Хохь нь болсон ХОХИРОГЧ


Бид хийх гэж буй бүхнээ мэддэг ч хийсэн хойноо харамсдаг. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэж явсаар ямархан зүйлийг алдаж буйгаа үл анзаарах нь бий. Алдаа оноо хоёр эн тэнцүү оршдог гэж тайвширдаг ч хазгай гишгэж нэг нь илүүдвэл зүрхэндээ зүхэл тээж ч магадгүй. Буруу сонголт хийсэн ч бүтэхгүйг нь ойлгох ухаан. Алдсан ч ахиад эхэлье гэх сэтгэлийн хүч. Нэгэнт бурууг хийсэн болохоор ниргэсэн хойно нь халаглалгүй урагшлах тэвчээр. 

Тийм л зүхлийг зүрхэндээ тээж, бурууг ойлгож ухаарсан, бүхнийг эхлэхээр хичээж буй нэгэн бүсгүйн тухай энд өгүүлье.

2018 он. 19 настай охин. Ааваасаа холдоод удсан ч, амьдралынхаа арга эвийг олчихсон ч тарчигхан амьдралаа таалж чадалгүй илүүг хүсэмжилж эхэлсэн үе. Хийе гэвч ажил хомс, хийсэн ажлын хөлс шүлс. Ингээд хараа булаам царай, харц татам биеэ харин ч нэг ашиглаж болох юм гэж боджээ. Хэн ч намайг тийм зүйл хийснийг хэзээ ч олж мэдэхгүй гэж эндүүрчээ. 

Тэр үед надад ажил хэрэгтэй байсан юм.

“Гэрийнхэн минь хөдөө, холдоод удчихсан байсан үе. Хотод орж ирээд даруй 2 жил болсон, хоёрдугаар курсийн оюутан охин. Мөнгөний хэрэгцээ их гарна. Хичээл ороод удалгүй нэгэн ресторанд зөөгч хийж эхэллээ. Одоо л мөнгөтэй болно, ааваас байн байн залгаж мөнгө асууж зовоох шаардлагагүй боллоо” гэж баярлаж байсан ч миний санаснаар амар болсонгүй. Ажил 12 цагт тарна, оюутны байр 10 цагт үүдээ барина. Байрны жижүүр гэж насаар ахимаг, намхан нуруутай эгч байдаг юм. Яг л 10 цагт хаалга барьдаг, яхир муухай ааштай болохоор байрны охид, хөвгүүд бүгд түүнээс зүрхшээнэ. Ингээд ажилд орсон эхний өдрөө л гадаа хонох шахав. Хараал тавьсаар хаалгаа онгойлгож өгсөн жижүүр эгчид үнэн учраа хэлээд гуйсан боловч итгэсэнгүй. “Архи ууж, шоудаж, шоудаж ирчихээд хүн унтуулахгүй юм, хэн чамайг ажил хийснийг чинь нотлох юм” гээд халгаагаагүй ч арай ядан өрөө рүүгээ орсон. Тэгээд л тэр өдрөөс хойш амар заяа үзэхээ больлоо. Байрандаа байх уу, ажлаасаа гарах уу хоёрын аль нэгийг нь сонгох шаардлага тулгарав. Мэдээж байрнаас гарчихвал очих газар байхгүй учраас долоо ч хүрэхгүй хоноод ажлаасаа гарсан юм даа. Ингээд өөр хэдэн газар өдрийн цагаар ажиллах боломж юу байна хайгаад л байсан, хайгаад л байсан. Ангийн охидуудын чамин утсанд нүд унаж, ганган хувцсанд сэтгэл татагдахын хэрээр юу ч хамаагүй хийе гэж юм юм л бодож эхэлсэн. Тэр үед надад ажил хэрэгтэй байсан юм.

Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан юм.

