TOEFL: Унших хэсгийг АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭХ аргууд


Юука | YOLO.MN
2020-01-28

TOEFL бол дэлхийн өнцөг булан бүрд хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний түвшин тогтоох шалгалтын нэг юм. Та англи хэлээр ярьдаг орнуудад суралцахаар төлөвлөж байгаа бол IELTS эсвэл энэхүү шалгалтын аль нэгийг зайлшгүй өгөх болно. Тийм учраас Yolo.mn сайтын зүгээс уншигчдадаа зориулан TOEFL-ийн шалгалтад бэлдэх зөвлөгөөг цуврал болгон хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт уг шалгалтын бичгийн хэсгээс өндөр оноо авах 7 аргыг оруулсан бол энэ удаад унших хэсгийг амжилттай гүйцэтгэх аргуудыг хүргэж байна.

1. ШАЛГАЛТЫН ӨМНӨ

Унших хэсгийг гүйцэтгэхээс өмнө та шалгалтын бүтцийг маш сайн судалсан байх хэрэгтэй. Та 60-80 минутад багтаан 3-4 бичвэр уншаад 36-56 асуултад хариулах ёстой. Энэ хэсэгт цагаа зөв төлөвлөж чадвал оноогоо гүйцэд авах боломжтой.

ХУРДАН УНШ

Шалгалтын үеэр танд 56 асуулттай дөрвөн текст ирлээ гэж төсөөлье. Мэдээж 80 минутад хийх ёстой. Дөрвөн текстээ тус бүрийг нь 5 минут уншина гэж төлөвлөхөд асуулт бүрд 1 минут зарцуулахад хангалттай. Гэхдээ та хурдан уншигч мөн үү? Асуултаа уншаад шууд хариулж чадах уу? Аль эсвэл үндсэн бичвэрээсээ хариултаа хайх уу? Үүний хариултыг мэдэхгүй байвал TOEFL-ийн жишиг шалгалт хийгээд үзээрэй.

Шалгалтын энэ хэсэг бол таны унших болон ойлгох чадвараас шууд хамаарах болно.

ЗӨВЛӨМЖ #1

Бэлд бас дахин бэлд! Ялангуяа TOEFL-ийн шалгалтын энэ хэсгийг хэд хэдэн удаа хийж үзэх хэрэгтэй ба өөрийн унших хурд болон ойлгох чадвараа сайжруулах нь хамгийн чухал. Та хурдтай уншихдаа хэр их мэдээлэл тогтоож чаддаг вэ? Энэ асуултад хариулт олоорой.

ҮГИЙН БАЯЛГАА НЭМЭГДҮҮЛ

Унших явцад мэдэхгүй үг хэллэг гараад ирвэл яах вэ? Мэдээж таах гэж л оролдох байх. Гэхдээ таамаглал бүр зөв байдаггүй шүү дээ. Ийм гэнэтийн аюултай нүүр тулахгүйн тулд эхлээд бэлдэх хэрэгтэй. Шалгалтад орохоосоо өмнө хэд хэдэн удаа жишиг шалгалт хийгээд үзээрэй. Ингэхдээ заавал мөнгө төлж, өөрийн биеэр очиж өгөх шаардлагагүй ээ. Төлбөргүй вэбүүдээр зочлоход л хангалттай. Харин жишиг шалгалт хийх явцдаа мэдэхгүй үг хэллэгтэй таарвал заавал тэмдэглэж аваарай. Мөн унших хэсгийн материалууд цахим орчинд элбэг байдаг тул хэвлэж аваад гэртээ бэлдэж ч болно. Ингэхдээ мэдэхгүй үг хэллэгээ тодруулах, жагсааж бичих зэргээр нүдлээд авахад гэмгүй. 

