Захидал: Найз маань надад үхэх тухай ярьж гомдоллодог. Би яаж туслах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2023-02-02

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ : Найз маань үргэлж үхэх талаар ярьж ганцаардаад байна гээд надад үргэлж гомдоллодог. Намайг ихэвчлэн сонсдоггүй. Би түүнд тусламаар байна. Яаж туслах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Шүүмж, дүгнэлт өгөхгүйгээр ярилцах нь чухал юм шүү

Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан захидалд илгээсэнд баярлалаа. Юуны өмнө найздаа санаа тавьж захидал илгээж байгаа чинь сайн байна. Хүмүүс ихэвчлэн өөрийг нь бусад хүмүүс сонсохгүй, ойлгохгүй байгаа юм шиг санагдах үед ганцаардлыг мэдэрдэг. Тиймээс энэ үед шууд зөвлөмж зөвлөгөө өгөхөөс илүүтэй аль болох найзынхаа дэргэд байж, нээлттэй асуулт асууж, ярьж байгаа зүйлд нь шүүмж, дүгнэлт өгөхгүйгээр ярилцах нь чухал юм шүү. Мөн сэтгэлээр унах, ганцаардах зэрэг мэдрэмжүүд нь хүн бүрт тохиолддог ба энэ нь хэвийн зүйл боловч удаан хугацаанд үргэлжилж байвал зайлшгүй анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс найз нь удаан хугацаанд энэ асуудалтай нүүр тулж байгаа бол сэтгэл судлаачтай уулзаж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахыг санал болгохыг хичээгээрэй.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач: Д. Намуун

АСУУДАЛ: Би харилцаагаа бас өөрийгөө яаж авч үлдэх вэ? 

Сайн байна уу. Би одоо 19 нас хүрч байна. Найз залуутайгаа хамтдаа 1 жилийг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд би олон зүйлийг сурч, аз жаргалтай мөчүүд олон ч сэтгэл өвддөг үе зөндөө тохиолдсон. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч найз залуугаа ойлгодоггүй муу найз охин гэж бодож байгаагүй. Гэвч саяхан болсон маргаанаар найз залуу минь намайг өөрийг нь ойлгодоггүй, өөрийгөө боол шиг байдаг гэж хэлсэн. Эдгээр үгс намайг голд минь ортол гомдоолоо. Гэхдээ яг үнэн зүйл ярьж байгааг нь мэдэж байна. Тэр хэлэхдээ чи намайг ингэж их өвтгөж байсан удаа 3,4 бий гэж хэлсэн. Тиймээ, би үнэхээр муу муухай үгсийг хэлдэг бас гомдоодог байсан. Түүндээ их гэмшдэг. Гэхдээ энэ бүхнийг мартаж уучилсан гэж бодож явтал үгүй юм шиг мэдрэмж өглөө. Гэхдээ өөрөө уучилсан гэдэг ч хэрэв тийм бол надад тэр зүйлийг сануулан намайг хэлэх үггүй болтол зовоох гэж үү? Би уучилсан гэдэг үгэнд нь итгэж чадахаа байлаа. Бас уучлаарай гэх болгонд нь боол шиг гэдэг үг нь санагдаад сэтгэл их өвдөх юм. Би сэтгэлдээ байгаа энэ их гомдол гэмшлээ ярилцаж чадахгүй байна. Учир нь тэр "Чамд хэлэх хэрэггүй байж, чамайг өөрийгөө буруутгаад гуниглахад би ч бас зовдог" гэсэг. Тэгэхээр би яг яах ёстой вэ? Ярилцах гэхээр дахиад л уйлж өөрийг нь буруутай юм шиг мэдрэмж төрүүлээд дахиад хэзээ ч өөрийнхөө сэтгэгдэл мэдрэмжийг илэрхийлэхгүй болгочихвол яах вэ? 

