ӨГҮҮЛЛЭГ: Автобусан дахь 10 минутын хайр


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-02-14

Хотын төвийн гудамжаар хайрт хосын цангинасан инээд, хайр гэрэлтсэн харц өнгө нэмнэ. Хаашаа л харна энд тэндгүй зүрхэн шоколад, баглаа цэцэг барьсан аз жаргалтай хосууд.

Энэ их аз жаргал дундаас баруун гартаа цүнхээ чанга атган санжигануулж, бас болоогүй нэлээд олон бичиг цаас сугавчлан, зүүн гартаа утсаа барин хөмсгөө зангидаж хурдан хурдан алхах 26, 27 орчим насны болов уу гэмээр бүсгүй бусдаас илт ялгаран хаашаа ч юм бэ яарах нь содон. Түүнийг Уянга гэдэг. Уянга ажилтай бол ажилтай, эр нөхөр, гэр оронтой бусдын жишгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй өдөр хоногийг элээж яваа нэгэн. Уянгын утас дуугарлаа.

-  Байна уу? Хань минь, хаана явна вэ? smiley
-  Байж л байна шүү дээ. Яав юу болов?
-  Ямар ааш нь хөдөлчхөө вэ? Зүгээр л ирж байна уу? гэсэн юм. Би одоо ажлаасаа гарлаа.
-  Тэгээд гар л даа. Би гэрээ олоод оччихно. Гар даараад байна тасаллаа
angry гэсээр тэдний яриа өндөрлөв. Уянга автобусны буудал дээр нэлээд удаан автобус хүлээсний эцэст түрүүлж ирсэн нэгэнд нь суугаад өнөөх л болж бүтэхгүй бодолдоо автана.

“Энэ Бөхөө ер нь юу боддог хүн бэ? Удахгүй 30 хүрэх гэж байдаг. Тэгтэл хөл дүүжлэх унаа ч үгүй, ирээд авчих дугуй ч үгүй байж байнга хаана явна гэж асуухыг нь яана. Гар хөлдөх нь. Ямар хүйтэн юм бэ? Ядаж байхад энэ их ажилд дарагдаад толгой ч өндийж чадахгүй нь ээ. Миний амьдралд авъя гээд ч авах юм үнэндээ алга” хэмээн амьдралдаа гутран бүх зүйлд өрөөлийг буруутгаж суутал овоо л дулаацаж орчин тойрноо ажиглахтайгаа болов.

Урд талын сандал дээр суух хоёр өсвөр насны охин хөвгүүн анхаарал татлаа. Охин нь хөвгүүнийхээ мөрийг дэрлэн инээмсэглэн суух ба гарт нь байх ганц ширхэг улаан сарнайгаа хөлдчих вий гэсэндээ энгэртээ нандигнан тэвэрсэн байв.
- Хайр аа, хоёулаа сургуулиа төгсөөд ажилд орж гэр бүл болсон ч яг л одоогийнх шигээ нэгнээ хайрладаг, халамжилдаг, гэнэтийн бэлэг барьдаг хэвээрээ байна шүү.
-  Мэдээж тэгнэ. Чамдаа хайртай шүү
хэмээн хөвгүүн түүний зулайг нь үнэрлэнэ. angel

Уянгын нүдэнд Бөхөө Уянга хоёрын өсвөр нас харагдах шиг л болов. Бид ч мөн амьдралын хүнд хэцүүг мэдрээгүй байхдаа энэ хоёр шиг ингэж ярьж, биесээ ингэж хайрладаг байж билээ. "Амьдрал санасныг бодвол хэцүү дээ хэцүү, дүү нар минь" хэмээн бодсон ч үл ялиг инээмсэглэн байлаа. Өнөөх хос гэнэт боссонд гайхан ажвал хот тохижилтын ажилтан бололтой нэгэн өвөө алдарт “шар хантааз”-тайгаа орж ирснийг харсан хүүхдүүд суудал тавьж өгсөн нь тэр байв. Өвөө сандал дээр суунгуутаа утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү ярьж байгаа бололтой нүдээ онийлгон утасны товчлуурыг дэс дараалалтайгаар ээлжилж дарах нь нэг бодлын өхөөрдмөөр ч юм шиг харагдана.
- Байна уу? Хөгшин чинь очиж байна. Миний шар охин ирсэн үү?...  За за тэгээд битгий хүүхэд загнаад байгаарай. Залуу хүн найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөлгүй л яах вэ. Өвгөн нь цай цүүний юм аваад очиж явна. За хайртай шүү гэж хэлэн мушийсхийгээд тасаллаа. blush

Настай өвгөний “ХАЙРТАЙ ШҮҮ” гэхийг сонссон ойр хавийн залуус дор бүрнээ жуумалзан, зарим нь бие биеэ нудран байв. Харин Уянгаа анх удаа өөрөөсөө ичихийн дээдээр ичлээ. Саяхан л амьдрал мэдэхгүй жаахан хүүхдүүд гэж сургамжлан бодож байсан тэр одоо өөрөө амьдралын зах зухаас ч мэдрээгүй нялзрай амьтан шиг санагдав. sad

Гэр бүлээ, гэрийг нь гийгүүлсэн гэргийгээ халамжилж, амьдралдаа огтхон ч гутарсан шинжгүй, “хайртай шүү” гэж хэлэхээс ичиж зоволгүйгээр хайрлаж байгаа 70 гарсан энэ өвөөг, юм л бол ундуйцан уурлаж байдаг өөртэйгөө жишихэд даанч өрөвдмөөр. Автобус 13-р хорооллын буудалд ирлээ. Арван минутын өмнөх тэр их уур уцаар бухимдлаа автобусны сандал дээр хувцас тайлах шиг орхиод инээд тодруулсаар буув. Уянга “Түүнийгээ хэрхэн баярлуулах вэ?” гэж хэсэг эргэлзэн бодлогоширсоор том том алхаллаа. laugh

Замын цаадах дэлгүүрээс зүрхэн хэлбэртэй шоколад, ил захидал хийх дугтуй барьсаар гарч ирэхдээ Уянгаа буцаад өсвөр насны гэгэлзэн догдолсон охин болжээ. Зөрөн өнгөрөх хүн бүр зөвхөн түүнийг л харан баяр хүргэж мишээх шиг...

Автобусан дахь арван минутын хайр минь хаана яваа болдоо гэсэн зураг цахим ертөнцөөр явахыг харж байсан бол Уянгаа өнөөдөр үүнийг биеэрээ мэдэрчээ. Гартаа барьсан шоколадаа байн байн харан инээмсэглэж “Хурдан гэртээ харья. Бөхөө хаана яваа бол? Магадгүй тэр минь ч бас автобусан дахь арван минутын хайрыг мэдрээд ирж л яваа байх даа” гэсэн хөгжилтэй бодлоор өөрийгөө баясгах зуураа халааснаасаа утсаа гаргалаа.

-Байна уу. Чи минь хаана явна вэ. Хань нь гэртээ бараг л ирчихлээ, сайхан хоол хийгээд байж байя... гэх түүний яриа байрнуудын дундаар шингэрэн бүдгэрч, дүр нь уусан алга боллоо.

Халаасанд чинь дүүрэн мөнгө биш зүрхэнд тань дүүрэн хайр цохилох тэр үед л та хамгийн жаргалтай нэгэн болдог юм шүү. heart

#LOVEStory #LOVE #Teenagers