"Tangled" лайв-экшн кино гол дүрүүдээ оллоо: Тиган Крофт, Майло Манхайм


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Рапунзел, Флинн Райдерын дүрд тоглох жүжигчдийн удаан үргэлжилсэн хайлт ийнхүү өндөрлөлөө.

Walt Disney Pictures “Tangled” киноны гол дүрүүдийг албан ёсоор тодрууллаа.

Гол дүрүүдээр Австралийн залуу жүжигчин Тиган Крофт болон Disney Channel-ийн “Zombies” хөгжмийн кино цувралаар танигдсан Майло Манхаймыг сонгосон байна. Тиган Крофт урт үстэй, сониуч, зоригтой ирээдүйн гүнж Рапунзелийн дүрийг, харин Майло Манхайм түүнийг цамхагаас оргоход нь тусалдаг, өөртөө итгэлтэй дээрэмчин Флинн Райдерын дүрийг тус тус бүтээнэ.

“Better Man”, “The Greatest Showman” зэрэг хөгжмийн намтарчилсан кинонуудаараа алдартай найруулагч Майкл Грэйси энэхүү уран сайхны киног найруулж байгаа бөгөөд анхны бүтээлийн нэгэн адил ихээхэн хөгжмийн элемент агуулсан байх аж.

Крофт, Манхайм нар анхны кинонд эдгээр дүрүүдийг дуу оруулж бүтээсэн Мэнди Мур, Закари Леви нарын “орлож”, Disney Animation студийн хоёр дахь сэргэн мандалтын үеийн бүтээл, орчин үеийн сонгодог хэмээн үнэлэгддэг “Tangled”-ийн дүрүүдийг өвлөн авлаа.

Эдгээр дүрүүд жүжигчдийн карьерт асар том нөлөө үзүүлэх боломжтой. Ийм кино харьцангуй танигдаагүй жүжигчдийг богино хугацаанд алдартай болгож, олон боломжийн хаалгыг нээдэг. Гэхдээ хайртай, домогт дүрүүдийг бүтээхтэй холбоотой хатуу шүүлт, ялангуяа “Tangled”-ийг дахин дахин үзэж өссөн, гэрийнхээ зочны өрөөнд “I’ve Got a Dream” дууг давтан дуулж байсан үзэгчдийн зүгээс ирэх дарамт ч мөн дагалддаг. 

Disney энэ удаад сонголтоо маш нямбай, бодлоготой хийж, яараагүй гэж эх сурвалжууд онцолжээ. 

Kathryn Hahn Mother Gothel-ийн дүрд тоглох талаар хэлэлцэж байна. Hahn Marvel-ийн “Agatha All Along” цувралд шидтэн эмэгтэйн дүр бүтээсэн бөгөөд энэхүү дүр түүнд "Golden Globe"-д нэр дэвшихэд хүргэсэн. 

Тэрээр хамгийн сүүлд Apple-ийн цуврал “The Studio”-д маркетингийн ахлах Maya Mason-ийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ АНУ-ын телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй Эммигийн шагналд нэр дэвшсэн байна.

Эх сурвалж: Hollywoodreporter

#Tangled