Миний бодол хэр зөв бол? Би өөрийгөө бага багаар алдаж, дотогшоо бүх зүйлээ нуугаад байна. Хүйтэн хөндий дотогшоо хүн болчихвол гэдэг айдас бас найз залуудаа ядаргаа болчихвол яана, тээр дараа болдог хүн болчихвол гэсэн айдас намайг бүслээд байна. Мэдээж хоёр хүн хоёулаа буруутай ярилцах хэрэгтэй гэдгээ мэдэх хэдий ч үнэхээр чадахгүй байна. Би харилцаагаа бас өөрийгөө яаж авч үлдэх вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ ярилцаарай

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад, найз залуугаа ойлгохгүй байх нь чамайг муу найз охин болгож байна гэж бодож байгаа юм байна, зөв үү? Тэгвэл найз залуугийнх нь хувьд чиний ямар үйлдэл өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг мэдрэмж өгдөг вэ? Энэ талаар асууж үзээгүй бол асууж ярилцахыг хичээгээрэй. Хүн бүр төгс биш гэдэгтэй адилаар харилцаа бүр үргэлж төгс байдаггүй. Хүн бүр үргэлж бие биеэ ойлгож чаддаггүй, заримдаа үл ойлголцож санамсаргүй байдлаар бие биеэ гомдоох үе гардаг. Энэ нь хэвийн зүйл боловч үүний дараа заавал ярилцаж, ойлголцох байх нь чухал юм шүү. Ярилцахаасаа өмнө хосууд бие биеийхээ яриаг таслахгүй, буруутгахгүй, шүүмжлэхгүй, зөвхөн өөрийн мэдрэмжээ илэрхийлнэ гэсэн зарчмаар дүрэм тогтоох нь үр дүнтэй байдаг. “Чи ингэсэн болохоор ийм зүйл боллоо, чи намайг ойлгодоггүй гэдэг” үгсийг ашиглахын оронд “Энэ зүйлийг хийх үед чинь би гомдсон, учир нь энэ нь надад ийм мэдрэмж төрүүлсэн” гэх мэтээр өөрт төрсөн мэдрэмжээ түлхүү илэрхийлээрэй. Мөн ийнхүү ярилцаж дууссаны дараа энэ асуудлаар бие биеэ дахин буруутгахгүй байх нь чухал юм шүү. Хэрэв ярилцахаас санаа зовж байвал эхний ээлжид захидал бичиж өгөх боломжтой. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач: Д. Намуун

АСУУДАЛ: Дүү бас ангийн хүүхдүүдтэйгээ яаж учраа олох вэ?

Сайн байна уу? Захидал очих энэ өдрийн мэнд хүргэе. Надад яг одоо хоёр асуудал тулгараад яг хэрхэн шийдхээ мэдэхгүй байна.  

Эхнийнх нь манай том дүү бид хоёр дандаа мууддаг. Үргэлж нэгнийгээ цохиж зодож үг хэлээр доромжлоно. Жишээ нь: Би хийх гэхээр манай дүү хажууд зогсоод байдаг. Тэр 9 настай л даа. Яагаад тэгдэг гэдгийг мэдэхгүй. Зогсоод л байна, ширээн дээрх нэг зүйлийг аваад арилдаг фломастераар зурах гэтэл булааж аваад үгэлж эхэлдэг. Бас тэр маш чанга амьсгалдаг болохоор хичээл хийхэд хүндрэлтэй. Тэгээд "яасан, явахгүй юм уу" ч гэж хэлж үзнэ. Хариугүй. Тэгээд би холдуулах гээд түлхтэл уурлаад намайг цохичихдог. Тэгээд л бүх зүйл эхэлнэ. Би яг яах ёстойгоо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай дүү уйлаад явчихсан. Би чихэвчээ зүүж, хөгжмөө чангалаад, математикаа хийгээд сууж байдаг.  

