Өдгөө дэлхий дахинд байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр хүний нөөцийн эрэлт нэмэгдсээр байна. Уур амьсгалын өөрчлөлт эрчээ авч, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль хамгааллын бодлогоос цаашлан иргэдийн ухамсар, үнэт зүйлийг шинээр төлөвшүүлэх хүмүүжлийн өргөн цар хүрээтэй хөтөлбөр болж байна. Мод тарих үйлс нь зөвхөн хөрс ухаж, суулгац суулгах техникийн ажиллагаа биш, харин ирээдүйг төлөвшүүлэх, хойч үедээ амьд өв үлдээх хариуцлагатай алхам юм.
Энэ зорилго, үнэт зүйлийг бодит ажил болгон хэрэгжүүлж буй тод жишээ бол “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр. 2030 он хүртэл 100 сая мод тарих зорилттой уг санаачилга нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй, ойн нөхөн сэргээлт, судалгаа шинжилгээ, дэд бүтэц, хамгийн чухал нь — байгальд ээлтэй, мэдлэгтэй, хариуцлагатай хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа юм.
Энэ хүрээнд тус компани 2024 оны байдлаар 20.5 сая модыг тарьж ургуулсан бөгөөд үүнээс 19.1 сая модтой дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг ойн салбарт оруулж, 1.3 сая мод бодитоор тарьж ургуулжээ. Түүнчлэн эвдэрч орхигдсон 615.9 га талбайг нөхөн сэргээж, жилд 250,000 – 500,000 суулгац үйлдвэрлэх хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрууд байгуулж, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж хандивласан нь тэдний хувь нэмрийг үг биш, үйлдлээр илэрхийлж байна.
Гэвч энэ бүгдээс ч үнэ цэнтэй нь — хүн юм. Хүн л мод тарьж, хүн л хамгаалж, хүн л өвлүүлж үлдээх учир “Оюу толгой” компани ойн инженер мэргэжлээр суралцах залуусыг дэмжиж, амьдралынх нь дараагийн шатны гүүрийг барьж өгч байна. Үүнд зөвхөн сургалтын зардлаар хязгаарлагдахгүй — амьжиргаа, дотуур байр, хувь хүний хөгжил, дадлагын боломж гээд цогц дэмжлэгийг багтаажээ.
Энэ зорилгын хүрээнд 2025 оны 5-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 60 сурагч “Ойн инженер мэргэжлийг сурталчлах аялал”-д оролцлоо. Сурагчид мод үржүүлгийн газруудтай танилцаж, үр бэлтгэхээс эхлээд тарьж ургуулах хүртэлх бүх шат дамжлагатай танилцлаа.
Мөн мэргэжилтнүүд ажлын онцлог, шаардлагатай ур чадвар, салбарын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд сурагчид “Мод тарихын ач холбогдлыг анх удаа бодитоор ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Байгаль хамгаалах сэтгэл зүрх хаанаас эхэлдгийг мэдрүүлсэн нэг өдрийн аялал ирээдүйн ойн мэргэжилтнүүдийн замыг чиглүүлж, байгаль орчны салбарт ажиллах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх анхны алхам болсон гэдэгт итгэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!