ЗӨВЛӨМЖ #2

Шалгалтын үеэр мэдэхгүй үг хэллэг таарвал сандрах хэрэггүй. Мөн орчуулах гэж яарах ч хэрэггүй. Зүгээр л өгөгдсөн эхээ бүхлээр нь уншаад үз. Уншиж дууссаны дараа утга нь гарч ирэх магадлал өндөр шүү. 

2. ШАЛГАЛТЫН ҮЕЭР

“Шалгалт өгөх арга”-д суралцах гэдэг нь амжилтын нэг хэсэг боловч таны мэдлэгээс ихэнх зүйл хамаарна гэдгийг санаарай.

Асуултад хэрхэн хариулах вэ?

Унших хэсгийн шалгалтыг хийхэд янз бүрийн асуулт ирнэ. Олон сонголттой, өгүүлбэрээр нь хариулах, эсвэл эх бичвэрээ сайтар ойлгож байж хариултыг сонгох гэх мэтчилэн асуулт бүр нь танаас тодорхой хэмжээний, ялгаатай чадвар шаардах болно. Ихэнх тохиолдолд олон сонголт бүхий асуулт ирдэг. 

ЗӨВЛӨМЖ #3

Зөв хариултыг нь мэдэж байсан ч бүх хариултыг уншиж үзээрэй. Хэрэв хариултаа мэдэхгүй байвал түлхүүр үгээ ашиглан эх текстээс хариултаа хайгаад үзээрэй.

ЗӨВЛӨМЖ #4

Асуулт бүү алгасаарай. Зөв ч бай буруу ч бай ямар нэг хариулт сонгоорой. Учир нь алгассан гээд танд оноо нэмэгдэхгүй учир эргэлзээд ч хамаагүй нэг хариулт сонгох нь хамгийн зөв. 

Мөн аль хэдийн сонгосон хариултдаа эргэлзэж цаг алдах хэрэггүй. 

ЗӨВЛӨМЖ #5

Тестийн зарим асуултыг анх харахад эргэлзээ төрүүлж мэдэх юм. Тухайлбал цогцолборын гол санаа болон нарийвчилсан хэсгүүдийг тодотгож асуух тохиолдол бий. Ийм үед танд шалгалтаас өмнө олж авсан туршлага, дадлага хэрэг болно. Учир нь танаас “уншиж-ойлгох” чадвар шаардах ба иймэрхүү төрлийн асуултад хариулж сурсан байх хэрэгтэй.

ЗӨВЛӨМЖ #6

Стрессдэж өөрийгөө зовоох хэрэггүй. Аль болох тайван байгаарай. 

Стресс бол таны хамгийн том дайсан гэдгийг санаарай. Ямар ч саад бэрхшээл тулгарсан тайван байх хэрэгтэй. TOEFL-ийн унших хэсгийн шалгалтаас та гол мэдээллийг ялгах чадварт суралцах ёстой. Уншиж байх явцад мэдэхгүй үг таарах нь түгээмэл тохиолдол байдаг. Үгс хоорондоо хэлхэлдэж утга бүхий өгүүлбэр бүтээдэг тул танд мэдэхгүй үг тааралдсан ч өгүүлбэр болон цогцолборыг нь уншаад утгыг нь мэдэж авах боломж бий гэсэн үг. Тийм учраас шалгалтад бэлдэх явцдаа энэ аргыг туршиж үзээрэй. 

ЗӨВЛӨМЖ #7

Ойлгохгүй байгаа асуултаа орхиод дараагийн асуултан дээр ажилла.

Зөвхөн хэлний шалгалт ч бус бүхий л шалгалтын хамгийн чухал хүчин зүйл нь цаг хугацаа байдаг. Тийм ч учраас цагийн төлөвлөлтөө хийж сурах хэрэгтэй. Ялангуяа унших шалгалтын үеэр танд тийм ч их цаг байхгүй. Тиймээс мэдэхгүй зүйл дээрээ удаан бодож цаг алдах хэрэггүй. Орхиод дараагийн асуултруугаа ороорой. 

#TOEFL #Reading #Унших