Тэгж яваад ажлын зар оруулдаг фэйсбүүк группт “19 настай охин ажил хайж байна” гэсэн постны минь мөрөөр нэг хүн чат бичлээ. “Ямар хөөрхөн охин бэ? Уулзаж байх уу”,“Ах нь туслаж дэмжиж байя” гэсэн байв. Би гэж хүн хөдөөнөөс хотод орж ирэх хүртлээ дотно үерхсэн найз залуугаасаа салаад тав зургаахан сар болсон байсан юм. Тэр хүний “уулзах, туслах” зэрэг үгсийн утгыг уншаад л ойлгосон. Гэхдээ хамгийн сонин нь тэр үед “Энэ хүнтэй уулзаад үздэг ч юм билүү” гэсэн бодол санаанд багтсан. Ингээд нэг мэдэхэд л ярьж тохироод уулзахаар боллоо. Угаас гангалах дуртайг хэлэх үү хамгийн чамин хувцсаа өмсөөд байрныхаа урдхан дуудчихсан. Саарал өнгийн prius 30. Дотор нь 30 нилээн гарсан юм уу гэмээр махлагдуу бор залуу сууж байлаа. Жийрхэж айсандаа хар хөлс минь чийхарч байв. Тэр миний турьхан бие, хөөрхөн царайнд татагдаж гэнэ. “Найман зуун мянга өгье, нэг шөнө хамт байгаач” гэлээ. Би түүнд өнөөдөр түүнийг зөвхөн харах гэж ирсэн тухайгаа, өөр илүү бодол танд байвал надад тийм хүсэл байхгүйг хэлж учирлав. Нуулгүй хэлэхэд би дотроо сэтгэлд минь багтаж, болвол хүссэн зүйлийг нь өгөөд хяссан бодлоо хаяж гайгүй хэдэн цаастай болчихно гэж бодож байсан л даа. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан юм.”

Алдаа оноо дэнслэх хорвоод зөв явбал бүх юм болно доо гэж ааваасаа сурсан ч амьдралын хатуу хөтүү нугачаанд дарагдаад заасан сургасан нь тоос болон замхрав... 

“Гэвч тэр үед миний зориг хүрээгүй. Хүний ёсноос гажиж байгаагаа ухаарч тэр хүнтэй уулзсан минь л жигшүүртэй санагдаж яг байсан газарт нь юу ч авалгүй орхиж одсон.

Гэтэл юу гээч? Түүний дараа миний шунах бүр ч ихэссэн. Тэр явдлаас хойш хоёр сар өдөр шөнөгүй нэг талаас “Хоногийн хоолгүй байсан ч хүүрээ зарж идэхгүй гэж шивнэж байсан ч нөгөө талаас “Хөөрхөн царай, сайхан бие байсаар байтал... би л мэдэхэд болно, өөр хэн ч мэдэхгүй” гэж хашхирч байлаа. Уулзах хүнээ олчихвол учир дээрээ надад мөнгөөр бороо орох юм шиг л санагдаж байсан юм.

Тэр үед надад айдас минь илүү хэрэгтэй байж

Ингээд тэр шийджээ. Юуг вэ гэж үү? “Дажгүй ахын эрэлд гарахаар”... 

Түүний хүссэн мөнгийг өгөх, бие хаа царай зүс нь боломжийн, итгэл даахуйц бас дээрээс нь сэтгэлд нь багтаж чадахаар нэгнийг “Дажгүй ах” гэж нэрлэх аж. 

“Хоёр гуравхан групп-т ороод л хачин хурдан уулзах хүнээ олчихсон. Санхүү авна өгнө гэсэн групп нэлээн хэд бий л дээ. Уулзах зар тавьсан даруйд л арав арван найзын хүсэлт ирж, “Санхүү өгье” гэсэн зуу зуун чат авав. Тэр болгонтой нь л харилцаж байлаа. 

“Хэдээр уулзах вэ?, Хоёр зуун мянга байвал болох уу?, Бие хааг нь харья” гэх мэт зураг хөрөггүй олон хаягаас ирсэн зурвасуудаар дүүрлээ. Би ч “Надад найман зуун мянгыг өгвөл хоёр цаг хамт байя” гэж хэлж үзлээ. Гэхдээ тэд миний энэ саналыг хөхрөн шоолж байсан юм.

