Т.Баярмаа: FLEX хөтөлбөрт хамрагдлаа гээд бүх хийх зүйл дуусчихдаггүй


Б.Намуун | YOLO.MN
2018-08-27

FLEX хөтөлбөрийн Монгол улс дахь хамгийн анхны шалгаруулалтад тэнцэн АНУ-ын ахлах сургуульд бүтэн нэг хичээлийн жил (2017-2018) амжилттай сайн суралцсан 10 сурагч саяхан эх орондоо эргэн ирсэн билээ. Ингээд тэдгээр сурагчдын нэг болох Т.Баярмаатай өрнүүлсэн ярилцлагаа хүргэж байна.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу.

-Намайг Төмөр-Очирын Баярмаа гэдэг. 11-р сургуулийн 12-р ангид элсэн суралцана. Саяхан АНУ-н Вермонт мужийн Green Mountain Union ахлах сургуульд сурагч солилцоогоор сураад ирсэн.

YOLO: FLEX сурагч солилцооныхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Миний явсан сурагч солилцоо нв Future Leaders Exchange /FLEX/ буюу Ирээдүйн манлайлагчдын солилцоо гэдэг нэртэй. Бусад сурагч солилцооны хөтөлбөрүүдээс АНУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэй байдгаараа онцлог. Одоогоор дэлхийн 17 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ сурагч солилцоог 25 жилийн өмнөөс Хүйтэн дайны дараа АНУ ОХУ-тай харилцаатай болохын тулд эхлүүлж байсан. 2017 оноос Монголд анх хэрэгжиж эхэлсэн.

YOLO: Сурагч солилцооны тухай мэдээллийг анх хаанаас авсан бэ?

-2017 онд Англи хэлний багш маань энэ сурагч солилцооны талаар мэдээлэл өгснөөр шалгалт өгч байсан. Эхний жилдээ хэрэгжиж байгаа болохоор тухайн үедээ төдийлөн олон хүүхдэд хүрч чадаагүй. Эхний шат нь англи хэлний мэдлэг шалгах тест байсан бол хоёрдугаар шатанд 50 минутын гурван эсээ бичиж гуравдугаар шатандаа ярилцлаганд орж дахин эсээ бичиж, шалгалт өгсөн.


 

YOLO: Энэ хөтөлбөрт хэдээс хэдэн насны сурагчид хамрагдах боломжтой вэ?

-9-11 дүгээр ангийн сурагчид хамрагдах боломжтой. Гэхдээ энэ жил шалгалт өгөх  сурагчид насны хувьд 2002.01.01 - 2004.07.15 хүртэл төрсөн байх шаардлагатай.

YOLO: 2018 онд дахин сурагчид явах боломжтой юу? Хэзээ уг хөтөлбөр маань зарлагддаг вэ?

-Энэ наймдугаар сард сурагч солилцооныхоо зарыг тавьсан. 9, 10 дугаар саруудад шалгалт нь явагдана. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг FLEX Mongolia https://www.facebook.com/FLEXMongolia/  хуудаснаас авах боломжтой. FLEX хөтөлбөрт Монголоос анх удаа явсан 10 сурагч нийлж төгсөгчдийн нийгэмлэг байгуулж инстаграм дээр Flexalumnimi хаягаар өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа. FLEX хөтөлбөрт явж ирээд бүх зүйл дуусчихдаггүй. FLEX-ийн 17 улс буюу Тажикстан, Казакстан, Киргизстан, Европоос гэвэл Украйн, Польш, Малдов гэх мэт улсуудад семинар зохион байгуулдаг. Саяхан Монголоос долоон сурагч  Казакстанд болсон семинарт оролцоод ирлээ. Үүний нэг нь би. FLEX-ийн эн тэргүүний ажил нь нийгэмд тулгарсан асуудлуудыг шийдэх, төсөл зохион байгуулах байдаг. Энэ семинарын хүрээнд бид хэрхэн төсөл зохион байгуулах талаар суралцаж манлайллын боловсролыг эзэмшсэн.

YOLO: FLEX хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс сурагчид оролцох боломжтой юу?

-Тэгэлгүй яахав. FLEX хөтөлбөрийн энэ жилийн шалгаруулалт Улаанбаатар, Ховд, Арвайхээр, Чойбалсан гэсэн хотуудад явагдаж байгаа. Хөдөө орон нутгийн сурагчид маань өөртөө аль ойр аймагтаа очоод юм уу, эсвэл Улаанбаатар хотод ирээд бүргүүлж болно.

