Оюутнууд сургалтын төлбөрөө ХЭРХЭН төлдөг вэ?


Их дээд сургууль, коллежийг боловсролын "үйлчилгээ" үзүүлдэг байгууллага гэж хэлж болох юм. Харин үйлчлүүлэгчид нь оюутан залуус. Гэвч тэд цахим сургалтын үеэр чанартай мэдлэг боловсролыг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгаад бухимдаж, удаа дараалан эсэргүүцлээ илэрхийлэн хөдөлгөөн өрнүүлсээр байна.

Оюутнууд чухам ямар шалтгаан дээр үндэслэн уг хөдөлгөөнийг эхлүүлснийг өмнөх нийтлэлээрээ бид хүргэсэн билээ. Харин энэ удаад оюутнууд сургалтын төлбөрөө хэрхэн төлдөг талаарх мэдээллийг судалгаан дээр үндэслэн хүргэхээр бэлтгэлээ.

“Монголын оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөн”-өөс хийсэн судалгааны үр дүнгээс:

Судалгаанаас харахад оюутнуудын дийлэнх хэсэг буюу 77,1 хувь нь сургалтын төлбөрөө ар гэрийн тусламжтайгаар төлдөг байна. Үлдсэн хэсэг нь Оюутны хөгжлийн зээл, цагийн ажил, тэтгэлэг, буцалтгүй тусламжаар төлдөг гэсэн хариулт өгчээ. Өмнө нь оюутнууд дээрх боломжуудаар төлбөрөө төлдөг байсан бол цар тахлын үед эдгээр боломжууд багасаж, төлбөрөө бүрэн төлж чадахгүйд хүрээд байна.

Оюутны хөгжлийн зээлийн тухайд Боловсролын зээлийн сангаас тодорхой хариу өгөхгүй байсан ч өнөөдрөөс эхлэн зарим сургууль материалуудаа авч эхэлсэн. Харин Боловсролын зээлийн сангаас буцалтгүй тусламжаар сурдаг оюутнуудад буцалтгүй тусламж өгөхгүй байх шийдвэр гарсан. Ажил хийж төлбөрөө төлдөг оюутнууд болон ар гэрийн тусламжтайгаар төлбөрөө төлдөг оюутнуудын хувьд хөл хорионы улмаас ажил хийх боломжгүй, өрхийн орлого тодорхой хэмжээгээр буурсан /судалгааны 4 дэх зураг/ зэрэг шалтгаанаас үүдэн төлбөр төлөх боломжгүй болсон. Иймд оюутнуудын 97,6 хувь нь цахим сургалтын төлбөр хямд байх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Үргэлжлүүлэн сургалтын төлбөрөө хэрхэн төлдөг тухай оюутнуудаас авсан яриаг хүргэе.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутан О.Батдорж:

- “Намайг О.Батдорж гэдэг. Би МУИС-ийн НУС-ын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дөрөвдүгээр курсийн оюутан. Анх нэгдүгээр курст ороход төлбөрийг маань гадаадад байдаг ах минь төлсөн. Хоёрдугаар курсээс гуравдугаар курс хүртлээ оюутны хөгжлийн зээлд хамрагдан, төлбөрөө төлж байсан. Гэвч одоо цар тахлын улмаас ОХЗ-д хамрагдаж чадахгүйд хүрээд байна.

Манай гэр бүл гэлтгүй ихэнх айл өрхөд эдийн засгийн хямрал тохиож байгаа байх. Миний хувьд гэр бүлээсээ тусдаа амьдардаг учраас хичээлээс гадуур цагийн ажил хийж хувийн санхүүгээ босгодог. Хөл хорионд орсноос хойш ажлаа хийж чадахгүйд хүрч, цалингийнхаа ихэнх хувийг авч чадахгүй байгаа.

Оюутан хүний хувьд төлбөрөө төлөхөд хүндрэл бэрхшээлтэй байлгүй л яах вэ. Санхүүгийн боломжтой байсан бол ажил хийж, ОХЗ-д хамрагдахгүй шүү дээ. Ирэх семестрийн төлбөрийн хувьд арванхоёрдугаар сард буюу хичээл амрах үеэр гэр бүлтэйгээ ярилцсан байсан учир яаж ийгээд төлж чадах байх гэж найдаж байна”.

АШУҮИС-ийн Хүүхдийн их эмч мэргэжлээр суралцдаг 3-р курсийн оюутан Н.Цэлмэгнаран:

- ...“Би ээж аавынхаа болон өөрийн цагийн ажил хийж олсон цалин, хөлсөөр төлбөрөө төлдөг. Ирэх семестрт төлбөрийн чадамж муу байна. Оюутны хөгжлийн зээлд хамрагдах гэсэн боловч олгох эсэх шийдвэр хараахан гараагүй байгаа тул үлдсэн сарууддаа ажил хийхээр төлөвлөж байна даа”.

ХУИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн 4-р курсийн оюутан Х.Хонгорзул:

- ...“Төлбөрийг аав ээж маань төлдөг. Мэдээж өөрөө ч бас ажил хийж төлбөртөө нэмэрлэдэг. 4-р курсийн эхний семестрт бие давхар байсан учраас огт тусалж чадаагүй. Ирэх семестрт яах учраа олоогүй л сууж байна. Нялх хүүхэдтэй, хөл хорио гээд гэр бүлээрээ ажилгүй болсон. Хувиараа жижиг бизнес хийж байгаа ч боломж хангалтгүй байна”.

Зарим их дээд сургуулиудын хичээл сонголт эхэлсэн ч төлбөр хөнгөлөх талаар аль ч сургууль шийдвэр гаргаагүй хэвээр. Харин бусад улс орнууд сургалтын төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулах шийдвэр гаргаж, оюутнуудад төлбөрийн дарамт үүсгэхгүйгээр ачаанаас нь бага ч болтугай хөнгөлсөн шийдвэрүүд гаргажээ.

Тухайлбал, АНУ, БНСУ, Япон зэрэг улс орнууд оюутнууддаа буцалтгүй тусламж үзүүлэх, төлбөр хөнгөлөх, элсэлтийн хураамжаа бууруулах, төлбөр царцаах зэрэг арга хэмжээ авч эхлээд буй юм. АНУ-ын зарим коллеж болон их сургуулиуд цар тахалтай холбоотойгоор сургалтын төлбөрөө 10-30 хувиар бууруулсан. Түүнчлэн сургуулиудын зүгээс оюутнуудын сургалтын төлбөрийг царцаах, зарим нэмэлт төлбөрөөс чөлөөлөх арга хэмжээг авч буй аж.

Ашигласан материал: Монголын оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөний 2021 оны судалгаа

#Мэдээ #Боловсрол #Сургалтын төлбөр #Их сургууль