Хэд хоног өнгөрлөө. Хүссэн хүн минь олдохгүйн учир шантарахын даваан дээр үл таних нэгэн “Хоёр саяыг бэлэн өгнө. Япон хүнтэй хамт байгаач” гэж бичсэн. Би ч хоёр сая, хоёр сая гэж баярласаар зөвшөөрлөө. Гэхдээ л учир дээрээ уулзана гэхээр зүрх үхэн айж хулгаж, эргэж буцсаар шийдэж үл чадан байсан. Гэсэн ч харалган нүдэнд минь гайхал “хоёр сая” харагдаж дуудсан газарт нь давхиад очсон юм. Очих очихдоо эгээ л хамгийн ганган дээрээ тавиад, хайрлаад өмсөж чаддаггүй ганц бариу цагаан цамцаа өмссөн. Тэр үед надад айдас минь илүү хэрэгтэй байж.”

Тэр үед надад орхиж явах зориг хэрэгтэй байсан юм.”

Хийсэн бүгдээ, хийх гэж буй бүхнээ хянах бүрэн ухаан түүнд байсан ч “Ганцхан шөнийг л давчихвал” гэсэн гайтай бодолд автжээ. Амтлаж үзээгүй болохоор, амсаад л өнгөрсөн учраас амттай юм шиг санагдах мэдрэмж бидэнд бий.

Өндөр махлаг биетэй, өрөвгөр сахал үстэй дундаж насны эр хаалга тайлж өгчээ. Түүнийг ороход хоосон байр, харанхуй өрөө байх ба хачин муухай түүхий мах ханхийж байв. Хууртаж байгаагаа ч мэдэхгүй гэнэн охин хоёр саяа л авчихвал хурдан эндээс зайлах юм сан гэж боджээ. Гэвч тэр хүртэл хол байлаа...

Айдгаа авдартаа хийсэн аавын шар охин гайхал залууд гайгүйхэн таалагдчихвал хоёр саяа атгаад эндээс гарч одно гэж итгээд хэлсэн бүхнийг нь хийв. Харин хоёр пивондоо согтсон тэр эр сэтгэлийн шаналалаа, биеийнхээ зугаагаа охиноор тайлахаар шийдсэн байж. Ганцаардаж цөхсөн залууг өрөвдөлтэй нүдээр түүнрүү харахад ухаан суугаагүй охины сэтгэл ч уяран хайлсан гэнэ. Гэсэн ч дараа нь өрөвдөх сэтгэл рүү нь өшиглөснийг ойлгоод уярах хайрлах сэтгэл нь хорсол, зүхлээр солигджээ.

“Тэр хүн Япон байгаагүй. Надтай уулзаад хэсэгхэн хугацааны дараа монголоор ярьж эхэлсэн. Хоолойных нь өнгөнөөс харин надтай өдийг хүртэл утсаар ярьсан залуу болохыг нь мэдсэн. Гэсэн ч би түүнээс явж чадаагүй. Нэгэнт зориг гаргаад ирсэн болохоор зорилгоо гүйцээгээд явна гэж шийдсэн.

Шөнийн хоёр цаг. Хүйтэн шалан дээр дэвссэн ганц нимгэн гудсан дээр хэвтэж байлаа. Дураараа дургиж авсан өнөөх залуу хэдэн пивондоо донхойчихсон. Харин би “Ганцхан шөнө, ганцхан шөнө” гэж өөртөө шивнэсээр, өнөөх хоосон байрны хүйтэн шалан дээр эвхэрч хэвтсээр... Хориод жил амьдрахад минь урсан өнгөрсөн хамгийн урт шөнө байсан байх. Тэр үед надад орхиж явах зориг хэрэгтэй байсан юм.”