Хоёр дахь нь манай ангийн түшиг тулгуур болсон, яг л дөрвөн хана шиг хөвгүүд хоёр хоёроороо муудчихсан. Нэг нь манай ангийн дарга л даа. Тэгээд нэгнийгээ дарганцар гээд дуудаад явж байдаг болчихсон. Яагаад ч юм энэ хэрүүл надаас болсон юм шиг. Тэгээд асуухаар эхний хоёр нь “Чамд хамаагүй, чи муухай тэр хоёрын талд ороод байсан биз дээ” гэнэ. Үнэндээ манай газар зүйн хичээл дээр баг болж хуваагдаад хичээл заадаг юм. Тэгээд  хоёр нь хичээл заагаад, нөгөө хоёр нь зориут яриад байхаар нь “ЧИМЭЭГҮЙ БАЙГААЧ ЭЭ” гээд хашгирчихсан юм л даа. Тэгээд бас би санаандгүй вакцин тариулсан газрыг нь шүргэчихсэн байсан. Харин нөгөө хоёроос нь асуухаар “Бид 2 яагаачгүй, чи тэр хоёртойгоо л ярь гэнэ. Өмнө нь надтай зүв зүгээр харьцдаг байсан 4 хүүхэдхуваагдаад нэг нь ч намайг үзэхгүй байх юм.  

ЗӨВЛӨГӨӨ: Тэдэнтэй ойлголцох алхамыг хийгээрэй

Сайн байна уу, бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өөрт тулгараад буй асуудлаа илэрхийлж, шийдвэрлэх арга зам хайж байгаа чинь сайн байна. Эхний асуудлын хувьд дүүтэйгээ ярилцаад үзвэл ямар вэ? Заримдаа бид нэгнийгээ юу хүсэж, мэдэрч байгааг бүрэн ойлгоогүйгээс адармаатай нөхцөлд байдал бий болчих гээд байдаг. Тийм учраас яагаад эдгээр үйлдлүүдийг хийж байгаа шалтгааныг нь лавлаад эдгээр үйлдлүүдийг хийх үед ямар санагддаг талаараа аль болох тайван, буруутгахгүйгээр ярилцаад үзэх нь бие биеэ ойлгоход туслах боломжтой. Иймд, “Миний дүү яагаад юм хийх гэхээр хажууд зогсдог юм бэ?” “Чамайг ийм үйлдэл хийхээр надад ойлгомжгүй, хэцүү санагддаг” зэрэг асуултыг тавьж мэдрэмжээ илэрхийлэх нь эдгээр зүйлс нь чамд таагүй санагддаг гэдгийг дүү нь мэдэхэд туслах боломжтой.

Хоёр дахь асуудлын хувьд, найзууд нь өөрөөс чинь болоод муудсан байх вий гээд санаа зовж байна гэж ойлголоо, зөв үү? Хүмүүсийн харилцаа байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Бид жижигхэн үл ойлголцол, саад бэрхшээлээс болоод илүү ойр дотно байхад хүндрэлтэй үеүд ч тохиодог. Магадгүй найзуудад нь тийм үе тохиолдсон байж болох юм. Гомдсон, уурласан мэдрэмжээ шоглох, хичээлийг нь үймүүлэх байдлаар илэрхийлсэн ч байж болох юм. Харин хичээл үймүүлээд байсан учраас шаардлага тавьсандаа битгий өөрийгөө буруутгаарай. Найзууддаа “хичээл дээр чанга яриад байсан учраас би хэлсэн юм шүү”, “Уучлаарай, санаандгүй вакцин хийсэн газарт нь хүрсэн юм шүү”, “Та хэд намайг тоохгүй байгаад би гомдож байгаа шүү” зэргээр өөрийгөө илэрхийлээрэй. Ийнхүү хэлсэн ч үр дүнгүй байх вий гэдгээс битгий санаа зовоорой, учир нь чи өөрийнхөө зүгээс хийж чадах зүйлсээ хийсэн шүү. Мөн найзуудынхаа сонголтыг хүндэтгээрэй.  Амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач: У. Цэцэнсанаа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй