс. Манай сургууль 33'000 гаруй оюутантай болохоор цагийн ажил нь үнэхээр хүрэлцдэггүй. Тиймээс бүтэн цагаар л ажиллах боломжтой байдаг. Их хичээлийн хажуугаар бүтэн цагаар ажиллах хэцүү шүү дээ.


YOLO: Итали улсад амьдрахад хэр их өртөгтэй байдаг вэ?

- Миний хувьд сард хоол ундандаа л гэхэд 100 - 150 евро зарцуулдаг. /Монгол мөнгөөр бол 300'000₮-450'000₮ болно гэсэн үг./ Өмнө хэлсэнчлэн автобусны картын төлбөрийг сургуулиас өгдөг. Нэгдүгээр курсдээ өөрсдөө байр түрээслэх шаардлагатай. 

YOLO: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Чөлөөт цагаараа хийдэг тогтсон хобби байдаггүй. Ихэнх цагтаа хичээлээ давтаж өнгөрүүлдэг. Гэхдээ хааяа зав гарвал хотоороо аялж, юм үзэж нүд тайлдаг гэх үү дээ. Мөн амралтаараа өөр хотуудаар явах төлөвлөгөөтэй байна.

YOLO: Танай сургуулийн хичээллэх зарчим Монголынхоос хэр өөр байна ?

- Монгол улсын сургуулиудаас ялгарах зүйл нь гэвэл ирц бүртгэдэггүй, явцын шалгалт авдаггүй. Нэгдүгээр сар болон зургадугаар сард л эцсийн шалгалтаа авдаг. Шалгалтуудын хувьд мөн янз янз байдаг. Хичээл хичээлээсээ шалтгаалаад тестийн, бичгийн болон аман шалгалт авдаг. Тэгэхээр заавал шахаж шаардуулахгүйгээр өөрсдөө хичээгээд л сурдаг. 


YOLO: Турин хотын талаар уншигчдад маань сонирхуулаач?

- Турин хот маань оюутнуудын хот хэмээн нэрлэгддэг. Тийм ч учир гадуур ихэнхдээ залуу хүмүүс явж байгаа харагддаг. Мөн Итали улсын дөрөв дэх том хот бөгөөд хүмүүс нь маш эелдэг зантай. Итали хүмүүс хүнд хэзээд туслах гэсэн эрмэлзэлтэй байдаг нь үнэхээр сайхан. Тиймдээ ч хүмүүс нь ч тайван, хот нь ч тайван байдаг. 

YOLO: Итали улсад суралцахад анхаарах гол зүйл юу вэ?

- Хамгийн гол нь хэл сайн сурах. Хэлээ сайжруулсан байхад л бүх зүйл аяндаа болно доо.

YOLO: Сургуулиа төгсөөд хаана ажиллах бодолтой байна даа ?

- Төгсөөд эндээ тодорхой хэдэн жил ажиллаж мэдлэг хуримтлуулж байгаад Монгол улсдаа очиж ажиллах бодолтой байна. Төгсөөд эх орондоо ямар ч ажлын туршлагагүй очвол бага зэрэг хэцүү байх гэж боддог.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

#тэтгэлэг #боломж #хөтөлбөр