Тэр үед надад бүхнийг эргэцүүлэх ухаан хэрэгтэй байсан юм.

“Үүр цайлаа. Дөрвөн цаг болтол хальт дуг хийжээ. Хажууд унтаж байгаа тэр хүн ханаж цаддаггүй мангас шиг л санагдаж байсан. Бие минь өвдөж, сэтгэл минь эмтэрч байлаа. Түгшүүр улам нэмэгдэж, түргэн тэндээс явахыг хүсэв.
Өнөөх хүнээ сэрээж явах тухайгаа хэлээд хүсэж мөрөөссөн хоёр саяа асуутал “Маргааш чам руу хийчихнэ ээ, дансаа үлдээгээрэй” гэж дотор палхийлгэв. Цөхөрлөө барсан би хэдэн удаа гоншигонож, хашхиртал хэвтэж байсан хүн гэнэт босож нүүрэн дундуур алгадаад авсан. Хацар минь халуу дүүгэж, гайхаж, балмагдаад гутлаа ч өмсөлгүй гүйн гарсан. Тэр эрчээрээ ирсэн замаараа, эргэж харалгүй гүйсэн. “Би ямар тэнэг юм бэ, би юу хийчихэв ээ” гэж өөрийгөө зүхэхэд хорссон хацран дээр минь халуун нулимс урсаж байлаа. Гэхдээ тэнд удвал өшөө яах ч байсан юм билээ... Тэр үед надад бүхнийг эргэцүүлэх ухаан хэрэгтэй байсан юм.” 

Үүнийг унших ихэнх нь “Хохь нь” гэх байх. Тийм ээ. Хохь нь. Гэхдээ тэр хохь нь болсон хохирогч.

“Тэр өдрөөс хойш надад өдөр бүхэн там шиг, хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Тэр шөнийг бодох төдийд л нулимс цийлэгнэж, хэн нэгэн мэдэх вий гэж айж, сэтгэл дотроо үхэж байлаа. Гэхдээ мунхаглаж бодсон миний буруу учраас хэнд ч хариуцлага үүрүүлье гэж санаагүй.

Хүний итгэлээр наймаалцаж болдоггүйг бие мах бодиороо, сэтгэл зүрхээрээ ойлгож авсан. Гэхдээ тэрнээс чухал нь мөнгө олддог ч мөрөөдөл минь, үнэ цэн, итгэл үнэмшил минь дахиж олддоггүйг мэдсэн. Бас мэдэрсэн.” гэж хэлээд хоолой нь зангирч бидний яриа өндөрлөсөн юм.  

Нүд улаан мөнгөн цагаан. Дээрх бүсгүйн нэгэн адил “хавханд орсон хулгана” шиг бэлгийн мөлжлөгийн золиос болж буй охид бүсгүйчүүд цөөнгүй. Гэхдээ энэ бүхэн зөвхөн нэг нь хохирч үлдээд, нэг нь гэмээ нуугаад дуусахгүй. Бэлгийн мөлжлөг, луйвар, хүн худалдаалах, эрхтний наймаа гээд нийгмийн “хаацайлагдсан” гэмт хэргүүд бүгд гинжин хэлхээ шиг хамааралтай. Тухайлбал Монгол Улсад  2017-2022 оны сүүлийн 5 сарын байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 116 холбогдогчтой, 237 хохирогчтой, 64 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Тиймээс ухаан саруул төрсөн ч улаан нүдээр мөнгийг харвал гарч болох үр дагаврыг, гай зовлонг мэдүүлэхээр энд бичлээ. Хийсэн бүхнийг нь өмөөрөх гэсэнгүй, хүний амьдралыг заах гэсэнгүй. Мөнгөтэй л болчихвол бусад нь аяандаа... гэж бодох охид бүсгүйчүүддээ нэгийг бодуулахаар энэхүү нийтлэлийг бэлдлээ.  

2022.08.20

-Мөрөөдлийн шүхэр аянд зориулан бичив-

#Сэтгэл зүй