YOLO: Хөтөлбөрийнхөө дагуу АНУ-д анх очсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-АНУ Монгол улсаас соёлоос эхлээд бүх зүйлсээрээ ялгаатай. Нэг ёсондоо орчин солигдсон гэж хэлж болно. Биднийг явахын өмнө чиг баримжааны сургалт гэж ордог. Солилцооны сурагчдын ихэнх хувь нь жижиг хот тосгонд очдог. Би өөрөө Монголдоо Улаанбаатар хотод амьдардаг байсан. Гэтэл АНУ-д очоод жижиг хотод амьдрахад их өөр сонин байсан. Мэдээж мөн хоол нь өөр. Гэвч Монгол хүмүүс дасан зохицох чадвар сайтай учраас энэ бол асуудал байгаагүй харин ч шинэ хоолнууд туршиж үзэх нь их сонирхолтой байсан. Америкт байхдаа олон орны найзуудтай болсон. Тухайлбал миний очсон сургуульд Украйн болон Итали, Франц улсуудаас солилцоогоор сурагчид ирж тэдэнтэй дотно найзууд болсон. Үүний ачаар ертөнцийг харах үзэл, бодол маань тэлсэн гэж боддог.

YOLO: Энэ жил төгсөх ангийн сурагч болж байгаа юм байна. Мэргэжлээ сонгосон уу? Хаана суралцахаар шийдсэн бэ?

-Би багаасаа л шинжлэх ухаанд дуртай байсан. Түүнчлэн 11 дүгээр сургууль маань физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль. Америкт байх хугацаандаа мэргэжлийнхээ талаар их бодож, олон ч зүйлийг туршиж үзсэн. Ингэснээр би өөрийгөө судалгаа хийх дуртайгаа мэдэж авсан. Тиймээс ирээдүйд шинжлэх ухааны судлаач болох зорилготой. Сургуулийн хувьд гэвэл Америк юм уу эсвэл Япон, Солонгос, Герман, Нидерланд гэсэн улсуудаас сонголтоо хийх бодолтой байна.

YOLO: Англи хэлийг хэр удаан хугацаанд сурч байгаа вэ?

-Би англи хэлийг дөрөвдүгээр ангиасаа эхэлж сурсан. Америк явах хүртлээ ЕБС-ийн англи хэлний хөтөлбөрөөр л сурдаг байсан бол Америкт байх хугацаанд миний яриа болон сонсгол огцом сайжирсан.

YOLO: Хүүхдүүдийн дунд хувийн сургуулийн хүүхдүүд л Англи хэлдээ сайн байдаг гэсэн ойлголт байдаг. ЕБС-ийн англи хэлний хөтөлбөрийн хүрээнд хэлээ сайжруулах боломжтой юу?

-Би боломжтой гэж бодож байна. Энэ нь хувь хүний хичээл зүтгэлээс л шалтгаална. Мэдээж хувийн сургуулийн хүүхдүүдэд боломж их байдаг нь үнэн. Гэхдээ хүний амжилтыг тодорхойлох зүйл бол хичээл зүтгэл. ЕБС-ийн Англи хэлдээ сайн сурагчид зөндөө л байдаг. Тэр хүүхдүүд өөртөө цаг гаргаад хичээж байгаа хүүхдүүд.

YOLO: 10 жилийн дараах Т. Баярмааг төсөөлвөл?

-10 жилийн дараа гэвэл би 27 нас хүрчихсэн байна. Шинжлэх ухааны судлаачаар суралцаад төгсчихсөн. Төгссөнийхөө дараа хоёроос гурван жил мэргэжлээрээ ажиллаад магистрт сурч байх болно гэж төсөөлж байна. Тэр үед нөхөртэй болох гээд л явж байна байх даа /инээв/. Би хувьдаа эрт гэрлэнэ гэж боддоггүй.

YOLO: Адилхан өсвөр насны хүүхдийн хувьд үе тэнгийнхнээ тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ?

-Хичээж яваа хүмүүс ч байна, зүгээр л урсгалаараа хөвж яваа хүмүүс байна. Гэхдээ сүүлийн үед өсвөр насныхны нөлөөлөл ихсэж байгаа. Миний саяхан оролцсон “Бид гадаадад суралцаж чадна” арга хэмжээний зохион байгуулагчид өсвөр насныхан байсан. Мөн YOLO.mn сайтад ч өсвөр насны сэтгүүлчид их байдаг. Иймээс би өсвөр насныхнаа амжилттай яваа гэж бодож байна.

YOLO: Хэрвээ бурхан өөрийн чинь гурван хүслийг биелүүлье гэвэл ямар хүсэл хүсэх байсан бэ?

-Би бүр жаахан байхдаа дуучин болохыг хүсдэг байсан. Гэхдээ надад авьяас байгаагүй. Хэрвээ бурхан хүсэл биелүүлье гэвэл гоё хоолойтой болъё гэж хүсэх байсан. Өөр хүсэх юм алга даа.

YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

Бүгдээрээ өөрсдийн гэсэн зорилготой байх хэрэгтэй. Би ч өөрөө боловсорч гүйцээгүй жимс. Хүнийг урагш ахихад тус болдог зүйл бол яах аргагүй зорилго. Зорилгодоо хүрэх зам дардан байна гэж байхгүй. Алдаа оноо байж л байна. Алдвал шантрахгүй улам урагшлах хэрэгтэй. Хэн нэгэн чамд туслахыг хүлээх биш өөрөө өөртөө туслаарай.

#Scholarship, #FLEX